Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад хэргийн яамны ёслолын танхимд боллоо. Энэхүү шагнал гардуулах арга хэмжээнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга, Гадаад хэргийн яамны дэд сайд Н.Оюундарь нар болон монголын оюуны соёлын хүндтэй төлөөлөгчид хүрэлцсэн ирсэн байв.
Энэ жил анх удаа олгогдож буй “Билигт гүүш” орчуулгын бүтээлд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд орчуулагдан олны хүртээл болсон 21 орчуулагчийн 40 бүтээл ирсэн байна.
Хоёр жил тутамд олгогдох “Билигт гүүш” шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн “Солиот”, Орхан Палиукын “Хар домог” романыг оруулсан нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн шалгарлаа. Тэрээр “Солиот” романыг орос хэлнээс, “Хар домог”-ийг англи хэлнээс орчуулжээ. Энэхүү шагналыг цом, 3 сая төгрөг дагалдсан юм.
Мөн “Билэгт гүүш” шагналын тусгай байрт орчуулагч Д.Болдбаатар, Ж.Нэргүй нар шалгарлаа. Орчуулагч Д.Болдбаатар “Хятадын эртний сонгодог зохиол”, “Гурван улсын үлгэр” хятад хэлнээс орчуулсан роман, Афган гаралтай зохиолч Халед Хоссени “Цаасан шувуу наадуулагч”, “Мянган нарны цацраг”, “Уулсын цуурай” англи хэлнээс орчуулсан романаар, Ж.Нэргүй “Алтан ордоны яруу найраг” яруу найргийн, С.Есенин “Сонгомол шүлгүүд”, “Италийн сэргэн мандалтын үеийн туурвилууд” орос хэлнээс орчуулсан орчуулгын бүтээлээрээ тус тус хүртлээ.
Энэхүү тусгай шагналыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан юм.
Монголын Соёл, Яруу найргийн академи, “Гэндэндарам сан” хамтран зохион байгуулж буй “Билигт гүүш” шагнал цаашид хоёр жил тутамд нэг удаа олгогдох юм.
Энэ жилийн анхны шалгаруулалтад ирсэн 21 орчуулагчийн 40 бүтээлийг нэр хүндтэй мэргэжлийн баг хоёр үе шаттайгаар шүүн хэлэлцэж тодруулсан байна. Цаашид “Билигт гүүш” шагнал уламжлал болон явагдах бөгөөд хоёр дахь удаагийн шагналын эзэн 2017 оны дэлхийн яруу найргийн өдрөөр тодрох юм.
Баруун гар талаас "БИЛИГТ ГҮҮШ" шилдэг орчуулгын шагналын анхны эзэн нэрт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн, энэхүү шагналыг санаачлагч Ж.Гэндэндарам.
“Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналыг бий болгосон Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарам нь 1929 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн өдгөө 86 настай. 1962 оноос эдүгээ хүртэл орчуулах, туурвин бүтээх ажлыг тасралтгүй хийж Энэтхэгийн Хинди хэлнээс 29 ном зохиол, Англи хэлнээс 11 ном зохиолыг Монгол хэл уруу орчуулж, Монголын зохиолчдын 31 бүтээлийг Англи хэл уруу орчуулж ном болгон хэвлүүлжээ. Орчуулгын бүтээл нь нийтдээ 418 хэвлэлийн хуудас болсны дотор 70 гаруй мянган мөр шүлгийг орчуулсан байна.
Ж.Гэндэндарам хинди хэлнээс Энэтхэг дахины их туульс болох “Таван сургамж” /Панчатантра/, “Шакундала” жүжиг, “Шрирамачандраан тууж” /Раамяан/, “Номын мөр” /Дармапада/, “Махабхарата” болон “Бхагаватгита” зэрэг сонгодог 27 уран зохиолыг, мөн англи хэлнээс “Монголын эзэн Чингис хаан болон түүний үр сад”, Ж.Ж.Сандерсын “Монголын байлдан дагууллын түүх” зэрэг номуудыг орчуулж уншигчдын талархал хүлээсэн нэрт дуун хөрвүүлэгч билээ.
“Билигт гүүш” шагналыг цаашид хоёр жилд тутамд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон орчуулгын уран зохиолын номоос сонгож, нэр дэвшүүлэн, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шилдэг бүтээлийг шалгаруулан нийтэд зарлаж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж байх юм.
“Билигт гүүш” орчуулгын бүтээлийн шагнал нь одоогийн жишгээр манай улсад уран зохиолын бүтээлийг хөхүүлэн дэмждэг шагналын дээд түвшингөөс дээгүүр байгаа бөгөөд шагнал нь Монголын Соёл Яруу Найргийн Академийн дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу олгох билгэдлийн цом, диплом 2,500 ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал байх юм. Энэхүү мөнгөн шагналыг нэрт орчуулагч Ж.Гэндэндарам өөрөө санхүүжүүлж байгаа юм.
“Билигт гүүш” шагналын анхын шалгаруулалтад 2010-2014 оны хооронд хэвлэгдэн нийтийн хүртээл болсон орчуулгын бие даасан бүтээлүүдээ уран бүтээлчид ирүүлжээ. Энэхүү шагналын хоёр удаагийн эзэн 2017 оны Дэлхийн яруу найргийн өдрөөр тодрох бөгөөд 2015, 2016 онуудад олны хүртээл болгосон орчуулгын бүтээлүүд нэр дэвших юм.
Номын буян арвижих болтугай.
Ч.БОЛОР