Зохиолчдод дэлхийн стандартыг мөрдөж уран бүтээл туурвих  хэрэгтэйг сануулав | News.MN

Зохиолчдод дэлхийн стандартыг мөрдөж уран бүтээл туурвих  хэрэгтэйг сануулав

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Зохиолчдод дэлхийн стандартыг мөрдөж уран бүтээл туурвих  хэрэгтэйг сануулав

Зохиолчдод дэлхийн стандартыг мөрдөж уран бүтээл туурвих  хэрэгтэйг сануулав

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн баярт зориулан “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага “ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хуралд  үе үеийн зохиолч, яруу найрагчид болон утга зохиол судлаач,  шүүмжлэгчид, МЗЭ-ийн гишүүд оролцож монголын уран зохиолын өнөөгийн чиг хандлагын талаар  санал бодлоо солилцлоо.  “Монголын уран зохиол хөгжиж байна уу”, “Ер нь манай уран зохиол ямар үе шатлалыг дамжиж, хэрхэн хөгжиж ирсэн бэ”, “Монголын өнөөгийн уран зохиол ямар түвшинд байна вэ” гэх мэт  асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сүүлийн үед дэлхийд роман давамгайлж гарч ирэх хандлагатай болжээ. Ингээд романд мөрдөх стандарт тавих болжээ. Тухайлбал, роман нь 300 хуудсаас дээшгүй байх, 10 хуудаст нэг шинэлэг үйл явдал болох ёстой, хүүрнэлийг хоёр хуудсаас хэтрүүлж болохгүй зэрэг шаардлагууд тавих болжээ. Энэ нь ч цаг зав багатай болсон уншигчдын цагийг хэмнэх үүднээс мөрдөж буй стандарт гэнэ. Иймээс манай зохиолчид ч дэлхий нийттэй мөр зэрэгцэн дээрх стандартыг мөрдөж зохиол бүтээлээ туурвиж байхыг хуралд оролцогчид онцолж байлаа.

Түүнчлэн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үеийнхэн буюу одоогийн хүүхдэд зориулсан роман байх ёстойг хэлж байв. Тухайлбал, Оросууд өөрсдийгөө баавгайнаас гаралтай гэж үздэг бөгөөд Маша баавгайгаар төлөөлүүлж хүүхэлдэйн кино хийсэн шиг манайх ч гэсэн Гэсэр, Жангараар хүүхэлдэйн кино хийхгүй бол “Маша Миша хоёр”, “Харри поттер” үзчихээд байгаа хүүхдэд үнэг чоно хоёр шар тос олжээ гэж уншиж өгөхөөр сонирхлыг нь хэзээ ч татахгүй байгааг шүүмжилж байлаа.

Хурлын үеэр зохиолч, уран зохиол судлаач,  шүүмжлэгчдээс зарим зүйлийг тодрууллаа.


Г.БАТСУУРЬ: МАНАЙД РОМАН ГУРВАН ЧИГЛЭЛЭЭР ХӨГЖИЖ БАЙНА

/Уран зохиол судлаач, шүүмжлэгч/

-Сүүлийн үед монголын өнөөгийн уран зохиолын чиг хандлага тэр дундаа романы төрөл манайд илүү хөгжиж байгаа харагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Дэлхий нийтэд роман хүч түрэн орж ирж байна. Харин манайд гурван төрлийн романы шинж байдал харагдаж байгаа. Уламжлалт буюу хуучин романууд. Үүнд, Д.Цэнджавын цагаагчин гахай жил, МУСГЗ Д.Төрбат, МУСГЗ Г,Мэнд-Ооёо гуайн романууд гарсан. Дараагийн нэг төрөл нь хосолмол романууд байна. Үүнд, зохиолч Г.Аюурзана гол төлөөлөгч нь болно. Мөн зохиолч Ц.Буянзаяа, Б.Батрэгзэдмаа нарын бүтээл байгаа. Үүнд, эртний домог түүх уламжлал болсон явдал, шинэ цагийн бодит амьдрал зэргийг хольж бичсэн хосолмол маягтай байна. Дараагийн романы хандлага нь эмэгтэйчүүдийн буюу олон нийтийн. Эмэгтэйчүүдийн гэдэг нь эмэгтэй хүн бичдэг гэсэн санаа биш. Олон нийтэд зориулсан гэсэн үг. Үүнд, Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”,”Жаран цагаан хонь” зохиолч Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа зэрэг олон зохиолчдын бүтээл гарч борлуулалтаараа тэргүүлж байна. Үүнийг бид орхигдуулж болохгүй. Борлуулалт сайн байгаа. Энэ нь манай нийгмийн хандлагатай холбоотой гэж үзэж болох юм. XX зууны хоёрдугаар хагасаас эмэгтэй хүн эрэгтэй хүнгүйгээр бие даан амьдрах санхүүгийн болоод нийгэм эрхзүйн орчин бий болсон.  Иймээс ч шинэ цагийн уншигчид дээрх романуудыг унших болсон.

-Түүхэн кино зохиол, романууд эрэлттэй болсон байна лээ. Үүнийг та юу гэж хардаг вэ?

-Ялангуяа, манай улс шиг хүчирхэг байсан улс оронд түүх үнэн байх гэдэг шаардлагад нийцүүлэх ёстой гэдэг нь олон романуудаас ажиглагдаж байгаа.

-Одоо уран зохиол уншдаг түүнээсээ таашаал авдаг бэлтгэгдсэн уншигчид хэр олон вэ. Цаг нартай уралдаж ажил амьдралаа зохицуулж байгаа болохоор цөөрөөд байх шиг?

-Бидний хөгжлийн хандлага өөр байна. Нэг хэсэг хүн төрөлхтөн аман хандлагад итгэдэг, шүтдэг байсан. Түүний дараа цаас руу шилжсэн. Бичсэн зүйлээ гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулдаг болсон. Өнөөдөр бол дэлгэцийн эрин үе ирсэн. Цаасанд итгэхээ больсон. Наадах чинь эвлүүлэг, фотошоп байна гэдэг болсон. Хөдөлгөөн, дуутай амьд бичлэгт итгэдэг эрин үе ирсэн. Үүнд, уран зохиол зохицож явах ёстой. Түүнээс биш эрин үеэ шүүмжлээд биднийг заавал унших ёстой гээд тулгах хэрэггүй.

О.СУВДАА: ОРОН НУТАГТ НОМЫН БОРЛУУЛАЛТ БЭРХШЭЭЛТЭЙ БАЙДАГ

/Өмнөговь аймгийн залуу зохиолч/

-Уран бүтээл арвин уу. Баяртаа зориулж шинэ уран бүтээлтэй ирсэн байх?

-Би одоогоор гурван ном гаргаад байгаа. Хамгийн сүүлд “Эсрэг алслалт” гэсэн нэртэй номоо өлгийдөн аваад байна.  Орон нутагт номын борлуулалт бэрхшээлтэй байдаг. Хотод номын дэлгүүрт борлуулна гэхээр татвар нэхдэг. Тэгэхээр номын нээлтээ хийгээд дуудлага худалдаагаар зарах эсвэл танил тал найз нөхдөөрөө дамжуулж борлуулдаг.

-Номын борлуулалт байхгүй болохоор дараагийн уран бүтээлээ хийхэд бэрхшээлтэй байх. Уран бүтээл туурвихаас гадна ямар нэгэн орлогын эх үүсвэр бий юү?

-Миний хувьд номоо монгол бичгээр давхар гаргадгаараа онцлог юм. Ингэж  монгол бичгээр хэвлүүлэх давуу тал нь монгол бичиг дөнгөж сурч байгаа залуучууд уншдаг. Мөн Өвөрмонголын зохиолчидтой хамтарч ажиллаж байгаа учир Монголд ч Өвөрмонголд ч борлогдоно гэсэн үг.  Би аймагтаа бага ангийн багш. Ажлынхаа хажуугаар утга зохиол сонирхож өөрийн чадах хэмжээндээ уран бүтээл туурвидаг.

-Зохиолын санаагаа хаанаас олдог вэ. Хэн нэгэн захиалдаг уу эсвэл өөрөө л сэтгэдэг үү?

-Зохиолын санаагаа ахуй амьдрал, байгалийн сайхан, уул тал болон нийгэмд  өрнөж байгаа асуудал хүн чанар, хүний дотоод сэтгэхүйтэй гээд төрөл бүрийн зүйлээс санаа авч бүтээлээ туурвидаг.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж