Д.Эрболд: Төмс будсанаас хойш хүмүүс их хандаж байгаа

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Д.Эрболд: Төмс будсанаас хойш хүмүүс их хандаж байгаа

Монголд эрэгтэй нүүр будагчид ховорхон байдаг. Тэдний нэг нь Д.Эрболд юм. Түүний хувьд дуулна, зурна, хүмүүсийн нүүр будна гэхчлэн олон талын  авьяастай. Тэрбээр нүүр будагчдын дунд зохион байгуулагдсан “Beauty of Gezanne-2018″ уралдааны тэргүүн байрын эзэн бөгөөд одоогоор “Mild cosmetics”-тэй гэрээтэй ажиллаж буй. Салбарынхаа 200 гаруй залуусаас тэргүүн байр эзэлнэ гэдэг мэдээж амаргүй хэрэг. “Beauty of Gezanne-2017 тэмцээнд өрсөлдөөд шилдэг 10-аас хасагдсан. Харин 2018 онд зорилгоо биелүүлж түрүүлсэн” хэмээн ярьсан нь түүний шургуу, хөдөлмөрч занг батална. “Universe  best songs” тэмцээнд оролцсоноор нь мэдэх хүмүүс олон байх. Тэмцээний үеэр хасагдаад том, том нулимс унагаад уйлж байсан хүү өдгөө олонд танигдсан нүүр будагч болжээ. 


-Яагаад  нүүр будагч  болохоор шийдэв. Урлагт илүүтэй дурлаад явж байсан шүү дээ?

Анх 16 настайдаа 2011 онд “Universe best songs” тэмцээнд орж байлаа. Тасралтгүй дөрвөн жил оролцсон. Харамсалтай нь дандаа дөрөвдүгээр шатнаасаа хасагддаг байсан. Тухайн үед дуучин болно л гэж бодоод хасагдсан ч жил бүрийн тэмцээнд ордог байсан байх л даа. Тэгээд 2016 оны намар “Salt make-up” студийн сургалтад сууснаар өөрийнхөө юу хийх ёстойг, юунд дуртайгаа олж мэдээд аравдугаар сараас эхлээд “Salt make-up” студид ажилласан. Би нүүр будагч болоод хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлж, суралцсаар ирсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хоёр найзынхаа хамт нүүр будалтын салон ажиллуулах болсон. Одоо дуулах гэхээсээ илүү нүүр будах талдаа анхаарч ажиллаж байна даа.

-Хөрөг зураг маш сайн зурдаг гэдгийг чинь мэдэх хүмүүс олон бий. Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Би хөрөг зураад дөрвөн жил болж байна. 4-5 настай байхаасаа зураг зурж эхэлсэн гэж ээж ярьдаг. Би арван жилдээ ч зургийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байсан. Аравдугаар ангид байхдаа хар зургийн сонгонд сууснаар зурах арга барилаа олж авсан. Миний анхны бүтээл “Титаник” киноны Роузийн нүцгэн зураг. Эндээс л зургийн төрлөө олж, цааш урагшлах эрч хүчээ олж авсан. Би ихэвчлэн эмэгтэй хүний гоо сайхныг зурах дуртай. Хүмүүс унтсаны дараа чимээгүй орчинд дуртай дуугаа сонсонгоо зургаа зурдаг. Зураг зурах бүрдээ тодорхой хэмжээнд сайжирч байгаагаа мэдэрдэг.

МИНИЙ МЭДЭХЭЭР МОНГОЛД 3-4  ЭРЭГТЭЙ НҮҮР БУДАГЧ БИЙ

-Хөрөг зурахад хамгийн чухал зүйл юу юм бол?

-Хөрөг зурагт  нүдний харцыг сайн гаргах нь хамгийн чухал. Яагаад гэвэл хөрөг зураг хамгийн олон шүүмжлэгчтэй урлаг.

Байгалийн зураг, уулын оройг жаахан өөр зурчихвал хүн бараг анзаарахгүй. Гэтэл хөрөг зургийг гурван настай хүүхэд ч хараад адилхан эсэхийг хэлж чадна.

Нэг зураас буруу татахад натураасаа өөр болчих тал бий.  

-Нүүр буддаг хүмүүсийн дийлэнх эмэгтэй байдаг. Магадгүй хөрөг зурах болсноор гоо сайхны  салбар луу урвасан юм болов уу? 

-Нүүр будна гэж ерөөсөө бодож байгаагүй. Гэрийнхэн болон найз нөхөд маань анх сонсоод гайхсан. Эрэгтэй найзууд маань бүр их гайхсан. /инээв/ Яахын аргагүй гэнэтийн зүйл байсан байх. Анхандаа миний будалтыг хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж эмзэглэдэг байсан. Сүүлдээ авьяас, урлаг гэдэг талаас нь ойлгоод, зоригтой будсан өөрийнхөө зургаа инстаграм, фэйсбүүк хуудсандаа оруулах болсон. Мэдээж шүүмжлэх хүмүүс бий. Гэхдээ магтаж, урам өгөх хүмүүс илүү их байдаг.

Сүүлийн үед эрэгтэй хүмүүс нүүр будалтын сургалтад их сууж байна. Удахгүй манай салбарт шинэ залуус хүч түрэн орж ирэх байх. Миний мэдэхээр Монголд 3-4 эрэгтэй нүүр будагч бий. Харин эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүнээр нүүрээ будуулна гэхээр их сонирхолтой санагддаг юм шиг байна лээ. Хүмүүс их гоё хүлээж авдаг шүү. Надаар нүүрээ будуулаад гарсан бүсгүйчүүдийн дийлэнх нь сэтгэл хангалуун байдаг. Тэдний “Баярлалаа” гэсэн үгэнд нь л сэтгэл “цаддаг”.

ШИНЭЧЛЭЛ НАДАД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ

-Та бас уран сайхны киноны жүжигчдийн нүүр хувиргагч хийдэг. Сүүлд “Шөнө дундын яриа-2” киноны нүүр хувиргагчаар ажилласан гэж сонссон юм байна?

-Монголд киноны нүүр хувиргалтын тусгай эффект заадаг сургалт бараг байдаггүй. Би анх интернетээс бичлэгүүд үзэж өөр дээрээ будаж үзээд, бие даан сурч байсан. “Шөнө дундын яриа 2” киноны зураг авалт өнгөрсөн оны долоогоос есдүгээр сарын хооронд хийгдсэн. Миний ажилласан анхны кино учраас сурч мэдсэн зүйл ч олон байлаа. Багагүй туршлага хуримтлуулсан. Нүүр будахаас илүү киноны нүүр хувиргах нь сонирхолтой санагдсан.

-Нүүр будалт урлаг болтлоо хөгжиж байна. Нүүр будалтын шинэ санааг хаанаас авдаг вэ? 

-Залуу хүний хувьд бүтээлч байхыг эрмэлздэг. Зүгээр сууж чаддаггүй.

Өөрийнхөө нэг хийсэн зүйлийг дахиж хийх дургүй. Байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөхийг хүсдэг. Өөрийнхөө дотоод ертөнц, гадаад ертөнц гээд бүх л зүйлээс санаа авдаг.

Тухайн хүний нүүрний хэлбэрийг л зөв хуваарилж чадвал ямар ч будалт гоё болдог. Шинэчлэл надад ус агаар шиг хэрэгтэй. Шинэ хийсэн зүйлээсээ урам зориг, эрч хүч авдаг. Бусдаас өөр байхыг хичээдэг. Тэр хэрээр үүнийгээ бусдад мэдрүүлэхийг хүсдэг.

-Ингэхэд таны төмс будсан зураг цахим хуудаснаа “од” боллоо шүү дээ. Яагаад төмс сонгов?

Анх инстаграмаас төмс будаж байгаа бичлэгийг харж байлаа. Тэр бичлэгийг үзэхэд их хөгжилтэй санагдсан. Тэгээд гурван хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2019.01.04/ постоо оруултал төсөөлснөөс их хандалт авсан. Сүүлийн үед ажлаар холбогдож байгаа хүмүүс “төмс будсан зургийг хараад холбогдож байна” гэдэг болсон шүү.

НАДАД ГУРВАН ТОМ МӨРӨӨДӨЛ БИЙ

-Санаанаас чинь гардаггүй, сургамж болсон ямар үйлчлүүлэгчтэй таарч байв?

-2017 онд нүүр буддаг болоод удалгүй анхны зураг авалтад орлоо. Гэтэл модель маань миний будалтыг шууд голсон. Анх удаа тийм байдалд орж үзсэн болохоор санаанаас ерөөсөө гардаггүй юм. /инээв/ Түүнээс хойш нүүрээ будуулж байгаа хүнтэйгээ сайн ярилцаж ойлголцох ёстой гэдгийг ойлгож авсан.

Хийх ёстой ажил их байвч түүнийгээ хийлгүй хойш тавих үе тохиолддог. Зарим хүмүүс үүнээс гарах гэж яаж ч оролдоод чадахгүй бууж өгсөн нь бий. Танд  тийм зүйл тохиолдвол яадаг вэ?

-Хийх бүрэн боломж байгаа хэрнээ болж өгөхгүй байсаар дуу хийдэггүй дуучин, ном бичдэггүй зохиолч болчихдог шиг үү. Ер нь бол суугаад л хийхэд болчих зүйл шүү дээ.

Тэгэхдээ зарим хүнд санаа орж ирэхгүй тулгамдах үе байдаг байх л даа. Миний хувьд өмнө нь зүгээр л хийх зүйлээ хойш нь тавьдаг байсан. Гэхдээ тэр бол больчихож болдог зүйл.

Одоо надад хариуцлага талаасаа тэгж зүгээр суух цаг байхгүй. Ямар нэгэн байдлаар хийгээд эхэлсэн л бол зүгээр суух боломж олдохгүй гэдгийг би сайн мэднэ.

– Өөрийн мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцаж болох уу?

-Надад гурван том мөрөөдөл бий. Хамгийн эхнийх нь олон улсад танигдсан нүүр будагч болох. Удаах нь өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргах.

Сүүлийнх нь АНУ-д уран сайхны киноны нүүр хувиргагчаар суралцаж илүү мэргэжлийн болмоор байна. Тэгээд эх орондоо ирээд Монголын кино урлагийн нүүр хувиргалтыг өөр түвшинд авчрах зорилго тээж явна.

Хамгийн ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцвал энэ жил хүмүүсийн үзэх дуртай, олны ам сайтай байдаг нэг киноны нүүр будалтыг багаараа хариуцаж ажиллахаар болсон. Мэдээж одоохондоо киноны нэрийг нь нууцалъя.

Ярилцсанд баярлалаа.     

                   

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж