“Уул уурхайн салбар дандаа л муу хэлүүлээд байх юм. Муу муухай болгоны үүр уурхай мэтээр зарим нь ойлгоод байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл байгалийнхаа баялгийг ашиглах л болно. Гагцхүү зөв зохистой харьцах явдал. Ер нь уул уурхай бол ухсан нүх биш гэдгийг ард түмэнд ойлгуулах цаг болжээ. Тэгэхгүй бол асуудлыг нэг өнцгөөс харах гээд байна. Ийм байж болохгүй л дээ” хэмээн өгүүлж суугаа хатагтай бол “Монполимет” группийн захирал С.Энхтуяа. Монгол Улсын эдүгээ ашиглаж байгаа бүхий орд газруудын техник, эдийн засгийн тооцоо судалгааг хийлцсэн эрхмийг “Чухал хүн” буландаа урьсан юм.
Аавын баруун гар
С.Энхтуяа захирлын хүүхэд насны дурсамжийг сонсч суухад төрсөн бодол минь энэ. Тэрбээр нэртэй эдийн засагч Санжсүрэн агсны ууган охин нь. Санжсүрэн гуайг түмэн андахгүй. БНМАУ хөдөө аж ахуйгаа хэрхэн өөд татаж хөгжүүлэх талаар баримтлах төрийн бодлогыг боловсруулахдаа энэ эрхмийн гаргасан тооцоо судалгааг үндэслэсэн гэдэг.
Ажил хөдөлмөр талаасаа хожмын өдөр ч дуурсагдах үйлстэйн адил хүн чанар,сайн эцэг гэдгээр нь 40 мянгатынхан ч мэддэг. Ийн хэлэхийн учир ханиасаа эрт хагацсан идэр насны эр гурван үрээ хүн болгохын төлөө нойртой хоносон цөөн гэцгээх юм билээ, Санжсүрэн агсныг сайн мэдэх хөгшчүүл. Харин өвгөн буурал эцэг нь үр хүүхдүүддээ үлдээсэн өврийнхөө дэвтэрт “Том охин Энхтуяагаа түшиж тулаагүйсэн бол би гэдэг хүн амьдралыг яаж давж туулах байсан юм бол доо.
Хорвоо надад сайхан охин бэлэглэжээ. Ерөөсөө миний гурван үр хүмүүний ертөнцөд ховорхон заяах амьд эрдэнэ юм. Аав нь цаг хугацааны жамаар одохдоо ээжийн тань өмнө нүүр бардам зогсох болно” хэмээн дотоод сэтгэлээ илэрхийлэн үлдээсэн нь ямархан хүн байсныг илтгэх мэт. Энхтуяа маань аавынхаа талаар өгүүлэхдээ нүдэнд нь гялтгасан нулимсныхаа чийгийг хурууныхаа өндгөөр сэмхэн арчаад “Миний аав Улаанбаатарын унаган иргэн.
Ээж маань Завхан аймгийнх. Аав маш нямбай, маш зөөлөн хүн байлаа. Шөнө сэрэхэд л дүү нарын хувцсыг угаах эс бөгөөс индүүдээд зогсч байдагсан. Хувцас маань энд тэндээ урагдсан харагдвал тэр дор нь оёно. Гараар мөртөө яг машинаар оёсон юм шиг ойр ойрхон шаглахыг нь яана. Аав надтай яг л том хүнтэй ярьж байгаа юм шиг л ярина, зөвлөнө. Ингэвэл зөв үү, буруу юу гээд л. Одоо бодох нь ээ, их л итгэл хүлээлгэж байж.
Бас ангийн багш Долгоржав маань надтай их ойр байв. Манай байрны хөгшчүүл ч бид гуравт их сайн. Аавын эзгүйд бид гурвын нэг нь өвдвөл гүйж орж ирээд л тариа хийнэ, арчилж сувилж өгдөгсөн. Ийм сайн эцэг, сайхан сэтгэлтэй хүмүүсийн дунд өссөн бид гурав эхгүй, өнчиний зовлонг амсаагүй шахам.
Дотоод сэтгэлийн шаналалыг эс тооцвол шүү дээ” хэмээсэн. Тэрүүхэндээ цоглог нь аргагүй инээх, шавилхан агаад ялдамхан энэ эмэгтэй доороо хоёр дүүтэй. Дүү нараа өсгөлцөж, ээжийнхээ оронд ээж байх үүргийг 13 насандаа хүлээсэн Энхтуяа охин лаборатори нэгдүгээр сургуулийг онц дүнтэй төгссөн цөөн хүүхдийн нэг. Улсын уралдаант шалгалтад өндөр оноо авч гадаадын их, дээд сургуулиудаас дуртай хуваариа сонгох эрх өмнө нь нээлттэй байсан ч тэрбээр аав, дүү нартаа хоргодон МУИС-ийн математикийн ангийг сонгожээ.
Арван жилийн сурагч байхын л тооны хичээлд толгой цохих түүнд их сургуулийн хичээл тийм ч хүнд байгаагүй гэнэ лээ. Их сургуулийн хоёрдугаар дамжаанаас л Энхтуяа сургууль хамт олондоо хүндлэгдэн, Сүхбаатарын нэрэмжит онц сурлагатан болжээ. Сурахын төлөө хичээл зүтгэл гаргасан нь их амьдралын босго алхахад нь ч гүүр болж, хэн бүхэнд хаалга нь нээлттэй байдаггүй Геологи, уул уурхайн хүрээлэн тэр дундаа уул уурхайн эдийн засгийн сектор Их сургуулиа улаан дипломтой төгссөн салаа гэзэгтэй жаахан шар охиныг тосон авсан төдийгүй эдүгээ Уул уурхайн салбарын магнатууд хэмээгддэг шинжлэх ухааны доктор Я.Гомбосүрэн, Г.Дэжидмаа, С.Авирмэд,ч М.Дамдинсүрэн, Ж.Бямбаа нарын удирдлага дор ажиллах боломжийг олгосон гэдэг. Цаг хугацааны хүрдийг эргүүлэх аваас 1980 он дурайх вий.
Монгол Улсын эрдэс баялгийг тоо хувилбарт шилжүүлсэн математикч
Эдүгээ Монполиметийн хэмээн овоглогдож буй ч уул уурхайн салбарын акулууд энэ эрхэмсэг хатагтайг ийн тодорхойлох нь бий. Үүнийг тайлбарлах аваас тухайн үеийн БНМАУ-ын эрдэс баялагт Геологи, уул уурхайн хүрээлэнгийн эдийн засгийн секторын эрдэмтэн докторууд техник, эдийн засгийн бүхий л тооцоо судалгааг хийсэн байдаг. /1998-оноос өмнөх бүх ордуудын хайгуулын болоод ашиглалтын ТЭЗҮ/.
Чадварлаг, чадалтай хамт олны дунд Энхтуяа маань ажиллаж, математикч мэргэжлийг эзэмшсэнийхээ ид хавыг харуулсан байж таараа. Энэ тухай математчикч хатагтай “Геологи, уул уурхайн хүрээлэнгийн Уул уурхайн эдийн засгийн сектор бол уул уурхайн ТЭЗҮ боловсруулах үүрэг хүлээсэн групп юм. Улсын аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээлэл дээр ажилладаг учраас маш өндөр хариуцлага хүлээдэг байлаа, бид.
Манай хамт олны боловсруулсан техник, эдийн засгийн тооцоо судалгаа одоо ч үнэ цэнэтэй хэвээр байгаа нь бахархахгүй байхын аргагүй зүйл л дээ. Нэг зүйлийг сонирхуулахад, одоо техник, эдийн засгийн үнэлгээ гээд ганц зүйл хийдэг болж. Тухайн үеийн Геологи, уул уурхайн хүрээлэнд нэг ордын үнэлгээг гурван үе шаттайгаар боловсруулна.
Эхлээд тухайн орд дээр эрэл хайгуул хийчихээд техник, эдийн засгийн саналыг гаргаж үнэлнэ, дараа нь ТЭЗС-аар ашигтай гарсан бол хайгуул хийх зөвшөөрөл олгоод үүний дагуу урьдчилсан хайгуул хийгдэнэ. Үүний дараа ТЭЗУҮ буюу Техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээг боловсруулж, гурав дахь шатанд ТЭЗҮ хийгдэж, ордыг ашиглалтад бэлтгэнэ. Ийм үе шаттай байлаа. Шаардлага иймээс тэр үеийн ордууд үр ашгаа их өгдөг байсан юм болов уу. Одоо ийм дамжлага байхгүй болчихсон бололтойдог. Жишээ хэлье л дээ.
Эрдэнэт, Багануурын орд газрыг дагалдаад хот, тосгон боссон. Энэ бүхний тооцоог бид гаргадаг байсан гэсэн үг. Үр ашгийг нь маш сайн тооцсон учраас Эрдэнэт, Багануур өдгөө ч нийгэмд үр ашгаа өгсөөр байгаа шүү дээ. Бас нэг зүйлийг онцлоход, манай Авирмэд дарга чинь их мундаг хүн байсан. Бид райончилсон үнэлгээ гэж ашигт малтмал тус бүрээр гаргана. Тухайлбал, Заамарын район, Баянхонгорын алтны шороон ордын районы конденцийг нэрлэе. Районы конденци гэдэг нь район бүрт үнэлгээ өгдөг байсан гэсэн үг. Одоо ийм үнэлгээ өгдөг эсэхийг мэдэхгүй юм” хэмээн өөрийн бодлыг хуваалцсан. Үүнийг нь уул уурхайн салбарынхан анхааралдаа авчихад гэмгүй мэт санагдсаныг онцлох юун. .
Уулын мастераас уурхайн захирал
С.Энхтуяа захирал уул уурхайн салбарт амьдралынхаа 35 жилийг зориулжээ. Мэдээж эл тооны 18 нь “Монполимет” гэх уул уурхайн салбарт нөхөн сэргээлтээрээ зартай аж ахуйн нэгжтэй хувь заяагаа холбосон он жилүүд эзэлнэ. Өөд өөдөөсөө харан ярилцан суух тэр агшинд дотор хүн маань “С.Энхтуяа захирлаас “Монполимет” группийг сонгосон талаар асуухаа мартав” гэж шивнээд байлаа.
Бидний яриа хөврөн хөвөрсөөр өнөө сэтгэл гижигдсэн зүйлийн талаар ярих мөч ирэхэд зочин маань ”Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн, шилжилтийн хүнд хэцүү цагт эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэтгэх, салгах, татан буулгах тухай асуудал яригдаж эхлэх үед манай секторыг төсөв хөрөнгө муутай гэдэг үндэслэлээр татан буулгасан юм. Гэвч бид ажилгүй болохын зовлонг эзэмшсэн мэргэжлийнхээ буянаар эдлээгүй.
Хүрээлэнг татан буулгах тухай яриа гарахтай зэрэгцээд бидэнд ажлын маш олон санал ирсэн. Тэдэн дундаас “Монполимет” группийг сонгосон. Ц.Гарамжав гэх эршүүд, дайчин эмэгтэйгээр удирдуулсан миний хамт олон тухайн үед ч уул уурхайн салбарт өөрийн байр суурийг хэдийнэ эзэлсэн байлаа. Тэр үед Гармаа маань уул уурхайн салбарт хувийн хөрөнгө оруулалтаа хийж, ашиглалтын лицензээ авчихсан, компаниа байгуулчихсан байсан. Дээр нь манай группийнхэн бүгдээрээ түүнийг мэддэг, танина.
Тийм учраас л манай секторынхон, Авирмэд дарга маань хамт олноороо очих нь зөв гэх шийдвэрийг гаргасан хэрэг. Нөгөөтэйгүүр, бидэнд онолоор олж авсан мэдлэг, туршлагаа практикт хэрэгжүүлэх боломж олдсон гэж хэлж болно. Ингээд л бид хувийн секторынхон болсон төдийгүй шинэ ажлынхаа гарааг Заамарын алтны уурхайг ашиглахаас эхэлсэн. Авирмэд дарга маань биднийг удирдана. Би гэхэд угаах төхөөрөмжийг хариуцах жишээний.
Одоогийнхоор бол уулын мастераар ажиллаж байж. Яавал нөөцөө бүрэн дүүрэн ашиглах вэ гээд л бидэнд санаж, сэдэж хийх зүйл их байсан. Тэгээд Гармаа маань юун түрүүнд техникээ сайжруулах хэрэгтэй гээд дэлхийд алдартай уул уурхайн техникийг цогцоор нь Монголд оруулж ирсэн. Хувийн хэвшлийнхнээс анхы тохиолдол шүү. Үүгээр бид уурхай ямар байдгийг харуулж чадсан.
Сайхан хамт олноор хүрээлүүлнэ гэдэг их хувь заяа
Өдөр би энэ үгийнхээ үнэ цэнийг мэдэрч амьдарч байна даа хэмээн С.Энхтуяа захирал хамт олныхоо тухай өмнөтгөл болгож хэлсэн. Хүүхэд насаа, оюутан ахуй цагаа, идэр насаа хотод өнгөрүүлсэн түүний хувьд хэдэн бор гэрээс өөр нүдэнд торох зүйлгүй эзгүй талд ажиллаж амьдарна гэдэг эхэндээ тийм ч таатай санагдаагүй нь мэдээж. Гэвч сайн хамт олон, хийж бүтээхийн хүсэлд автсан залуус бодлоос нь салгаж чаджээ.
Эсгий гэрээ тохилог сууцаар сольсон, хоолны танхимтай болсон, биеийн тамирын заалаа ашиглалтад оруулсан цаашлаад хотхон байгуулсан гээд баярт мөчүүд эдүгээ зүүд мэт санагдавч бүхнийг “Монполимет” группийн залуус өөрсдөө бий болгосон гээд залуусаараа бахархах түүний харцанд аандаа оч адил гэрэлтээд явчихсан. Тэрбээр цааш нь “Манай хамт олонд бусдад гайхуулах зүйл олон бий.
Драг гэх алтны салбарынхны үнэт зүйл болох техникээ оруулж ирээд орос инженерүүдээр угсруулсан. Одоо бид бусдын техникийг урилгаар угсардаг боллоо. Баасандалай зөвлөхийг та бүхэн мэдэх байх. Энэ хүн Монголын уул уурхайн салбарт хаана л бол хаана уригдаад явж байна. Ийм мундаг хүмүүс ажиллаж байна даа, манайд. Бидний бахархах бас нэг зүйл бол нөхөн сэргээлт.
Ашиглалт явуулсан талбайдаа байгалийн болон техникийн нөхөн сэргээлтийг чухам бид л бүрэн утгаар нь хийж буй. Манай Гарамжав олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлтийг маш сайн хийх ёстой, унаган төрхийг нь сэргээх, бүр илүү болгох ёстой шүү гэдэг юм.
Манайх нөхөн сэргээлтийг 1998, 1999 оноос хийж эхлүүлсэн. Гэтэл хүмүүс саяхнаас хийж эхэлсэн юм шиг ойлгоод байх юм. “Монполимет” групп Улсын тэргүүний нөхөн сэргээгч компани. Үүгээрээ манайхан бахархдаг. Нөхөн сэргээлтийг техникийн нөхөн сэргээлтээр ойлгож болохгүй. Бид цаашдаа улс ардын аж ахуйн эргэлтэд оруулах чиглэлийг баримталж буй. Техникийн нөхөн сэргээлт бол бидний хийх ёстой ажлын нэг болсон.
Техникийн дэвшлийг ч нөхөн сэргээлтэд ч ашигладаг болсон. Өнгөрсөн намрын байдлаар 60 мянган мод тарьжээ. Тэгтэл тарьсан модоо хэрхэн яаж услах вэ гэдэг асуудал тулгарч, БНСУ-аас дуслын усалгааны системийг оруулж ирсэн. Түүнийгээ үр тарьсан талбайдаа хүртэл ашиглаж байгаа. Сүүлийн жилүүдэд нөхөн сэргээсэн газраа яаж ашигтай байлгах вэ, ашиглахын тулд ямар байх ёстой вэ гэдэгт анхаарал хандуулж, жимс жимсгэний аж ахуй байгуулж, хүмүүст өгье гэж бодоод хэрэгжүүлсэн. Мөн цэнгэг нуур байгуулан улсад бүртгүүлсэн. Өдгөө нуурыг маань амралт зугаалгын бүс болгоё гэж орон нутгаас санал тавьсан тул тэр дагуу тохижуулж байна.
Тун удахгүй ашиглалтад хүлээлгэж өгөх цементийн үйлдвэрийнхээ техник тоног төхөөрөмжийг инженер техникийн ажилчид маань угсарсан. Монгол хүний оюуны чадамж ямар байдгийн нотолгоо энэ мөн биз дээ” хэмээн тэрүүхэндээ гайхуулаад авав. Үнэхээр тийм юм хойно, толгой дохиж суухаас өөрөөр яалтай билээ.
Ийн бидний ярилцлага өндөрлөсөн юм. “Монполимет” групп, тэр дундаа уул уурхайн салбарын ноён оргилуудын нэг болж яваа хоёр бүсгүйг зорин ирэх гадна, дотны зочид хүлээж байгаа болохоор би ганцаараа Энхтуяаг захирлыг “өмчилж” болохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн зарим талаар тэднийг манлайлан, зам мөрөө өөрийн хүч оюунаар бичиж буй бүсгүйтэй уулзаж, сэтгэл рүү нь өнгийх сайхан байлаа.
Хоёр бүсгүй нэгэн үе өөрсдөө болгож бүтээхийн төлөө зүтгэдэг байсан бол өдгөө залуустаа итгэл хүлээлгэн,санаж сэдсэн бүхнийг нь дэмжин,Монголдоо байтугай дэлхийн алтны салбарт жишиг аж ахуйн нэгж болохын төлөө зүтгэж яваа хамт олны маргаашийн тухай бодлыг сонсч бусдад түгээх нь нэр төрийн хэрэг.
Компаниас гарах үед Герман улсад зохиогдох экспо үзэсгэлэнд залуучуудаа оролцуулах тухай асуудал яригдаж байлаа. Залуус нь хөгжвөл групп нь цаашлаад Монголын уул уурхай хөгжинө гэж үздэг С.Энхтуяа захирлын тухай өгүүлэхэд ийм байна. Уншигч та ч гэсэн эл эгэл бүсгүйг зориод очоорой. Нүднийхээ шилийг баруун гараараа баг зэрэг засангаа инээмсэглээд л угтах вий.
Эх сурвалж: www.mminfo.mn