Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдана
Мөн дэд хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалт болон Хуульзүйн байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн байсан ч дэд хорооны хуралдааны шийдвэр гараагүй учраас ийнхүү товлогдсон байнгын хорооны хуралдаан маргааш болтол хойшиллоо. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг тухайн гишүүн өөрөө байхгүй учраас хэлэлцэж болохгүй бөгөөд УИХ энэ асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Солтаныг маргааш өглөө гэхэд ирсэн байхыг УИХ-ын Тамгын газраас мэдэгдсэн байна. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо маргааш дахин хуралдах юм.
Д.Дамба-Очир: Ганцхан намайг түдгэлзүүлснийг асуулаа
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тайлбар өгөөд гарч ирлээ. Тэрбээр, "Би өөрийнхөө тойргийн компанийг дэмжээд өгөөч гэсэн бичиг явуулсан. Тэр асуудлыг л ярьж байна. Би прокуророос яагаад 30 гаруй гишүүд бичиг явуулсан, мэдүүлэг өгсөн байхад ганцхан намайг түдгэлзүүлж байгаа юм бэ гэж прокуророос асуулаа. Ямар ч хариу тайлбар хэлэхгүй байна. Тэр бичиг явуулсан компани надтай ямар ч хамааралгүй. Харин бусад гишүүдийн хувьд өөрийнх нь хамаарал бүхий компани байх шиг байна. Энэ талаараа би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ч хэлсэн, сая ч хэллээ" гэсэн тайлбар өглөө.
Л.Энхболд: Улс төрийн зорилгоор энэ асуудлыг оруулж ирлээ
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Л.Энхболд гарч ирж, тайлбар өглөө. Тэрбээр, "Надад банк бус санхүүгийн байгууллага байгаа ч түүгээр ЖДҮХС-аас зээл авсан зүйл байхгүй. Ер нь бол улс төрийн зорилгоор ингэж байна. Түдгэлзэхэд асуудалгүй, гэхдээ энэ асуудлыг намын нөхөдтэйгөө ярьж шийдвэрээ гаргана. Надтай холбогдож байгаа компани нь "Хас говь транс" гэдэг компани холбож байгаа юм байна. Гэхдээ тэр компанитай би ямар ч хамаагүй" гэсэн тайлбарыг өглөө.
Б.Ундармаа: Би түдгэлзээд шалгуулахад бэлэн байна
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Б.Ундармаа гарч ирлээ.
Тэрбээр "Прокурорын байгууллагаас Үндсэн хуульд зааснаар УИХ-д танилцуулсны дагуу энэ асуудлыг оруулж ирж, дэд хороо хэлэлцэж байна. Прокурорын зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС- аас зээл авсан компанид нөлөөлсөн эсэх талаар асуулаа. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Дэд хороо болон УИХ-аас ямар ч шийдвэр гарсан би хүлээхэд бэлэн байна. Ер нь бол ямар нэг банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан зүйл огт байхгүй. Ямар ч шийдвэр гарсан би шалгуулахад бэлэн байна. Шалгуулахын тулд бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна" гэлээ.
Халдашгүй байдлын дэд хорооны хурал үргэлжилж байна.
Халдашгүй байдлын дэд хорооны хурал эхэллээ
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Төрийн ордны Г танхимд 14.00 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанаар Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд эдгээр гишүүдээс Б.Ундармаа, Л.Энхболд нар Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд оролцож байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцож байна. Тэрбээр, УИХ-ын гишүүдийн асуудлаар УИХ шийдвэрээ гаргах байх. Шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. УИХ-ын гишүүнийг шалгахад халдашгүй эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
Эдгээр дөрвөн гишүүнийг ЖДҮХС-аас зээл авсан гэсэн асуудлаар Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлсэн юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гишүүдэд нь Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар буюу УИХ-ын хамгийн ахмад гишүүд багтдаг юм.
Гишүүд Ерөнхий сайдын өрөөнд цугларав
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Төрийн ордны Г танхимд 14.00 цагт хуралдахаар хойшиллоо. Тус хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэнэ. Эдгээр дөрвөн гишүүнийг ЖДҮХС-аас зээл авсан гэсэн асуудлаар Ерөнхий прокуророос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн юм. Халдашгүй байдлын дэд хорооны дарга нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Таван хүний бүрэлдэхүүнтэй тус дэд хорооны гишүүд нь Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар юм. Улсын Ерөнхий прокуророос ирсэн бичгийг 48 цагийн хугацаанд УИХ-аас хэлэлцэх ёстой. Өчигдөр тус дэд хорооны хурал зарласан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнөөдөр болж хойшлогдсон бол, энэ асуудлыг мөн үзээс хойш хэлэлцүүлэхээр болжээ. ЖДҮХС-ийн зээлээс болж, гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэхэд хүрээд буй 4 гишүүний асуудлаар ажил хаялт зарласан УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдын өрөөнд цугларсан юм.
Ш.ЧИМЭГ