ТББХ: УИХ-ын даргыг огцруулах Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

ТББХ: УИХ-ын даргыг огцруулах Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

ТББХ: УИХ-ын даргыг огцруулах Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд  Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх байсан ч Халдашгүй байдлын дэд хороо, Хуульзүйн байнгын хороогоор дээрх асуудал ороогүй байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулъя гэсэн саналыг  тус Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гаргалаа.


УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй байгаа нь хууль хяналтын үйл ажиллагаанд саад болж байна. Хэрэв 48 цаг нь  өнгөрөх юм бол энэ асуудлыг хэн хариуцах вэ. Халдашгүй байдлын дэд хороо  хуралдахгүй бол тус дэд хорооны гишүүдийг нь мөн авч хэлэлцмээр байна. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан гэж  гишүүдэд нь хариуцлага тооцъё. Халдашгүй байдлын дэд хороо заавал хуралдах ёстой гэв.

Хуралдааны эхэнд “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй  тул тус хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад 85.7 хувиар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн нэгдүгээр сарын 4-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа. Тус танилцуулгадХуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байна.Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй юм” гэлээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: Уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг чөлөөлөх гээд байгаа юм уу эсвэл огцруулах гээд байгаа юм уу. Хуулийн төслийг өргөн барих болсон  үндэслэл  шалтгааныг тодруулж өгөөч. Цаашид УИХ-ын гишүүд чуулганыг гацаагаад байх юм бол энэ хуулийн заалтаар даргыг нь солиод байх юм уу?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: Ерөнхийлөгч зүгээр байж байгаад энэ хуулийг  санаачлаагүй. Хууль тогтоох дээд байгууллагын ажил нь гацаад байгаа учраас л энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Огцруулах хуулийн төсөл биш, чөлөөлөгдөнө гэж хуульд тусгасан. Хуулийн төслийг хэрхэхийг УИХ шийднэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: Монгол Улс  Үндсэн хуульдаа парламентын засаглалтай улс орон гэж зааж өгсөн. Өнөөгийн үүсээд байгаа асуудалтай холбогдуулж Ерөнхийлөгч  уг хуулийн төслийг  оруулж ирлээ гэж ойлгож байгаа. Парламент дандаа нэг намын олонхи байхгүй л дээ. Цаашид  парламентыг бүрдүүлэх намуудын харьцаа нь мэдээж өөр өөр байна. Энэ тохиолдолд хуулийн төсөл хэр нийцэх вэ.  Хоёр жилийн өмнөөс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудал яригдаж ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Уг хуулийн төсөл батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн заалттай нийцэж байгаа юу?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: Үндсэн хуультай бүрэн нийцэж байгаа. Хэрэв парламентийн үйл ажиллагаа ингэж гацаагүй байсан бол Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлахгүй байсан. Ж.Мөнхбат гишүүн дарлааны тухай хөндөж байна. Харин ч дархлаагүй байгууллага нь Засгийн газар болчихсон.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: Энэ хуулийн төсөл бол өнөөдрийн системийн гажуудлыг засах ганц арга нь юм. Энэ төрийн гацаа сүүлийн нэг жил гэнэт үүсчихсэн асуудал биш. Сүүлийн 27 жилийн гажуудлын нөлөөгөөр бий болсон. Харин үүнийг зарим гишүүн ойлгож УИХ-ыг тараах тухай асуудлыг ч хөндөж байгаа. Монгол төрийн гацааг дурдвал олон бий.. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль магадгүй эмчилгээний нэг  хэлбэр байж магадгүй. Хуулийн төсөл батлагдлаа гэхэд бүх зүйл хэвэндээ орно  гэж бодохгүй байна.  Монголын төрийн ажлыг гацаанд оруулж байхаар эрх баригч намын гишүүд УИХ-ыг тараахад гарын үсгээ зурцгаа. Харин УИХ  тарахаасаа өмнө Эрдэнэтийн 49  хувь, Цагаан суварга,бусад ордуудыг  ард түмэнд авч өгчхөөд тарна шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:

-УИХ тарах ёстой. Ард түмэнд дараагийн дархлааг нь үлдээхийн тулд энэ УИХ-ыг тарааж дараагийн ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Зарчимтай байх ёстой. Эрх мэдлийн төлөө талцан хуваагдаж байгааг гайхаж байна. Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд зориулсан мөн хуулийн төслийг давхар оруулж ирээч. УИХ-ыг тараах бичигт Ж.Батзандан чи гарын үсгээ зураарай.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ:

-Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна. Нэг нэгийгээ гүтгэж доромжилж, үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээр дайрч байна. Хүнийг гүтгэх болохоор шүүх хамаагүй болчихдог. 2020 оноос хойш парламент байх юм уу, байхгүй юм уу.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-Сүүлийн үед над руу илтээр дайрч байгаа. Бүр гэр бүл рүү маань хүртэл орж байна. Төрийн ажил хуулийн хүрээнд явагдах ёстой  гэж би хувьдаа боддог. Энэ бүх яригдаж байгаа асуудлын үнэн худал нь тогтоогдож олон нийтэд бодитой мэдээллийг өгөх цаг нь ирэх байх. Идүүлсэн бут ургадаг гэж үг бий. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсгээ өгсөн. Би хуульзүйн үндэслэлтэй эсэхийг нягталж өгөөч гэж Төрийн байгуулалтын хороонд шилжүүлсэн.  Төрийн байгуулалтын хороо энэ асуудлыг УИХ-ын даргыг огцруулдаг таван үндэслэлд нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй асуудал учраас байнгын хороогоор хэлэлцэхгүй гэсэн.  Хууль хяналтын байгууллагуудын  үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой гэж би боддог.Гэвч сүүлийн үед бүх хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэслэлгүй  ярих болсон. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой. Аль нэг хуулийн байгууллагын даргыг би санаачилж санал болгож томилуулсан асуудал байхгүй. Уул уурхайн салбарын талаар хөндөж ярилаа. Би 2007 онд УИХ-д ДНБ-ний таваас дээш хувийн орлогыг олж болох хэмжээний 49 орд газрыг стратегийн орд болгоё гэж өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж байсан. 15 ордыг нь баталж бусдыг нь стратегийн орд болгохгүй гэсэн. Тухайн үед Асгатын ордыг ч гэсэн би өргөн барьж байсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар би хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан. Жагсаал цуглаан хийж яваад байгаа Л.Болд гишүүнд хүртэл би Бодь цамхаг баригдсан газрыг өгч байсан. Газар зарсан асуудал надад байхгүй. Тэрийгээ цагдаа, тагнуулаар шалгуул. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд би ажлаа хийсэн.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж санал хураахад байнгын хорооны гишүүдийн  100 хувийн саналаар дэмжигдлээ.

Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал түр завсарлалаа. Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн хуралдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж