Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МСҮТ-д суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталжээ.Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос сэтгүүлчид тодруулахад тэрбээр “Тэтгэлгийн хэмжээг тогтоох, тэтгэлэг олгох журмыг хэлэлцүүлж батлууллаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагад 35 мянган залуучууд суралцаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлэх, суралцаж байгаа залуучуудад тэтгэлэг олгодог байх, дотоодод эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилчдыг дотоодоосоо хангадаг байх зорилтууд туссан. Энэ зорилтуудыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газар энэ оны төсөвт мэргэжлийн боловсрол,сургалтын төвд суралцагсдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор 41 тэрбум төгрөгийг тусгасан” гэлээ.
Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-д суралцаж байгаа 35384 залуучуудад энэ оны нэгдүгээр сараас эхлээд сар тутам 100 мянган төгрөг олгохоор тогтоож, журмыг баталлаа. Энэ нь өмнө хэрэгжүүлж байсан журмаас хоёр зүйлээс онцлог. Өмнө нь МСҮТ-д суралцаж байгаа залуучуудад 45-70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан. Энэ удаагийн шийдвэрээр сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Мөн тэтгэлэг олгохдоо 24 хүртэл насны залууст тэтгэлэг олгодог насны хязгаар байсан. Энэ удаад насаар нь хязгаарлаж олгох нь буруу. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Энэ дагуу МСҮТ-д суралцаж байгаа нийт залууст тэтгэлэг олгоно. 24 хүртэл насны 26869 залуус байна.Энэ журмыг тендэр сонгон шалгаруулалтаар, арилжааны банкаар дамжуулж дансанд нь хийнэ. Мөн сурлага болоод ирцээс нь хамаарна” гэв.
Холбоотой мэдээ