Сөүлд Монголын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Сөүлд Монголын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас Солонгосын гадаад хамтын ажиллагааны сан (Korea Foundation)-тай хамтран зохион байгуулж буй “Талын салхи” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 18-нд Сөүл хотноо болов.

Үзэсгэлэнг Элчин сайд Б.Ганболд нээж, Солонгосын гадаад хамтын ажиллагааны сангийн дэд захирал Юн Кым Жин баяр хүргэж үг хэлэв.  Арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газар хэлтсийн удирдлагууд, БНСУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд нар, Монгол судлалын нийгэмлэгийн удирдах гишүүд, Монгол Улсын Өргөмжит консулууд, Монголтой хамтран ажилладаг КАЛ, KOGAS, ПОСKO, Дэрим, Халла зэрэг компанийн төлөөлөл, Данкүк, Гадаад хэлний их сургуулийн монгол хэлний тэнхимийн багш, оюутнууд болон Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн, дипломат ажилтнууд оролцов.  

Монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн сайхныг тод томруунаар дэлгэн харуулсан үзэсгэлэн Сөүл хотноо анх удаагаа зохион байгуулагдаж, түүнд манай шилдэг гэрэл зурагчдын 70 гаруй бүтээл тавигдсанаас хоёр орны харилцааны болон Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийн түүхэн ховор зургууд  мөн багтсан байна.  

Үзэсгэлэнгийн нээлтийг Солонгосын дотоодын хэвлэл мэдээллээр өргөн сурталчилж, өдөр тутмын “Чосөн илбо”, “Korea Times” сонин, Монголын “Өдрийн сонин” тусгайлан сурвалжлав. Үзэсгэлэн 3 дугаар сарын 28 хүртэл Korea Foundation-ы үзэсгэлэнгийн танхимд арав хоног үргэлжлэх бөгөөд уг арга хэмжээг зохион байгуулах ажилд манай ГХЯ, БСШУЯ, Монголын Уран зургийн галерей дэмжлэг үзүүлж, Солонгосын Хийн корпораци (KOGAS), Өргөмжит консулууд ивээн тэтгэлээ.

Энэхүү соёлын сурталчилгааны арга хэмжээ нь Монгол Улсын өнөөгийн хөгжил болон хоёр орны харилцааны ач холбогдол, ололт амжилтыг Солонгосын олон нийтэд сурталчлахын зэрэгцээ хоёр орны ард түмнүүдийн харилцан ойлголцолыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үйл явдал болов.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж