САЙН МЭДЭЭ: Хавдартай өвчтөнүүд байрлах төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

САЙН МЭДЭЭ: Хавдартай өвчтөнүүд байрлах төвтэй боллоо

Хавдартай өвчтөн байрлах "Дарь эхийн өргөө" төвийн нээлт /2019.01.09/

Орон нутгаас ирэх хорт хавдартай өвчтөнүүдэд хотод ирж эмчлүүлэхэд орон байрны асуудал тулгардаг. Өвчтэй хүнийг асран хамгаалагчтай нь удаан хугацаагаар байлгах айл  тун ховор. Тэгвэл өнөөдөр /2019.01.09/   хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх тусгай зориулалтын иж бүрэн тохижуулсан анхны төвийн нээлт боллоо.


Хавдрын тохиолдлын тоо Монгол Улсад жил бүр нэмэгдэх хандлагатай байна. 2017 оны байдлаар  зургаан мянга гаруй хүн хорт хавдраар оношлогдож, 18 мянган хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад эмчлүүлж байна. Мөн нийт хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг боловч орон нутагт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломж хязгаарлагдмал хэвээр байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн

“Хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээний гол цөм нь Улаанбаатар хотод буюу Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрч байгаа. Манай төвд жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган хүн эмчлүүлээд гардаг. Эдгээр хүмүүсийн 51 хувь нь хөдөө орон нутгаас ирж, эмчлүүлсэн гэдэг судалгаа бий. Хорт хавдрын эмчилгээ нь энгийн мэс засал шиг тэр даруйд нь гэрт нь хариулдаггүй. Эмчилгээний хугацаа урт удаан, химийн  эмчилгээ гэхэд 40-45 хоног үргэлжилнэ. Тиймээс ийм өвчтөнүүдэд байрлах байр, тав тухтай орчин маш чухал. Төрийн бус байгууллагын зүгээс энэ ажлыг санаачлаад, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна” хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн эмч ярилаа.

“Дарь эхийн өргөө” нэртэй шинэхэн төв нь нэг дор нийт 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах боломжтой. Өвчтөнүүдийн байрлах өрөөнөөс гадна урлагийн сэтгэл заслын өрөө, гал тогоо, амралтын өрөө гээд нийт 14 өрөөтэй.

Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан

Энэ үеэр Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан ярихдаа “Орон нутгаас ирж байгаа хорт хавдартай өвчтөнүүд асран хамгаалагчтайгаа сарын хугацаанд байрлах боломжтой. Мөн өвчтөнүүдэд сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх боломжтой. Бид өрөөний байрлалаас хамаарч нэг хүн өдрийн 10-20 мянган төгрөг орчим үнэтэй байхаар тооцоолж байгаа. Зарим байгууллагад хамтран ажиллах хүсэлт тавьсан. Хэрэв шийдэж чадвал үнээ бууруулж, аль болох бага зардлаар үйлчлэх болно. Манай төрийн бус байгууллага 2017 оноос эхлэн анх Австрали улсад 14 хүн сарын хугацаанд туршлага судалсан. Үүний хүрээнд жилийн хугацаанд 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн бэлэн болон бэлэн бус нийт 130 сая орчим төгрөгийн хандивыг цуглуулж, шинэ төвөө нээж байна” гэв.

ОХУ-ын Эрхүү мужийн Хавдар судлалын төв нь 60-80 хүний багтаамжтай дотуур байртай байдаг аж. Тэр байрандаа орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээнийхээ явцад байрлаж, биеэ тэнхрүүлдэг байх жишээтэй. Энэ төрлийн үйлчилгээ нь Канад Австрали, Америк, Англи, Малайз, Энэтхэг зэрэг олон оронд үйлчилдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаар "Улаанбаатарын агаар, орчны бохирдол болон хөндлөнгийн бусад зүйлсээс шалтгаалсан өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Засгийн газраас эхлээд холбогдох байгууллагууд шат дараатай арга хэмжээ авч буй ч үр дүн тааруутай байгаа. Тиймээс нийслэлийн ИТХ-аас ХСҮТ, хавдрын өвчлөлийг бууруулахаар үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтарч, Улаанбаатар хотыг олон улсын хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна. Үүнд хамрагдсанаар 3-5 жилийн хугацаанд хавдрын эмчилгээ, оношлогоо, илрүүлэлтэд мэдэгдэхүйц ахиц гарна. Энэ хүрээнд өнөөдөр "Дарь эхийн өргөө" төвийг нээж байна. Хавдрын тохиолдол жил ирэх тус нэмэгдэж, ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед ийм байрыг нээж буй нь цагаа олсон ажил боллоо гэж болно. ХСҮТ-өөр эмчлүүлж буй хүмүүсийн 50 орчим хувь нь орон нутгийн иргэд байдаг учраас байрлах байр, сэтгэлийн дэм их хэрэгтэй. Олон улсын жишигт нийцсэн эл байрыг ашиглалтад оруулснаар өвчтөнүүд гэртээ байгаа мэт орчинд эмчлүүлэх боломж нээгдэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж