Засгийн газрын харьяа 11-11 төвийн утсанд өнөөдөр иргэдээс 40 орчим гомдол санал иржээ. Тэдгээрээс анхаарал татахуйц нь нийслэлийн дүүргүүдийн татварын байгууллагын үйлчилгээтэй холбогдож байгаа юм. Тус төвд хандсан №1503194007 дугаартай зочин “Улаанбаатар хотын дүүргүүдийн татварын байгууллагын үйлчилгээ маш муу байна. Би компанийнхаа ажилчдын тээврийн хэрэгслийн татварыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газраар төлөх гэтэл дүүрэг, дүүргийнхээ татварын хэлтэст төлдөг гэх юм. Нэг цэгийн үйлчилгээгээрээ энэ асуудлаа шийддэг болгох хэрэгтэй байна” гэжээ.
Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу тээврийн хэрэгслийн татварыг авто машины дугаарын сүүлийн орон тоог үндэслэж, тодорхой саруудад хураан авч төвлөрүүлж байх шинэ журам энэ сарааас эхлэн хэрэгжиж буй. Тэгвэл энэ асуудалд анхаарч, үйлчилгээг сайжруулахгүй бол иргэдэд чирэгдэл учруулсаар байж мэдэх нь.
Мөн тус төвд дараах гомдлыг иргэд ирүүлсэн байна. Үүнд:
№1503199952 Монгол Улсад үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад цагдаагийн байгууллагаас эдийн засгийн гэмт хэрэг үүсгэж их дарамталж байна. Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газруудаас компаниудын мэдээллийг хувийн болон албаны шугамаар олж аваад эрүүгийн хэрэг үүсгээд дарамт их үзүүлж, олон сараар хорьж цагдаж байна. Энэ асуудал нийгэмд яригдаж байгаа ч шийдвэрлэгдэхгүй байна.
№1503194514 Хороо дүүргийн нэн ядуу иргэдэд хоолны талон буюу 30 мянган төгрөг өгдөг. Гэтэл 2015 он гарснаас хойш өгсөнгүй. Хэзэнээс олгох вэ.
№1503192007 Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдын 2-р сарын цалинг одоог хүртэл олгохгүй байна.
№1503198223 Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 62-р сургуулийн захирал нарын маргаантай асуудлаас үүдэн багш нар нь ажил хаялт зарлаад хүндрэлтэй байна. Хүүхдүүд хичээл хийхгүй хоцрогдолд орж байна.Энэ асуудалд арга хэмжээ авч өгнө үү.
№1503195960 Лениний музейг буддын шашны музей болгож байгаад гомдолтой байна. Энэ шийдвэрээ болиулж өгнө үү. Дензаврын музейгээрээ үлдэх юм бол жуулчдыг их татна. Үүнийг холбогдох газар нь уламжилж хариу өгнө үү.
№1503193356 Хүнсний 1-р дэлгүүрийн урдаас 13:10 цагт машин ачихдаа эзэнд нь мэдэгдэхгүй ачиж байхад нь харсан хүмүүс нь “Утасдаж хэлээчээ” гэж шаардлага тавьтал бид хэлэхгүй гэлээ. Машин ачилтын асуудалд зохицуулалт хийж арга хэмжээ авахгүй бол тэмцэлтэй тулгарч магадгүй байна.
№1503196929 Цөмийн энергийн ерөнхий газар 2014 оны арванхоёрдугаар сард татан буугдсан. Гэтэл тэнд ажиллаж байсан ажилчдын 2015 оны нэгдүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байна. Энэ асуудлаас болж зээлэнд хамрагдаж чадахгүй иргэд хохирч байна. Асуудлын талаар яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
№1503194244 Төмөр замын дээд сургуулийн урд талын ТҮЦ-д байнга тамхи ширхэглэж зараад байх юм. Тамхины хууль зөрчиж байгаа газруудад арга хэмжээ авч өгнө үү
№1503190196 Машин түгжиж байгаа асуудлыг болиулж өгнө үү. 20 минут болоод гараад ирэхэд 20.000 төгрөг өг гэж байна. Үнэ тариф хэтэрхий өндөр байна.
№1503192689 Ерөнхий сайдтай уулзах хүсэлт. Ардчилсан намын ууган гишүүдийн нэг. Элэгний маш хүнд өвчтэй, орон байргүй тул айлуудаар хоног төөрүүлдэг. Ерөнхий сайдтай уулзах хүсэлтийг удаа дараа өгсөн боловч огт хариу өгөхгүй байна. Яаралтай надад хариу өгнө үү гэжээ.
Г.НАРАН