-Монгол-Тайландын тоглолт 6:2 онооны харьцаагаар манай хоккейчдын хожлоор өндөрлөв-
Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup of Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол-Тайландын багууд шалгараад байсан. Тэгвэл тус тоглолт энэ цагт өндөрлөж, 6:2 онооны харьцаагаар манай хоккейчид хожлоо. Тэмцээний аваргын төлөө гурван хожилтой АНЭУ, Тайваны багууд шалгараад байгаа. Тэдний тоглолт өнөө шөнө болох юм.
Тайваний Тайпэй хотноо болж буй “Challenge Cup of Asia-2015” тэмцээнд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао зэрэг таван улс оролцож байна.
Н.Мишигсүрэн дасгалжуулагчийн удирдлагад оролцсон манай хоккейчид эхний тоглолтод Макаогийн шигшээг 8:1-ээр хожсон ч АНЭУ (1-6), Тайваны (2-8) багуудад хожигдсон юм. Харин Тайландын баг мөн манай багтай адилхан амжилтыг үзүүлсэн. Тиймээс хоёр багийн хожсон нь хүрэл медаль хүртэх хариуцлагатай тоглолт өнөөдөр боллоо. Энэхүү тоглолтод манай хоккейчид 6:2 (3-0, 0-2, 3-0) оноогоор илүүрхэн өрсөлдөгчөө хожив.
Ийнхүү манай шайбтай хоккейн шигшээ баг “Сhallenge Cup of Asia” тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртэж байна.
“Challenge Cup of Asia-2015” тэмцээний дүн:
Алтан медалийн төлөө АНЭУ, Тайваны багууд өрсөлдөнө.
Хүрэл медаль: Монгол.
IV байр: Тайланд (2009, 2012 оны мөнгөн медальт.)
V байр: Макао.
Ч.БОЛОР