Чөлөөт бөхийн Алтан гранпри тэмцээний шувтаргын шат маргааш Азербайжаны Бакуд эхлэх гэж байна. Тус тэмцээнд манай эмэгтэй баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр Красноярскийн ОУТ-ээс эрхээ биелүүлэн оролцож байгаа бол Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ийн жинд урилгаар зодоглох билээ. Мөн Канад улсад ажиллаж амьдарч буй монгол дасгалжуулагч Найдангийн Лхамсүрэн суугуул нутгийнхаа шавь нарын хамт Бакуд хүрэлцэн очжээ. Түүний шавь Хайслан Гарсия 66 кг-д түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд багтаж байгаа юм.
Лхамаа багш тэндээсээ Унгарыг зорих аж. Дараагийн долоо хоногт Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын АШТ явагдах бөгөөд Лхамаа багшийн гурван унаган шавь тэнд хүч үзэхээр шалгарсан байна.
Б.Баатар