Жэйсон Момоа нь АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч, кино зохиолч найруулагч юм. Тэрбээр “Baywatch”, “Stargate Atlantis”, “Хаан ширээний тоглоом” зэрэг кинонуудын дүрээрээ алдаршсан. Харин одоо кино театруудаар гарч буй “Aquaman” киноныхоо гол дүрээр илүү их нэр хүндтэй болж байгаа юм. Тус кино нь “Box office”-ийг гурван долоо хоног дараалан тэргүүлээд байгаа төдийгүй супер баатруудын тухай өгүүлдэг кинонууд дундаас хамгийн их ашиг орлого олсон бүтээлээр шалгараад байна. “Aquaman”-ийн дүр нь “DC Comics”-оос эрхлэн гаргадаг супер баатруудын тухай комикст гардаг бөгөөд Жэйсон Момоа нь 2016 онд гарч байсан "Бэтмэн, Супермений тэмцэл: Шударга ёсны эхлэл” болон 2017 онд гарсан “Шударга ёсны нэгдэл” зэрэг кинонд мөн тус дүрийг бүтээж байжээ.
NEWS агентлаг энэ долоо хоногийн"ХҮМҮҮС" буландаа Aquaman буюу Жэйсон Момоаг онцолж байна.
БЛИЦ
Бүтэн нэр: Жозеф Жэсон Намакаэха Момоа
Төрсөн он сар өдөр: 1979.08.01 /40 настай/
Төрсөн газар: АНУ, Хавай мужийн нийслэл Хонолулу хот
Өндөр: 193 см, 106 кг
Орд: Арслан
Мэргэжил: жүжигчин, загвар өмсөгч
БАГА НАС
Тэрбээр Хавай мужийн нийслэл Хонолулуд 1979.08.01-нд төрсөн. Түүний аав Жозеф Момоа нь зураач, ээж Кони Лэнкэ нь гэрэл зурагчин мэргэжилтэй. Жейсоны аав нь Хавайн уугуул иргэн бол ээж нь Герман, Ирланд, уугуул Америк угсаатай хүн бөгөөд Жэйсон нь айлын ганц хүүхэд юм.
Эцэг эх нь бага байхад нь салж, хоёр тийш болсноор Жэйсон ээжийхээ хамтаар Айова муж улс руу нүүжээ. Тэрбээр бага байхын л спортод авьяастай байсан бөгөөд өдгөө ч ууланд авирах болон сүх шидэх спортоор хичээллэх дуртай. Жэйсон далайн биологийн чиглэлээр их сургуульд сурч байжээ. Тэрбээр аялах, шинийг эрэлхийлэх маш их дуртай бөгөөд оюутан байхдаа л дэлхийн талаар аялаж, Парист уран зурагт, Түвдэд буддын сургаалд суралцаж байжээ.
КАРЬЕР
Жэйсоны царайлаг төрх, чийрэг бие, өндөр нуруу зэрэг нь Японы зохион бүтээгч Такэо Кобаяашигийн анхаарлыг татсанаар 1998 онд загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхэлсэн байна. Тэрбээр загвар өмсөхийн хажуугаар далайн давлагаа дээр гулгах хэрэгсэл зардаг дэлгүүрт ажилладаг байв.
1999 онд Жэйсон 1300 гаруй хүн дундаас шалгарч, “Baywatch Hawaii” хэмээх телевизийн алдартай олон ангит кинонд анх тоглож байв. Тэрбээр “Baywatch Hawaii” киноны нийт 40 ангид тогложээ. Харин 2004 онд далай дээрх зураг авалт ихтэй “Хойд Эрэг” кино, инээдмийн төрлийн “Жонсоны гэр бүлийн амралт” кинонд туслах дүр бүтээсэн байна. Түүнчлэн 2005-2009 онд гарсан телевизийн олон ангит, шинжлэх ухааны зөгнөлт төрлийн “Stargate Atlantis” кинонд Ронон Дэкс гэх гол дүрийг бүтээжээ.
Нуруулаг, булчинлаг биетэй Жэйсоныг тухайн үед үргэлж Арнольд Шварцнейгертэй зүйрлэдэг байсан нь түүнд таалагддаггүй байв. Түүний 2010 онд тоглосон “Conan the Barbarians” кино Box Office-д өрсөлдөж чадаагүй, бүтэлгүйтсэн ч карьерт нь нөлөөлөөгүй бөгөөд тус ондоо тэрбээр HBO телевизийн шинээр эхлүүлэх томоохон төслийн дүр сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нь “Хаан Ширээний тоглоом” цуврал киноны Дотракигийн тэргүүн Хал Дрого байв.
Цувралын эхний хэсгүүдэд Хал Дрого нь Дэенерис Таргарян /жүжигчин Эмилия Кларк/-ыг эхнэрээ болгон авч, угсаа залгамжлагчтай болдог билээ. Хамгийн сонирхолтой нь Жэйсон нь Дрогогийн дүрд булчинлаг биеийнхээ ачаар бус сайн бүжиглэснээр сонгогдсон байна. Тэрбээр дүрийн сонгон шалгаруулалтад ирсэн олон өрсөлдөгч дундаас ялгарч харагдахын тулд Шинэ Зеландын үндэсний тулаант бүжгийг бүжиглэжээ.
Тэрбээр сайн талын дүрийг бүтээхийг хүсдэг ч үзэгчдэд түүний ширүүн дүр төрх илүү таалагддаг аж. Жэйсонд алдар нэрийг авчирсан бас нэг дүр нь 2016 онд нээлтээ хийсэн “Bay Batch” хэмээх уран зөгнөлт киноны гол дүр юм.
ХУВИЙН АМЬДРАЛ
Жэйсон “Baywatch:Hawaii” кинонд тоглох үеэрээ Симмон Макиннонтой танилцаж дотноссон аж. Тэд 2004 онд сүй тавьснаа зарласан ч гэрлээгүй бөгөөд 2006 онд салцгаажээ.
Симмон Макинноноос салаагүй байхдаа буюу 2005 онд тэрбээр жүжигчин Лиза Бонеттэй танилцжээ. Хосын харилцаанд Жэйсоны сүй тавьсан нь болоод 12 насны зөрүү огт саад болоогүйгээр барахгүй удаан хугацаанд үерхэж, хамт амьдарсны эцэст 2017 онд гэрлэсэн байна. 2007 онд тэдний охин Лола Лолани, 2008 онд хүү онд Накоа-Волф Манакауапо Намакаэха нь төржээ. Накоа гэдэг нь дайчин, Мана нь ухамсрын хүч Кауа нь бороо гэсэн утгатай бол хүү нь Лос Анжелест хүчтэй шуурга болсон өдөр төрсөн тул нэрд нь По буюу харанхуй гэсэн утгатай үгс оржээ. Түүнчлэн Жэйсоны эхнэр нь өмнөх гэрлэлтээсээ Зое Кравиц гэх охинтой байна.
Жэйсоний зүүн хөмсгөн дээрх сорви нь аль хэдийн түүний стиль имиджийг нь бүрдүүлдэг онцлог болжээ. Тэрбээр нэг удаа зодооны үеэр пивоны шилээр толгойгоо цохиулсанд шилний хэлтэрхий нь хөмсгөнд нь орсон аж. Азаар нүд нь гэмтээгүй өнгөрчээ.
Жэйсон Буддын шашинтай тул Түвдэд ойр ойрхон очихыг хичээдэг гэнэ. Тайван, дөлгөөхөн зантай түүний амьдралд шашин маш чухал үүрэгтэй. Харин чөлөөт цагаараа хүүхдүүдтэйгээ хамт байж гитар тоглох, ууланд авирах, дугуй, ролик унах дуртай.
Түүний амьдрал кино урлагтай нягт холбогдсон ч өөрөө кино огт үздэггүй төдийгүй компьютер, ухаалаг утас ч хэрэглэдэггүй аж. Харин ном унших маш их дуртай бөгөөд Японы шүлгүүдийг шимтэн сонирхдог гэнэ.
Тэрбээр 2016 оноос эхлэн “DC Comics”-ийн цувралуудад гардаг Aquaman-ийн дүрийг бүтээж эхэлсэн бөгөөд далай судлалын чиглэлээр сурч байсан болон Хавай арал дээр төрж өссөн нь нөлөөлснөөс ч тэр үү тус дүрийг маш чадварлагаар бүтээсээр иржээ. Харин 2018 онд “The Brave” болон“Aquaman“ кинонд тоглож эхэлсэн нь саяхан нээлтээ хийсэн билээ.
Холбоотой мэдээ