Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо гуравдугаар сарын 15-18-ны өдрүүдэд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Содномпэлжээ мөнгөн медаль хүртжээ. Түүний өрсөлдсөн 88 кг-ын жинд 12 орны тамирчин оролцсоноос Египетийн Х.Абделхади түрүүлсэн бол Азербайжаны Г.Исмайлов хүрэл медалийг хүртжээ. Энэ жингийн өрсөлдөөн гуравдугаар сарын 17-ны өдөр болсон байна.
VI дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд АНУ, Франц, Энэтхэг, Польш, Унгар, Малайз, АНЭУ, Монгол зэрэг 24 орны 133 орны тамирчид оролцжээ. 2016 оны паралимпийн наадамд оролцох эрхээ хангаад байгаа ОУХМ Э.Содномпэлжээ, дасгалжуулагч Ш.Энхсайханы хамт оролцсон юм.
88 кг: (12 орны тамирчин оролцсон)
Алтан медаль: Х.Абделхади (Египет)
Мөнгөн медаль: Э.Содномпилжээ (Монгол)
Хүрэл медаль: Г.Исмайлов (Азербайжан)
2015 оны Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэний дараа. АНЭУ, Дубай хот. 03.17
2014 оны ДАШТ-д VIII байр эзэлж, "Рио де Жанейро-2016" паралимпийн эрхээ авав. АНЭУ, Дубай хот, 2014.04.10
Э.Содномпэлжээ 2001 онд Монголын паралимпийн анхдугаар спартикадад оролцож, 52 кг-д алтан медаль хүртэж байжээ. Тэрээр 2010 оноос пара хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин болсон байна. Улмаар 2011 онд УАШТ-ий 66 кг-ын жинд 157.5 шахаж хүрэл медаль хүртэж, спортын дэд мастерын болзол хангаж байжээ. Үүнээс нэг жилийн дараа спортын мастер цолыг хүртсэн байна. Харин 2013 оны Азийн пара пауэрлифтингийн АШТ-ий 88 кг-ын жинд 25 орны тамирчнаас V байр эзэлсэн юм.
Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог байна. 2014 оны дөрөвдүгээр сард АНЭУ-ын Дубай хотноо болсон ДАШТ-д Э.Содномпэлжээ оролцож, 88 кг-ын жинд VII байр эзэлснээр "Рио де Жанейро-2016" паралимпийн наадамд өрсөлдөх эрхээ авчээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний 10 байрт орсон тамирчдад олимпийн эрхийг өгдөг юм.
2016 оны Паралимпийн эрхээ авсан Э.Содномпэлжээ “Инчён 2014” Азийн пара наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жиндээ хүрэл медаль хүртжээ.
Ч.БОЛОР