Дэлхийн олимпод Монголыг төлөөлөх залуус тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн олимпод Монголыг төлөөлөх залуус тодорч эхэллээ

Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь олимпод эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчид эхнээсээ тодорч байна. Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид өчигдөр болсон цахилгааны шувтаргын тэмцээнд “Монгол ур чадвар-2014” тэмцээнээс шалгарсан П.Галбадрах, Б.Баянбаатар нар өрсөлдсөн. Өглөө 9:00 цагаас эхэлж бүтэн өдөржин үргэлжилсэн тэмцээний дүн орой 17:00 цагт гарлаа. Ил тод нээлттэй болсон тэмцээний үзэгчид нь Дархан-Уул аймагт цахилгааны мэргэжлээр сурч буй хүүхдүүд, мэргэжлийн багш нараас гадна дэлхийд өрсөлдөх эрхийг хэн авах бол хэмээн сониучирхсан хүмүүс байсан юм.

Оролцогчид тэмцээний өмнө эмчийн үзлэгт ордог юм байна. Эмч эрүүл мэндэд нь харшлахаар зүйлгүй хэмээн зөвшөөрөл өгсний дараа шүүгчдээс ажлын даалгавраа авч танилцаад шуудхан ажилдаа орсон. Хүүхдүүдийн ажил схем зургаа гаргахаас эхлээд хэрэгцээт материалынхаа тооцоог хийж, төсвөө гаргаад материалаа сонгох гэхчилэн бүгдийг олон улсын стандартад заасны дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй.  Тус тусдаа ажлаа гүйцэтгэх бүхээгийг урьдчилан бэлгэсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тэднийг хангасан нь ижил түвшинд эн тэнцүүхэн уралдах боломжийг бүрдүүлж чадсан байлаа. Ажил гүйцэтгэх хугацаа зургаан цаг. Дундаа нэг цагийн амралтын завсарлагатай. Энэ хугацаанд тэд хэн нэгэнтэй зөвлөж ярилцах боломжгүй. Бүгдийг бие дааж хийх ёстой. Даалгавраа тогтсон цагтаа багтааж амжаагүй нөхцөлд цагийг сунгах бөгөөд сунгасан 15 минут тутамд оролцогчоос таван оноо хасдаг зарчимтай аж.

Хоёр оролцогчоос П.Галбадрах ажлаа түрүүлж дууссан. Гэхдээ тогтсон цагт амжаагүй гэдгээр оноогоо хасуулж байв. Түүний хийснийг шүүгчид нэг бүрчлэн хэмжиж, гүйцэтгэлийг нь шалгасны дараа Б.Баянбаатарыг ажлаа дуусахыг хүлээсэн. Бүгдийг нэг бүрчлэн шалгаж гүйцээд хүчдэл өгч гэрэл асч, мотор ажиллах нь уу гэдгийг харах энэ тэмцээний оргил үе байдаг юм билээ.

Хоёр оролцогчийн хувьд ур чадвараар эн тэнцүү ч ажил гүйцэтгэх хугацаа яалт ч үгүй өөр байж таарсан. Тэмцээний дүнг шүүгчид танилцуулахад П.Галбадрах 121 оноо, Б.Баянбаатар 111 оноо авсан байлаа. Ийнхүү Дэлхийн ур чадварын олимпод Монголыг төлөөлөх багийн анхны гишүүн амжилттай тодорсон юм. Тэмцээний дараа оролцогчид болон, зохион байгуулагч, шүүгчийн сэтгэгдлийг сонслоо.


П.Галбадрах: Ажлаа сайн хийх хэрэгтэй, цагтаа амжих ёстой л гэж бодсон

Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улсыг төлөөлөх анхны эрхийг Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн цахилгааны хоёрдугаар зурсын оюутан Пүрэвсүрэнгийн Галбадрах авлаа. Тэрбээр энэ жил 18 настай. Ирэх зун Бразилийн Сан Паулуд болох Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд цахилгааны мэргэжлээр өрсөлдөх юм.

-Дэлхийн ур чадварын олимпод эх орноо төлөөлөн оролцох хамгийн эхний эрхийг авсанд баяр хүргье.

-Баярлалаа.

-Өнөөдрийн ажил хэр хүнд байв?

-Ер нь өмнө нь зөндөө л хийж байсан зүйл минь. Гэхдээ сандраад жаахан тооцоо алдсанаас дахиж хийхээс аргагүй болж цаг жаахан алдсан. Түүнээс хэцүү байгаагүй ээ.

-Чиний хийсэн энэ системийг хаана ашиглах боломжтой вэ?

-Малын фермд тэжээл өгөхөд ашиглах конвейр маягаар ашиглаж болно. Ер нь л жижиг аж ахуй эрхэлж буй хүмүүс ачаа бараа зөөх зорилгоор ч ашиглах боломжтой.

-Дэлхийн ур чадварын тэмцээний тухай сонирхож судалсан уу?

-Энэ жил тэмцээнд оролцох зургаан мэргэжлийн хүүхдүүдийг Солонгост бэлтгэл хийлгэсэн. Тэгэхэд их зүйлийг мэдэж авсан. Мөн интернэтээр өмнөх тэмцээнүүдийг бичлэгийг үзсэн.

-Чамайг тэмцээнд ялаасай гэж бүх сургуулиараа дэмжлээ. Чамд юу бодогдож байв?

-Ажлаа сайн хийх хэрэгтэй, цагтаа амжих ёстой л гэж бодсон.

-Цахилгаанчны мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Багаасаа л дуртай байсан. Манай аав, ах хоёулаа цахилгаанчин. Тэгээд ч амьдралд ойр мэргэжил шүү дээ.

-Аав ээж нь ирж тэмцээнийг үзсэн үү?

-Аав ээж хоёр хөдөө Өмнөговьд ажиллаж байгаа болохоор ирж чадаагүй. Найзууд, багш нар, хамт сурдаг хүүхдүүд л ирсэн.

-Хэзээ сургуулиа төгсөх билээ?

-Хойтон жил.

-Төгсөөд хаана ажиллах бол?

-Эндээ ШУТИС-д орно гэж бодож байгаа. Энэ мэргэжлээ цааш улам сайн сураад автын цахилгаанаар мундаг болно гэсэн зорилго өөртөө тавьсан.


Б.Баянбаатар: Ажлаа дуусаад унтраалга дарахад гэрэл асах тэр агшин л гоё

“Монгол ур чадвар-2015”-ын шувтаргын тэмцээнд аман хүзүүдсэн Болдбаатарын Баянбаатар Дорнод аймгийн Политехник коллежийн цахилгааны хоёрдугаар курсын оюутан. Хэдийгээр ур чадварын хувьд өрсөлдөгчөөсөө дутахгүй ч яльгүй жижиг алдаанаас болж цаг алдсанаас түрүүлэх боломжоо алдсан нь тун ч харамсалтай. Тэмцээний өдөр Б.Баянбаатаын 20 насны төрсөн өдөр тохиосон юм.

-Даалгавар хэцүү байв уу. Яагаад хугацаандаа амжсангүй вэ?

-Өмнө нь хийж байсан ажил ч алдаагаа хайж цаг алдсанаас болоод боломжоо алдчихлаа. Чухам хаана нь алдчихав гэдгээ тогтоохын тулд дахин дахин тавьж үзсээр байгаад.

-Тэмцээний даалгавраар хийсэн зүйлээ энгийн хүмүүст ойлгогдохоор тайлбарлаж өгөөч.

-Гэрэлтүүлгийн схем нь хамгийн товчоор бол хоёр унтраалгаар нэг гэрлийг аль ч талаас асааж унтраах боломжтой. Үүнийг агуулах, гарааш зэрэг хоёр тийшээ гардаг том обьект дээр ашиглаж болно.  Хөдөлгүүрийн хувьд барилга дээр гадна фасадны ажил хийхэд ачаа дээш доош зөөх зориулалттай дүүжин конвейр зэрэгт ашиглах боломжтойгоор хийсэн.

-Бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Тэмцээнд бэлтгэ гэж сургуулиас материал өгсөн. Тэр дагууд бэлтгэж байгаад энд ирээд үргэлжлүүлсэн. Энд ирээд бараг 21 хоносон. Амралтын өдрүүдийг хасаад арав гаруй хоног л бэлтгэл хийсэн дээ.

-Дорнодоос чамайг дэмжихээр хэн ирэв?

-Багштайгаа. Манай мэргэжлийн гурван багш байгаа. Надтай хамт ирсэн Мөнхбаясгалан багш минь миний үе чацуутан л даа. Намайг сургуульд ороход багш болж байсан. Тэгээд багшийнхаа анхны гарын шавь болсон. “Монгол ур чадвар-2015” тэмцээний сүүлийн шат хүртэл явж чадсан минь багшийн л ач. Хэдийгээр энд ирээгүй ч миний ард сургуулийн хамт олон, мэргэжлийн багш нар минь байгаа.

-Гэрээсээ хол хэцүү байв уу?

-Байрандаа ганцаархнаа байх л хэцүү байсан. Багш энд ирсэн хойно хэд хоног сургалтад явсан болохоор тэр хооронд ганцаараа үлдээд хоол ч хоолойгоор давахгүй амаргүй л байсан.

-Төгсөөд хаана ажиллахаа шийдсэн үү?

-Мэргэжлээ ахиулж цааш суръя л гэж бодож байгаа. Гэхдээ мэргэжлээрээ ажиллах санал ирвэл татгалзахгүй.  Багаасаа цахилгаанчин болно гэж шийдсэн тул энэ сургуулийг сонгож орсон. Шуудхан их дээд сургуульд орохоосоо өмнө мэргэжлээ эзэмшээд, сурч дадлагажаад нэг үгээр мэргэжлийнхээ сайхныг жинхэнэ утгаар нь амсч үзье л гэж бодсон.

-Цахилгаанчны мэргэжлийн сайхан нь юундаа байдаг юм бэ?

-Хамгийн гоё хэсэг нь ажлаа хийж дуусаад унтраалга дарахад л байдаг. Гэрэл асах тэр мөч хэчнээн сайхан гээч. Унтраалга дараад гэрэл асахгүй бол хамаг ажил нурна. Бүгдийг эхнээс нь хийх хэрэгтэй болно шүү дээ.


Ш.Мөнгөндуулга: Монгол хүн дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжтой гэдгийг харууллаа

“Монгол ур чадвар-2015” тэмцээнийг голлон зохион байгуулсан Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний коллежийн захирал Ш.Мөнгөндуулгын сэтгэгдлийг сонслоо.

 

-Монгол Улс Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх бүрэн эрхэт гишүүн болсноор ур чадварын тэмцээнийг үе шаттайгаар уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд манай сургуулийн хувьд цахилгааны мэргэжлийн уралдааныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Дэлхийн тавцанд ур чадвараараа өрсөлдөх монгол залуусыг тодруулах хариуцлагатай тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалтын бид салхийг хагалж, анхны эрхийг манай сургуулийн хүүхэд авсанд маш их баяртай байна.

Бид тэмцээний бэлтгэлийг хангахын тулд маш их ажил зохион байгууллаа. Мэргэжлийн шинэ лаборатори байгуулахаас эхлээд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламжтайгаар нийлүүлэх, тэмцээний сүүлийн шатанд өрсөлдөх хоёр хүүхдийн бэлтгэлийг эн тэнцүү хангуулах гэхчилэн олон зүйл хийсэн. Үүний үр дүнд монгол хүн чаддаг, монгол хүн дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжтой юм гэдгийг өнөөдрийн тэмцээнээр харуулж чадлаа. Хүүхдүүдийн өнөөдөр гүйцэтгэсэн ажлыг бид Дэлхийн ур чадварын өмнөх тэмцээнүүдийн даалгавруудыг эмхэтгэсэн номноос манай сургуульд ажиллаж байгаа хөгжлийн зөвлөх Дэвид Мойерын тусламжтайгаар сонгож хэд хэдэн хувилбараар бэлтгэсэн. Нэг үгээр дэлхийн тэмцээнд өрсөлдөхөд юу хийдэг вэ түүнийг л даалгавар болгож өгсөн гэсэн үг. Хүүхдүүд даалгавраа аваад тогтоосон цагт амжиж зураглал схемээ гаргаж, тооцоогоо хийгээд материалаа сонгож холболтуудаа хийхдээ хэн нэгний зөвлөгөө тусламжгүйгээр бие даан гүйцэтгэсэн.


М.Чулуунбаатар: Хүүхдүүдийн ур чадвар ийм өндөр байгааг хараад үнэхээр их баярласан

Тэмцээний ерөнхий шүүгчээр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын ерөнхий инженер М.Чулуунбаатар ажилласан. Түүнтэй хамт хөндлөнгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн инжнерчлэлийн салбарын ахлах Ж.Бат-Эрдэнэ, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн автоматикийн инженер Ж.Болд нар ажиллаж, сүүлийн шатны хоёр оролцогчийн ажлыг дүгнэсэн юм. Тэмцээний талаар ерөнхий шүүгч М.Чулуунбаатараас тодрууллаа.

-Дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөх хамгийн шадварлаг оролцогчийг шалгаруулах шүүгчдэд хэр хүнд байв. Та нарын төсөөлж байсанд хүүхдүүдийн ур чадвар хүрэхээр байв уу?

-Энэ тэмцээн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш гурван үе шаттай явж байгаа. Миний хувьд гурвууланд нь оролцсон. Тиймээс сүүлийн шалгаруулалтад гурван үе шат бэлтгэгдсэн сайн хүүхдүүд оролцох учраас шүүхэд амаргүй гэдгийг сайн ойлгож байсан. Үнэхээр ч тийм байлаа. Хүүхдүүдийн ур чадвар бидний үетэй харьцуулахааргүй өндөр болжээ. Тэмцээнийг зохион байгуулагчид, бэлтгэл хангаж байгаа суурь бааз маш сайн байсан нь шүүхэд эергээр нөлөөллөө.

-Ямар шалгуураар дүнг гаргасан бэ?

-Тэмцээнийг шүүх олон улсын журмын дагуу явууллаа. Тухайлбал, өнөөдрийн тэмцээнд гэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангаж ажиллаж байна уу гэдгээс эхлээд, өгөгдсөн хэмжээний дагуу хийж үү, холболтын ажлын чанар, эмх цэгц, схемийн ажиллагаа, даалгавар гүйцэтгэх хугацаа гэхчилэн олон шалгуураар тус бүрт нь нарийн хэмжиж оноо өгч шалгаруулсан. Ингэхэд хэдийгээр хоёр оролцогчийн ажил гүйцэтгэх ур чадвар эн тэнцүү ч нэг нь хугацаа алдсан учраас П.Галбадрах 121 оноо авч түрүүлсэн. Б.Баянбаатар 111 оноогоор удаалсан.

-Шалгарсан хүүхэд дэлхийн түвшинд өрсөлдөхөд хангалттай юу?

-Чадварын хувьд манай хүүхдүүд хэний ч дор орохгүй. Гэхдээ зарим нэг зүйл дээр засах, зөвлөх ажил байлгүй яах вэ. Мэргэжлийн хүмүүсийн хувьд бид тэмцээний бэлтгэлийн шатанд энэ ажлыг дуртайяа хийж өгнө.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэж байгаа боловсон хүчин шууд ажил дээр гараад мэргэжлээрээ ажиллах хэмжээний ур чадвартай болж чадаж байна уу?

-Манай Дархан, Сэлэнгийн бүст эрчим хүчний чиглэлийн сургууль олон. Гэхдээ эрчим хүчний байгууллагууд төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг шууд аваад ажиллуулна гэхээс үнэндээ бэрхшээдэг байлаа. Дахин сургах маш их үүргийг хүлээдэг байсан юм. Харин өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд, энд сурч байгаа хүүхдүүдийг харахад үнэхээр баярлалаа гэж хэлэхэд ч багадахаар нөхцөл байдалд хүрчихжээ гэдгийг ойлголоо. Энэ хүүхдүүд манайд дор хаяж гурван сар бэлтгэгдчихсэн, мэргэжлийн ажил дээр гарахад хангалттай хэмжээнд хүрсэн хүмүүсийн зиндаанд оччихсон байна. Тиймээс ийм хүүхдүүдийг ажилд авахад ямар ч асуудал гарахгүй. Ялангуяа тэмцээн уралдаанд оролцоод ур чадвараа баталчихсан хүүхдүүдийг сайн сурталчлаад өгвөл ажил олгогчид шүүрээд л авна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж