Х.Цогбадрах: Бид л аврах ёстой гэсэн бодлоор ажлаа хийдэг

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Х.Цогбадрах: Бид л аврах ёстой гэсэн бодлоор ажлаа хийдэг

Х.Цогбадрах: Бид л аврах ёстой гэсэн бодлоор ажлаа хийдэг

Монгол улсын Шадар сайдын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 118-р тушаалаар  Онцгой байдлын алба хаагчид “Онцгой гавъяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох” тухай журмыг  баталсны дагуу 2018 оны Онцгой байдлын үйл ажиллагааны тайлангийн хурлын үеэр гурван алба хаагчийг тус шагналаар шагнаж, 16 сая төгрөгний мөнгөн урамшуулал олгосон юм. Эдгээр алба хаагчдын нэг болох НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах нь эр зориг, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь байж, Онцгой гавъяа байгуулсан алба хаагчаар тодрон, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна.

Өөрийн ажил алба, өргөсөн тангарагтаа үнэнч байж, сэтгэл зүрхээ бүрэн зориулж, энэ л албанд орсноороо бахархан ярих эгэл даруу аврагч залуутай хөөрөлдсөн энгийн ярилцлагаа танд хүргэж байна.

 -Хамт олныхоо манлайлагч, үлгэр дуурайлал нь болж “Онцгой гавъяа байгуулсан алба хаагч” болсонд тань халуун баяр хүргэе?

-Баярлалаа. Би Монгол улсын анхны Онцгой гавъяа байгуулсан аврагч болсондоо маш их  баяртай байна.  Энэ шагнал бол зөвхөн би өөрийнхөө хүчээр авсан зүйл биш, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж яваа хамт олон болон үе үеийн ахмад аврагч, дарга нарын маань хамтын ажиллагаа, хүч хөдөлмөрийн үр дүн юм.

-Онцгой гавъяа байгуулж, ард иргэдийнхээ амар амгалан байдлыг авран хамгаалагч эрхэм хүн та юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Намайг Халтарын Цогбадрах гэдэг 1982.01.27-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд айлын 8 дахь хүүхэд болж төрсөн. Одоо Улаанбаатар хотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Цэргээс халагдаж ирээд цэргийн хүн болно гэсэн хүсэл зорилгодоо хөтлөгдөн, 2004 онд Нийслэлийн аврах отьряд буюу одоогийн Нийслэлийн эрэн хайх аврах шуурхай салбарт ажилд орж, одоог хүртэл тасралтгүй 15 жил ажиллаж байна.

-Аврагч гэдэг бол хэн хүний хийгээд байдаггүй тэсвэр тэвчээр, зориг, ухаан  шаардсан ажил шүү дээ та яагаад энэ албыг сонгож ажиллах болсон бэ?

-Би  багаасаа л цэргийн хүн болох их сонирхолтой байсан. Тэр хүсэлдээ хөтлөгдөн явсаар нэг л өдөр энэ албандаа ажиллаж, цэргийн дүрэмт хувцсаараа гоёод, ард иргэдийнхээ аюулгүй  байдлыг сахин хамгаалан ажиллаж байгаа нь одоо миний ажил амьдрал, хүсэл мөрөөдлийн  минь утга учир нь болоод явж байна. Мэдээж амар хялбар ажил гэж үгүй, тэр тусмаа аюул ослоос хүмүүс  зугтаж байхад, бид түүнийг сөрөн явж байдаг нь бидний ажил юм. Аюул осолд өртсөн хүнийг аврана гэдэг маань өөрөө аз жаргал . Тэр ч утгаараа би энэ албыг сонгосондоо сэтгэл хангалуун байдаг.

-Аврагчийн албан үүргээ гүйцэтгэж байх энэ 15 жилийн хугацаанд танд хүнд, хэцүү, шантармаар санагдаж байсан удаа байгаа юу?

-Мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад аврагч, дарга нар болон хамт олон маань маш сайн зааж, сургаж, байнгын бэлтгэл бэлэн байдлын үндсэн дээр алдаа дутагдалгүй ажиллаж, ирсэн учир миний хувьд хүнд хэцүү санагдаж байсан зүйл байгаагүй.

–Ахмад аврагч, дарга нараа та ярьлаа л даа.  Тэр хүмүүсээс их зүйлийг сурч мэдсэн нь харагдаж байна. Та ч мөн адил шинэ залуу аврагч, алба хаагч нараа сургаж, олж мэдсэн туршлагаа зааж, зөвлөж байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Хэдийгээр бэлтгэл сургуулилат тухайн хүний мэргэжлийн ур чадвар байгаа ч гэсэн алдаж оносон туршлагаасаа байнга зөвлөж, санаа бодлоо солилцож  байдаг.

-Аврагч хүн гэж таны бодлоор ямар байх ёстой вэ?

– Таны хэлснээр тэсвэр, тэвчээр, зориг,ухаан шаардсан ажил боловч аврагч байхын тулд энэ бүхэн дээр нэмээд турглагатай байх нь байх хэрэгтэй. Тиймээс туршлагатай алба хаагчдын заавар зөвлөгөөг дагахын зэрэгцээ даргын тушаалаар нэгдсэн журмаар ажиллах үүрэгтэй. Тэгхээр аврагч хүн гэдэг бол зорьсон зорилго, өргөсөн тангарагтаа эзэн нь байж, аврал эрсэн хэнд ч гэсэн чин сэтгэлээсээ туслах зориг зүрхтэй хүн байх ёстой юм болов уу.

-Аврагч хүний ажлын нэг өдөр яаж өнгөрдөг талаар сонирхуулаач? Ихэнхдээ ямар төрлийн дуудлага ирдэг, амь тулсан аюултай нөхцөл байдлын үед юу бодогддог, бие болоод сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг гэх мэт…

-Нийслэлийн аврах анги 105 эрэн хайх шуурхай салбарын хувьд өвлийн цагт цас, мөсөнд суух, төөрөх, янз бүрийн ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлагаар ажиллаж, дуудлагагүй үедээ дадлага сургуулилт хийж байдаг. Зуны цагт гол төлөв үер усны дуудлагатай байдаг ба бүлэг хуваагдан, нийслэл хот орчмын гол усаар эргүүл хийж явдаг. Аврах ажиллагааны дуудлага аваад явж байх замдаа тухайн дуудлагын төрлөөсөө хамаарч, төлөвлөгөө боловсруулан бүлгийн дарга багийнхантайгаа ярилцахын зэрэгцээ цаг алдахгүйн тулд бэлтгэл бэлэн байдлаа ханган усны хувцас, хэрэгслээ өмсөх гэх мэтээр биеэ бэлдэж, эрдэнэт хүний алтан амийг аврах ёстой гэсэн бодлоор л ажлаа хийдэг дээ.

–Тийм шүү хүний амийг аврана гэдэг бол тэр хүнд дахин амьдрал бэлэглэж байна гэсэн үг юм. Энэ буянтай баатарлаг үйлсийг бүтээхдээ та хичнээн олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бол?

-Миний хувьд нарийн тоолж тооцоолсон зүйл байхгүй, харин 2018 оны байдлаар 235 хүний амь насыг авран хамгаалсан юм билээ.

-Хүний амийг аврана гэснээс усанд живж буй хүн сандарч тэвдэхдээ аварч байгаа хүнээ доош дарах юмуу цохиж, самардах байдал гаргадаг гэж сонссон. Энэ тохиолдолд аврагч өөрөө ч аюултай байдалд орох магадлалтай шүү дээ. Тэр үед ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Тиймээ айж сандарсан хүн тэгэх үе байдаг. Энэ үед аврагч маань өөрөө тайван байхын зэрэгцээ, тухайн хүнд  ойлгуулах боломж, цаг хугацаа байхгүй учир гарыг нь өчих, цохилт хийх гэх мэт хариу арга хэмжээ авч байж амийг нь аврах шаардлага тулгардаг.

-Уншигч олондоо сэрэмжлүүлэг болгох үүднээс, мөн аврагч хүний зүгээс хэлж, зөвлөх зүйл байгаа байх гэж бодож байна.

-Ер нь бол гамшиг ослын дуудлага нь байгалийн хүчин зүйлээс хамаарах тохиолдол байдаг ч ихэнх нь ард иргэдийн болгоомжгүй, сонор сэрэмжгүй, аюулгүй ажиллагаа хангаагүйгээс болж гардаг. Тиймээс иргэд та бүхэн өөрийн болон үр хүүхдийнхээ амь нас,  эд хөрөнгө үнэт зүйлсээ аюулд оруулахгүй байх нь танаас хамааралтай байдаг юм шүү гэдгийг хэмлмээр байна.  Хүн гаргасан алдаагаа давтахгүй, алхам тутамдаа анхаарал болгоомжтой байх нь өөртөө оруулж буй  хамгийн том хөрөнгө оруулалт бас амжилт юм.

-Ард иргэдийнхээ төлөө төрсөн мэт цаг наранд баригдалгүй ажилладаг аврагчийн маань ар гэрийг авч яваа итгэлт туслагчид бол мэдээж хайрт гэр бүлийнхэн нь байх.  Үүрэг гүйцэтгээд ирхэд нь гэргий 2 хүүхэд нь хэрхэн угтдаг вэ?

-Тэгэлгүй яахав, энэ ажил үүргийг гүйцтгэж , өнөөдрийн энэ эрхэм шагналын эзэн болсон минь ч хайрт гэргий, хүүхдүүдийн минь ач гавъяа гэж боддог. Албан үүргээ гүйцэтгэхээр явхад минь бид нэгнээ хорогдсон сэтгэлээр харж, гунигтайхан салдаг боловч маргааш гэртээ ирэхдээ хязгааргүй их аз жаргалыг мэдэрдэг юм…Миний хүү бас аавтайгаа адилхан аврагч, Онцгой байдлын албан хагч болно гэж байнга ярьдаг нь надад улам их эрч хүч, итгэл найдварыг өгдөг.

-Итгэл сэтгэл, эрч хүч, халуун дотно хайр ханхалсан сайхан яриа өрнүүлсэн Онцгой аврагч танд баярлалаа. Таны цаашдын ажил амьдрал болон аврагчийн их үйлсэд тань улам их амжилт, бүтээлийг хүсэн ерөөе.

-Танд ч мөн адил баярлалаа. Миний Монголын тэнгэр нь цэлмэг, газар зөөлөн, ус нь тунгалаг, урсгал нь дөлгөөн байж, ард олон минь гамшиг ослоос хол, амар амгалан байх болтугай гэж хүсэе.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж