Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийн илрүүлэлтэд ахиц гаргах, цаашид зохион арга хэмжээний талаар дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дарга, дэд дарга нартай зөвлөлдөх уулзалтыг энэ оны 01 дүгээр сарын 08- ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Нийслэл хотын иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дарга нараас 144 санал, санаачлага гаргасныг нэгтгэн дүгнэж 12 ажлыг энэ онд хийж хэрэгжүүлэхээр тогтсон байна.
Мөн 2019 оныг Нийслэлийн хэмжээнд “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар, үр дүнд ахиц гаргах” жил болгох уриалга гарган, ажиллахаар болсон байна.
Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэхэд гэмт хэргийн тоон мэдээ өсч, илрүүлэлтийн хувь буурсан Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн үйл ажиллагаанд Мөрдөн шалгах газраас 2019 онд мэргэжил арга зүй, хуульч ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд ахиц гаргах зорилгоор дэмжлэг үзүүлж ажиллахаар болжээ.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР