"Эрдэнэс Тавантолгой": 1072 хувьцааг эргэлтэд оруулна

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс Тавантолгой": 1072 хувьцааг эргэлтэд оруулна

"Эрдэнэс Тавантолгой": 1072 хувьцааг эргэлтэд оруулна

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2018 онд хийсэн ажил болон 2019 онд хийх ажлынхаа талаар өнөөдөр /2019.1.9/ мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны төлөвлөгөөнд тусгаснаар 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 284 тэрбум төгрөгийг улсын төсөвт  төвлөрүүлэх байсныг 1.99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 510 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Мөн 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөг 720 тэрбум төгрөг болгож, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн байна.

Анх 2010 онд байгуулагдсан тус компани 680 сая ам.долларын өрөнд орсон байдаг.  Харин өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын байдлаар нэг ч төгрөгийн өргүй, эсрэгээрээ авлагатай болжээ. Ингэснээр дэлхийн зах зээлд гарч, томоохон компаниудтай өрсөлдөх боломж бүрдсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Өнгөрсөн онд компани амжилттай ажилласан нь үнийн бодлоготой холбоотой. Үнийн гурван төрлийн бодлого явуулсан. Нэгдүгээрт, урд хөршид уул уурхайн, нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор үнэ, тээвэрлэлт тогтвортой байлаа. Хоёрт компани үнийн асуудалд менежменттэй байсан. Тухайлбал, 2016 онд “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллараар нийлүүлж байсан. Үүнийг 2017 онд 59.33 ам.доллар, 2018 онд 61 ам.доллар, 2019 онд 63.32 ам.доллар болгож үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Гуравт, нөөцийн нэгдсэн тайланд блокийн аргачлалаар 5.1 тэрбум тонн байсан нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 6.3 тэрбум тонн болгон батлуулсан. Ингэснээр Жорк стандартаар найман тэрбум тонноос дээш хэмжээний нөөцтэй болсон.

Засгийн газар компанийг олон улсын зах зээлд IPO (хувьцаагаа олон нийтэд санал болгох) гаргах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж, дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөх тооцоо судалгаа хийж зарим ТЭЗҮ-г батлуулахад бэлэн болсон. Олон улсын дөрвөн зөвлөх, нэмэлтээр санхүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр эхний шатны хийсэн ажлын тайланг УИХ-д мэдүүлэхэд бэлэн болсон.

Компанийн засаглалыг сайжруулах, ил тод байлгах үүднээс олон ажил хийсэн. Тухайлбал, дэргэдээ Эрдэмтэд, Олон нийтийн зөвлөл байгуулсан, төрийн бус 86 байгууллагатай хамран ажиллаж байна. Мөн өнгөрсөн онын тавдугаар сард “1072 хувьцаа мэдээллийн төв” байгуулж, давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч,  500 мянга гаруй иргэнд үнэт цаасны данс нээлгэх боломжийг бүрдүүлсэн.

Мөн ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмж, хөдөлмөр аюулгүй байдлын нэмэгдлийг 30 хувь, шөнийн нэмэгдлийг 50 хувиар өсгөсөн. Урамшуулал, цалингийн сангаа өсгөсөн, хүүхэд асарч буй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгодог болсон.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж байгуулахаар болсон. Мөн Улаанбаатар хотод Тавантолгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш, үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгсөн. Тавантолгойн нүүрс шаталт, илч сайтай байдаг тул хотын агаарын бохирдол 50 хувь буурна гэж бодож байна. Мөн 2020 онд Монгол Улсад зохион байгуулах “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэнэ.

Бид 2019 онд дэлхийн зах зээлд өрсөлдсөн, шинэ бизнесийг нээсэн хөгжлийн жил болгоно. Дэд бүтцийн төслүүдээ хөгжүүлж эхэлнэ. Гашуунсухайт төмөр замын зогссон ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Энэ ажил одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа.  Мөн Гашуунсухайт автозамын паралел замын ажилд оролцож, ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ.  Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бүрэн шинэчилж, барилгын ажлыг эхлүүлнэ. Ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх үүднээс ТЭЗҮ-г боловсруулаад дууссан. Тавантолгой Зүүнбаян төмөр замын төсөл дээр анхаарлаа хандуулж байгаа. Тавантолгойн цахилгаан станц, Ханги-Мандал зэрэг төслийг гурван төрлөөр санхүүжүүлнэ. Эхний үед компанийн дотоод нөөцөөр санхүүжүүлнэ. Хоёрт, Засгийн газраас өгсөн үүргийн хүрээнд олон улсын зах зээлд хөрөнгө босгож, түүгээр санхүүжүүлнэ. Гуравт, хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж санхүүжүүлнэ.

Мөн 2019 онд 1072 хувьцааг амилуулна. Хувьцааг амилуулах санхүүгийн боломж бүрдсэн. Санхүү нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тасалбар болж, аудитын тайлан гарна. Уг тайлангаар нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлэх нь тодорхой болно. Үүний дараа уг саналыг төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэж Засгийн газарт өгнө. Түүний дараа дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох үеэр уг саналыг оруулна. Ингэснээр 1072 хувьцаа амилах нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн 100 мянган хүнтэй суурьшлын бүс байгуулах эхлэлийг тавина. Парк шинэчлэл хийнэ. Компани техник, тоног төхөөрөмжийн чадамжтай болж олборлолтоо өөрсдөө явуулдаг болно” гэлээ.

“ОЛОН УЛСАД IPO ГАРГАСНЫ ДАРАА ДОТООДЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ГАРНА”

Мэдээллийн үеэр сэтгүүлчид сонирхсон асуултаа асуусан юм.

-Иргэдийн 1072 хувьцааг хэрхэн амилуулах вэ. Нэгж хувьцаа хэдэн төгрөгт хүрэх вэ?

-Биржээр зөвхөн арилжих асуудал явдаг. Манай компанийн хувьцааг хоёр сая 511мянган иргэн буюу компанийн 14.5 хувийг иргэд эзэмшиж байна.  Компани цэвэр ашигтай ажилласан. Энэ ашгаа эдгээр иргэдэд хэрхэн хуваарилах тухай асуудал үе шаттайгаар явах юм. Нэгж хувьцааг төсөөллөөр хэлэх боломжгүй.

-Амилуулснаар хувьцаагаа зарж, арилжиж болох уу?

-Одоогоор хувьцаа хаалттай байгаа. Үүнээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, оюутанд олгох зэргээр 3-4 удаа харилцаанд оруулж байсан. Үүнийг анхны арилжаа гэж үздэг. Засгийн газрын эрх мэдэлд байгаа тул хувьцааг арилжих эрх нь одоогоор хаалттай байгаа. Манай үйл ажиллагаа зөвхөн хувьцаан дээр хаалттай байгаа. Хувьцааг хаахгүй бол нэгж нь 933 төгрөгөөр үнэлэгдсэн хувьцааны үнэ унана. Үнэ унахаар урьдчилан сэргийлэх бодлогыг хийж одоохондоо амжаагүй байгаа. Жишээ нь, эрсдэлийн сан байгуулах хэрэгтэй.  Ингэснээр нэгж хувьцаа 933 төгрөгөөс доош үнэтэй болбол Засгийн газар худалдаж авдаг, түүнээс өндөр үнэтэй байвал иргэд өөрсдөө худалдаж авдаг эрхийг нээж өгөх хэрэгтэй байгаа. Хоёрт, энэ жил ногдол ашиг олговол 933 төгрөг нь өснө. Иргэдийн 1072 хувьцаа нь нэг ч харилцаанд орж байгаагүй тул 933 төгрөгийн үнэтэйгээр явж байгаа. Хувьцааны үнэлгээ цаашид хэд дахин өсөх тул энэ хувьцааг зарж болохгүй. Өөрт тань болон хүүхдэд тань ирээдүйд маш хэрэгтэй хөрөнгө оруулалт, санхүүгийн нэрийн хуудас. Олон улсын зах зээлд гарсан тохиолдолд хоёр сая иргэний санхүү олон улсын зах зээлд арна гэсэн үг.

Хамгийн эхэнд хувьцааг олон улсын зах зээлд гаргаж, дараа нь дотоодын хөрөнгийн бирж дээр гаргана. Хөрөнгийн биржид гарсны дараа хувьцаат компанийн зохицуулалтаар явна. Хувьцаагаа шилжүүлж, зарж, өвлүүлж болно.

-Компанийн хэдэн хувийг IPO-гээр гаргах вэ?

-Засгийн газраас компанийн 30 хүртэлх хувийг гаднын зах зээлд гаргах үүрэг өгсөн. Ингэхдээ шат дараатай, эсвэл бөөнд нь гаргаж болно. Энэ нь төслөөс, үнэ цэнээс хамаарна. Бид шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтаа, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах зэрэг төслөө хангалттай босгож чадна гэж үзэж байгаа. Хэдэн хувийг гаргахад ямар боломж үүсэх вэ гэдгээс шалтгаална.

-Хувьцааны дансаа нээлгээгүй хэчнээн иргэн байна вэ. Хувьцаа амилахаас өмнө дансаа нээлгээгүй бол яах вэ?

-Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 500 гаруй мянган иргэн хувьцааны данс нээлгэсэн байдаг. Эндээс тооцвол 1.2 сая гаруй иргэн дансаа нээлгээгүй байгаа. Брокер, дилерийн 63 компани 1072 хувьцааны данс нээж байгаа. Нэрийн дансаа нээлгүүлсэн тохиолдолд ногдол ашгаа авах бэлэн болох юм.

-Хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн хүүхдэд олгохгүй байгаа. Мөн 1072 хувьцаагаа авч чадалгүй нас барж байгаа олон иргэн бий. Үүнд ямар байр суурьтай байна вэ?  

-Компанийн 85 хувийг Засгийн газар эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчийг шилжүүлэх зэрэг асуудал нь хуулийн дагуу Засгийн газрын мэдэлд байгаа.

-Нүүрс тээврийн жолоочдын нийгмийн асуудал хөндөгдөж байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлж байсан. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Нүүрс тээвэрлэгчдийн ложисткийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 2019 онд нэлээд хөрөнгө тусгасан байгаа. Тухайлбал, 120 км тутамд эрүүл мэндийн үзлэгийн төв байгуулах зэрэг олон ажил хийнэ. Урьд нь 3200 орчим жолооч нийгмийн даатгалын гэрээтэй байсан. Одоо 8000 болсон.

-Танай компани 268 мянган тонн нүүрсээ алдсан тухай мэдээлэл гарсан. Энэ асуудал болсон бэ?

-Бид 268 мянган тонн исэлдсэн болон коксжих нүүрс алдсан. Үүнийг бланс дээр бүртгээд явна. Яагаад гэвэл энэ нь манай хөрөнгө, гурван сая иргэний хөрөнгө. Сүүлд энэ тоо 300 болж нэмэгдсэн талаар мэдээлэл байсан. Мэргэжлийн хяналтын яам, Сангийн яам, хуулийн байгууллагаас чухам хэдэн тонн нүүрс алдсан  талаарх мэдээлэл бидэнд ирээгүй. Харин шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж