Б.Алтантуяа: Гэмтнийг цаазалснаар асуудал шийдэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Б.Алтантуяа: Гэмтнийг цаазалснаар асуудал шийдэгдэхгүй

Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

-Саяхан насанд хүрээгүй хүүхдийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарч олныг цочирдууллаа. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазын ял оноох ёстой гэсэн хүмүүс их байна. Ер нь ийм төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд цаазаар авах ялыг хэрэглэх хэрэгтэй юм биш үү?

-Гэмтнийг цаазалснаар дахин ийм хэрэг гарахгүй гэх баталгаа байхгүй. Цаазаар авах ял нь бусад ял шийтгэлээс илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэдгийг өнөөг хүртэл баталж чадаагүйг НҮБ-аас хийсэн дэлгэрэнгүй судалгаа харуулдаг.

Тиймээс төр хүний амь насыг хороохоо урьтал болгох биш харин жигшүүрт гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарах ёстой.

-Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазлах нь буруу гэсэн үг үү?

-Цаазаар авах ял оноохгүй гэдэг нь гэмт хэрэгтэнд ял завшуулж байгаа хэрэг биш юм. Харин ч хэргийг нийгмийн сэтгэлзүй, улс төр, авлига, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын ур чадварын дутмаг байдал зэрэг аливаа эрсдэлээс ангид шударгаар шүүхэд нь тустай зүйл юм. Ялын зорилго бол гэмт этгээд хийсэн үйлдэлдээ гэмших, буруугаа ухаарахад нь чиглэх ёстой.

Тиймээс цаазын ялыг хэрэглэлгүйгээр гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл хүлээлгэж байж энэ нийгэмд шударга ёсыг тогтооно.

Мөн цагдаагийн байгууллага гэмт хэргийг хянах, урьдчилан сэргийлэх чадвартай, эрх мэдэл бүхий гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн газар л хүмүүс аюулгүй байж чадна.

Эрүүгийн хэрэг илрүүлэлт өндөр байх, зөрчилд хариуцлага тооцож чаддаг нь цагдаагийн үйлчилгээнд итгэх гол хүчин зүйл.

Мөн эрүүгийн шүүн таслах ажиллагаа нь үнэн зөв, шударга, хүмүүст ял завшуулахгүйгээр хийсэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж чадаж байвал шүүхэд итгэх итгэлийг ихээр нэмэгдүүлдэг. Хүн бүр эрх тэгш, хүний эрхийн боловсрол, соёл төлөвшсөн, цагдаа, шүүхдээ итгэдэг газарт л гэмт хэрэг бага гардаг.

-Цаазаар авах ял хэрэглэхгүй юм бол өөр ямар аргаар ийм балмад гэмт хэргийн гаралтыг бууруулах, цаашлаад таслан зогсоох ёстой вэ?

Ядуурал, нийгмийн тэгш бус байдал, боловсролын чанар муу, эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай байх, ажилгүйдэл их байх, мансууруулах бодис, бага оврын буу зэвсэгтэй хялбар холбогдож болох, тухайн улс орны хуулийг хэрэгжүүлэх чадавхи нь хүчирхийллийн төвшинд нөлөөлдөг болон өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарах хүчин зүйлс болдгийг судалгаагаар тогтоосон.

Мэдээж мөн хувь хүний нөхцөл байдал тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг. Тиймээс хүчирхийлэл рүү түлхэж буй дээрх хүчин зүйлүүдийг аль болох багасгаж, арилгах хэрэгтэй. Тэгсэн цагт гэмт хэргийг таслан зогсоож чадна.

НҮБ-аас гэмт хэргийг таслан зогсоохын тулд цаазаар авах ялаас татгалзаж, нийгмийн бүх хэсгийг хамарсан олон талт арга замыг хэрэгжүүлэх ёстой талаар улс орнуудад хандан удирдамж гаргасан байдаг.

Тухайлбал нийгэм дэх хувь хүний амьдралд нөлөөлөх, магадгүй гэмт үйлдэл хийх зан байдалд хүргэж болзошгүй үндсэн шалтгаан, нөхцөл рүү анхаарал хандуулах, онцгойлон хүүхэд залуучуудад хандсан нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын арга хэмжээгээр дамжуулан нийгэмд туслах зан чанарыг төлөвшүүлэх, хүмүүсийн сайн сайхан амьдралыг сурталчлах, гадуурхагдах, ажилгүй байх зэргээр гэмт хэргийн хохирогч болох эрсдэл, гэмт хэрэгтэй холбоотой хамгаалах хүчин зүйлүүд, тусгай эрсдэлүүдэд анхаарал хандуулах, гэмт хэрэгтнийг нийгэмд дахин ороход нь тусалж рецедив гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэргээр цогц арга хэмжээ авахыг зөвлөмжилсөн.

-Хохирогчид амийг амиар гэдэг шүү дээ?

-Жигшүүрт гэмт хэрэг гарах үед олон нийт залхаан цээрлүүлэх, хохирогчид өшөө авахыг шаардах нь ойлгомжтой. Гэвч гэмтнийг цаазалснаар асуудал шийдэгдэхгүй. Харин ч төрийн зүгээс дахин нэг аллага үйлдэж, дахин нэг хохирогч нэмэгдэж, хүчирхийллийн тойргийг бий болгодог.

Саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчөөс хоёр аймшигт алуурчинд яагаад уучлал үзүүлсэн талаар асууж байсан. Хэрвээ өөрт нь хүний амь уучлах бүрэн эрх нь байсаар байхад уучлахгүй байвал харин Ерөнхийлөгч өөрөө алуурчин болно биз дээ.

Энэ бол зөвхөн амийг нь уучилж байгаа болохоос биш гэмт хэрэг, үүрэх ялыг нь уучлаагүй шүү дээ. Одоо цаазаар авах ял хэрэглэхийг хуулиараа хориглох ёстой. Хүний амь гэдэг бол хэн нэг энэрэнгүй эсвэл харгис удирдагчаас, зөөлөн эсвэл хатуу сэтгэлтэй шүүгчээс гээд хэн нэгнээс хамаардаг байж болохгүй. Манай байгууллагад нэг хохирогч хандаж байсан.

Онц ноцтой гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ асар их хохирсон тэр иргэн эмчилгээндээ олон жилийн турш маш өндөр зардал гаргасан боловч, түүнийг нь нөхөн төлөх хэн нэгэн олдоогүй. Учир нь хэрэгтэнг цаазалсан болохоор төр арга хэмжээгээ авчихсан гэдэг.

Тэгэхээр төр энэ мэтчилэнгээр тухайн хэрэгтнийг цаазалж асуудлыг түр аргацаах биш харин цаашид ийм хэрэг дахин гаргахгүйн тулд үр нөлөөтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулах талаар ажиллах нь нийгэмд, хохирогчид тустай. Тэгээд ч бүх хохирогч цаазаар авах ялыг хүсдэг гэж ойлгох нь ташаа юм.

-Зарим улс цаазаа ялыг дахин сэргээсэн шүү дээ?

-Ихэнхдээ Засгийн газрууд гэмт хэрэг өсөх, эсвэл жигшүүрт гэмт хэрэг гарахыг хянах гол арга нь цаазаар авах явдал хэмээн олон нийтэд мэдээлдэг болохыг Эмнести Интернэшнл өдөр тутмын ажиглалтаараа олж тогтоосон.

Аймшигт гэмт хэргийн дараа олон нийтийн бухимдалтай нүүр тулгарсан үед улстөрчид, засгийн эрх баригчид цаазаар авах ял хамгаалах үр нөлөөтэй гэсэн нотолгоо байхгүй атал гүйцэтгэлийг эргэж сэргээхийг оролцдог.

Харин гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдлын асуудал руу чиглэсэн үр нөлөөтэй урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүх тогтолцоог шударга байлгах, галт зэвсгийг хуульчлах, ёс зүйтэй, хүний эрхийн боловсролтой иргэнтэй болох талаар арга хэмжээ авахыг зорьдоггүй. Дээр дурьдсан шиг эхнэр, хүүхэд, эр нөхрөө алсан, зодсон гэх хэрэг дээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гаргаж болно.

Гэхдээ хуулиа чанд хэрэгжүүлэх, ял завшуулахгүй байх, ажилгүйдэл, тэгш бус байдал, ядуурлыг багасгахад, мөн боловсролд анхаарч хөрөнгө оруулахгүй бол үр дүн муутай, түр аргацаасан зүйл болно.

Цаазаар авах ял өшөө авах хэрэгсэл биш, энэ ялыг хэрэглэснээр гэмт хэргийг зогсооно гэж бид өөрсдийгөө төөрөгдүүлэх хэрэггүй юм. Хэрэв тийм байсан бол цаазаар авах ялыг ихээр хэрэглэдэг лалын шашинтай орнууд аль хэдийнэ аймшигт хэргээс ангид болчих байсан биз.

Эх сурвалж: "Монголын мэдээ"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж