Төсөв нь хумигдсан ипотекийн зээл

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Төсөв нь хумигдсан ипотекийн зээл

Төсөв нь хумигдсан ипотекийн зээл

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Барилга, хот байгуулалтын яамыг онцолж байна.


Барилга хот байгуулалтын яам өнгөрөгч 2018 онд иргэдээ орон сууцжуулах чиглэлээр хоёрхон ажил хийжээ. Тодруулбал, “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг оны өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар батлуулж удаах нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын хэмжээнд 1542 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна.

2008 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийг Х.Баделхан сайд 2018 онд дөнгөн данган өл залгууллаа. Зээлийн санхүүжилтийг бууруулж Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг, Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийснээр сардаа 30 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж буй.  Үндсэндээ өнгөрөгч онд нийтдээ дээрх хөтөлбөрийн хүрээнд  6584 айлын  янданг цөөрүүлжээ.

Цагийн сайханд буюу 2008-2012 оны хооронд 42.6 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол  2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна. Тэгвэл дээрх тоо 2018 онд хэд дахин буурсан нь ипотекийн зээлийн санхүүжилтийг  хэмжээг бууруулсантай холбоотой. Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4.676 иргэнд олгосон бөгөөд үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2.768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1.908 иргэнд олгожээ.

ОУВС-аас энэ оноос эхлэн ипотекийн зээлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагыг тавьсан ч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар дангаараа дааж авч явж чадахгүй учир Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болсон. 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барина гэдгийг оны төгсгөлд  мэдэгдсэн. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан гэдгийг салбарын сайд нь онцолж буй. Гэвч ярих амархан, хийх амаргүй. Өмнө нь тэрбээр борлогдоогүй орон сууцыг төрийн албан хаагчдад олгоно, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулна, иргэд орон сууцаа түрээсэлж байгаад өмчилдөг болгоно зэрэг сайхан сайхан амлалтууд ярьсан ч  өдгөө энэ бүхэн салхинд замхарчээ. Улаанбаатарчууд утаандаа угаартаж байхад эсрэгээрээ  барилгын компаниуд нь хоосон, борлогдохгүй орон сууцаар хахаж байна. Байранд оръё гэхнээ иргэд нь худалдан авах чадамж үгүй, салбарын сайд нь бодлогогүйгээс үндсэндээ барилгын салбар уналтад орчихсон.

Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган  иргэн байгаа гэдгийг гаргасан ч  ипотекийн зээлийн хүртээмж бага байгаагаас сард ердөө 600-аас хэтрэхгүй иргэн тус зээлд хамрагдаж байгаа юм.

Зах зээлд байгаа борлуулагдаагүй орон сууцуудыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олох асуудлыг судалж байгаа гэж өнгөрсөн хаваржин яригдсан ч мөн л хоосон мөрөөдөл байлаа. Улсын хэмжээнд баригдаж байгаа 70  мянга гаруй  орон сууцнаас нийслэлд 59 мянга, орон нутагт 12 мянган айлын орон сууц баригдаж байна гэсэн тооцоо судалгаа бий. Эдгээрээс Улаанбаатар хотод байгаа борлогдоогүй орон сууцуудыг төр худалдаж авч зах зээлийн эргэлтэд оруулбал нийслэлчүүд утаанаас салах бүрэн боломж бий. Гэвч улс төрчид аливааг бизнесийн нүдээр хардаг нь манайд хөгжлийн том тушаа нь болж байна. Гэтэл гаднын олон оронд төр нь орон сууцаа барьж  иргэддээ хүүхдийнх нь тоогоор орон сууц үнэгүй өгдөг. Ингэхдээ унтлагын өрөөг өрөөнд тооцохгүйгээр манайхны хоёр өрөө байр тэнд гурван өрөө байртай тэнцдэг. Гаднын улс ингэж хүн амын бодлогоо дэмжихээс гадна иргэдийнхээ нийгмийн баталгааг  хангадгийн тод жишээ. Гэтэл манайд  үнэгүй өгөх нь байтугай түрээслүүлэхээс ч  харамладаг  ийм  л төр засагтай улс, бид. Х.Баделхан сайдаа салбартаа шинийг хэрэгжүүлэхгүй юм аа гэхэд гаднын туршлагаас судална уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж