Авлигачдыг цээрлүүлж, эдийн засгаа хөгжүүлж яваа

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Авлигачдыг цээрлүүлж, эдийн засгаа хөгжүүлж яваа

2018 онд манай гараг дээр хамгийн нөлөө бүхий 10 хүний дөрөвдүгээрт БНХАУ-ын дарга Си Зиньпинийг нэрлэжээ.


2012 онд Хятадын Төрийн тэргүүн болсноосоо хойш энэ улстөрч авлигатай хайр найргүй тэмцэх их аян өрнүүлж төрийн бодлогыг энд хандуулснаараа ард түмнийхээ дунд ер бусын нэр хүнд хүлээж эхэлсэн. Энэ бол улс төрийн нээлттэй бодлогын ач байсан. Хятадад анх удаагаа түүний ерийн ажлын нэг өдрийн тухай сурвалжилга хэвлэлээр гарч байлаа. Урьд өмнө нь БНХАУ-д ийм зүйл огт тохиолдож байгаагүй билээ.

Си Зиньпин 1953 онд төрсөн. 1962 онд Хятадын Төрийн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан эцэг Си Жунсюнийг нь намын эсрэг бүлэг хэмээн буруутган  1965 онд Хэнань муж руу цөлсөн байна. 1969 онд бяцхан Си Зиньпинийг ч гэсэн хятадын хамгийн ядуу Шэньси мужийн Яньчуань гацаанд дахин хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт илгээснээр  тэнд нүхэн гэрт амьдарч хүнд хөдөлмөр эрхэлж байжээ. Тоосгон дээр хөнжил дэвсэн хувинд бие засч, бясаанд бариулж  байсан тухайгаа Си хожим нь дурссан байдаг. Тэр 1971 онд Хятадын залуучуудын байгууллагад элсч дараахан нь эргэн ирэхийг нь зөвшөөрчээ. Ингээд л 1974 онд ХКН-д элсч, тосгоны намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1975 онд Цинхуа их сургуулийн хими-технологийн салбарт элссэн байна.

ҮРЭЛГЭН ЯВДАЛ, ХҮНД СУРТАЛТАЙ ТЭМЦСЭН НЬ

2012 онд Си Зиньпин ХКН-ын дарга болоод эхлүүлсэн шинэтгэл, бодлогын нь нэг гол зүйл авлигатай тэмцэх явдал байлаа. Тэр юуны өмнө албан тушаалтнуудад дараах найман зүйлтэй  шаардлага тавьж  ажлаа эхэлсэн. Энд

-Хоосон дүр үзүүлж улаан хивс дэвсч алга ташин сүржигнэхээ боль. Энэ бүхний араас тансаг хүлээн авалт, дуу хуур, цэцэг үргэлжилдэг.

-Арилжааны ямар нэг ажиллагаанд сүр болон оролцож тууз хайчилж ямар нэг зүйл нээхээ боль

-Гадаад аяллаа цөөлж олон хүн дагалдуулдгаа боль

-Баримт бичгийг олон нийтэд тодорхой ойлгомжтой гарга

-Зам хааж дохио хангинуулан урт цуваа дагалдуулахаа боль

-Хувийн пиар, чухал шаардлагатай л биш бол хэвлэлээр гарч сүржигнэхээ боль

-Намтар, дурсамж дуртгал гээд хувийн чанартай сурталчилгаагаа боль

-Хэмнэлт. Хувьдаа машин байр, аялал зугаалга гэдгээ боль

Түүний энэ зарчмыг албан тушаалтан түшмэлүүд бараг л тоглоом шоглоом мэт бодож хуучнаараа л байлаа. Тэд нөхцөл байдал огт өөр болж байгааг ойлгоогүй юм. Гэтэл шинэ бодлого ердөө л “нэг бол ёс суртахуун, эсвэл бууд” гэж тулгах нь тэр.

Ганцхан жишээ гэхэд л хятадын  өндөр үнэтэй зоогийн газруудад болдог тансаг хүлээн авалтыг Си дарга ердөө л нэг шөл, дөрвөн хоолтой байхаар заавардсан нь түшмэлүүдэд нэгийг бодогдуулж эхэлсэн байна. Си даргын эхний нэг жилд гэхэд л тансаг хүлээн авалт 30 хувь буурч, агаарын тээврийн нэгдүгээр ангиллын тасалбарын борлуулалт 10 хувь, тансаг байрны худалдаа 20-30 хувь буурав.

2013 он гэхэд холбооны  төсөв энэ бүхнээс 40 тэрбум, улсын хэмжээнд бүх шатанд 160 тэрбум ам.доллар хэмнэлээ.

АВЛИГАЧДАД ЦААЗ

Хятад төрийн албаны 70 сая ажилтантай. Гэтэл авлигатай тэмцэж эхэлсэн цагаас хойш 10 мянган түшмэлийг авлигын хэрэгт буруутган цаазаар авчээ. Зөвхөн 2018 онд л гэхэд 36 мянган албан тушаалтныг авлига авсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн шийтгэсэн байна. Хятадын бас нэг авч байгаа том арга хэмжээ бол улсын хөрөнгө завшаад юм уу, их хэмжээний авлига аваад гадаадад оргон зайлсан авилгачдыг эрэн сурвалжилж эх орондоо эргүүлэн авчирч байгаа явдал. 2014 оноос 2018 оны арваннэгдүгээр сар хүртэл нийт 4997 авлигачийг гадаад улс орнуудаас эх орондоо эргүүлэн авчирч тэдний завшсан 1.5 тэрбум орчим ам.долларыг улсын орлого болгоод байна. Эдний 1015 нь буюу гадаадад оргон гарагсдын 320 хувь нь төрийн албан хаагч, намын гишүүд байгаа юм.

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮСРЭЛТ

Өнгөрсөн зургаан жилд хятад 10 салбарт эдийн засгийн шинэтгэл хийсэн нь хөгжлийн гол тулгуур болсон гэж шинжээчид үзэж байна. Энд татварын тогтолцоо, санхүүгийн тогтолцоо, худалдаа, хил дамнасан хөрөнгө оруулалт, инноваци, өрсөлдөөн, төрийн байгууллага, хөдөлмөр, газрын харилцаанд хийж эдгээр шинэтгэлийг 2020 он гэхэд төгс болгож дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орон болно гэж байна.

Хятад улсын үсрэнгүй хөгжлийн шалтгааныг дараах байдлаар тодорхойлжээ

-Хятад хүн амынхаа ихэнх хэсгийг ядуурлаас гаргах зорилт тавиад ажиллаж байна. Ингэснээр хүн амын ядуурлыг найман хувь бууруулах юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн нийтдээ 800 сая хүнийг ядуурлын түвшингээс гаргана. Дэлхийн ямар ч улс түүхэндээ ийм зорилт тавьж, үүндээ хүрч чадаагүй байгаа юм.

-Эдийн засгийн байнгын өсөлт. Хятадын эдийн засаг жилд дунджаар долоон хувь өсч байна. Зарим жил эдийн засгийн өсөлт нь 13 хувьд хүрсэн тохиолдол бий. Барууны ямар ч орон ийм үр дүнд хүрч байгаагүй юм шүү дээ.

-Үйлдвэрлэлийн дэлхийн төв нь Хятад гэдэг зарчим үйлчилж Африкийн хөгжиж байгаа орнуудаас эхлээд АНУ хүртэл бараг бүх орон хятадын бараа, тоног төхөөрөмжийг импортолж байна. Үүний 90 хувийг хангадаг байна.

-Хувийн сектор хамгийн найдвартай түнш. Хятадын хувийн сектор улсад 36 хувь эзэлдэг атлаа ДНБ-нийхээ гуравны хоёроос илүү хувийг үйлдвэрлэж экспортын бүтээгдэхүүний 90 хувийг хангадаг байна.

“НЭГ БҮС, НЭГ ЗАМ” ТӨСӨЛ

БНХАУ нэг талаас эдийн засгийн хүрээгээ тэлэх, нөгөө талаар дэлхийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллөө нэмэгдүүлэх гол арга замаа “Нэг бүс, нэг зам” төсөл гэж үзэж байна. Си Зиньпин дарга 2013 онд Индонезид айлчлах үеэрээ дэвшүүлсэн энэ санаачилгын гол зорилго нь бүс нутгийн хэмжээнд хоёр талын болон олон талт харилцааны шинэ механизм бий болгох замаар олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн  шинэ хэлбэр Хятадын оролцоотойгоор  төлөвшүүлэх явдал гэж байна.

Хятадын албан ёсоор мэдээлж байгаагаар “Нэг бүс нэг зам” төсөл Евроазийн ихэнх хэсгийг хамарч хөгжиж байгаа орнуудыг холбох юм байна. Энэ төсөлд манай гарагийн нийт хүн амын 63 хувь нь амьдарч, эдийн засгийн цар хүрээ нь 21 их наяд ам.доллар болж байгаа юм.

Энэ хүрээнд Торгоны замын эдийн засгийн бүс төслөөр Евроазийн төмөр замын магистрал барих замаар Европын Ази номхон далайн орнуудтай холбож ачааг Суэцийн сувгаар дамждагаас хугацаа 50 хувь хэмнэх, найдвартай болгохоор төлөвлөөд байгаа юм. Ингэснээр асар их хөрөнгө хэмнэнэ, ашиг ч нэмэгдэнэ.

Хятад-Казахстан-Москва гэж яваад Москвагаас цааш Минск-баруун европ гэх юм уу, Санкт-Петербургээс Скандинавын орнууд гэсэн хоёр чиглэлээр европт хүрэх энэ төслийн санхүүжилт болгож Хятад өөрөө 40 тэрбум ам.доллар гаргаж байгаа бол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Евроазийн эдийн засгийн холбоо санхүүжүүлэх юм.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж