Д.Трамп: Хэчнээн америкчуудын цус урсах ёстой юм бэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Д.Трамп: Хэчнээн америкчуудын цус урсах ёстой юм бэ?

Д.Трамп: Хэчнээн америкчуудын цус урсах ёстой юм бэ?

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа Мексикийн хил дээр хана барихад төсөв гаргуулах асуудлаар Д.Трамп болон Ардчилсан намын гишүүдийн дунд зөрчил гарсны улмаас түр зогссон билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп яг одоо Цагаан ордны зууван танхим буюу албан тасалгаанаасаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ.

АНУ-Мексикийн хил дээр хана барих төсвийн асуудлаар хууль тогтоогчид санал нэгдээгүй учраас энэ оны АНУ-ын төсөв одоо хүртэл батлагдаагүй байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 22-оос хойш өнөөдрийг хүртэл 18 дахь хоногтоо “шатдаун” буюу хэсэгчлэн түр зогсоод байгаа юм.

Хана барих нь түүний мөрийн хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бөгөөд Ням гаригт /2018.01.06/ сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Мексикийн хилийн дагуу хана барих төсөв гаргуулахын тулд улс орон даяар онц байдал зарлахад ч бэлэн байна гэж байсан билээ. АНУ өмнөд хилийн асуудлаар онц байдал зарласнаар Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч бие даан асуудлыг шийдвэрлэж, ханыг яаралтай барих боломжтой тул тэрбээр ийм арга замыг сонгож магадгүй хэмээн үзжээ.

Д.Трамп нийт 3500 км урттай АНУ-Мексикийн хилийн 1600 километрт нь хана бариулахаар завдаж байгаа бөгөөд үүнд нийт 5.7 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Харин Ардчилсан намын гишүүд ийм их хэмжээний мөнгийг хана барихад зарцуулахгүй, түүнчлэн барих явцад өртөг нь үүнээс ч илүү болно гэж үзэн, эсэргүүцэж байна.

Ардчилсан намынхны эсэргүүцэлтэй тулгарсан тэрбээр зууван танхимаас хийж буй мэдэгдэлдээ АНУ-Мексикийн хил дээр “аюулгүй байдлын хямралт нөхцөл байдал үүссэн” хэмээн онцолж байна. Тэрбээр АНУ-ын урд хилээр орж ирж буй хууль бус цагаачид болон хар тамхи нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэмээн үзэж байгаа юм. Д.Трамп хууль бус цагаачдын АНУ-д өдөөж буй гэмт хэргүүдийг дурдаад, “Конгресс ажлаа хийхгүй байгаагаас болж дахин хэчнээн америкчуудын цус урсах ёстой юм бэ?” гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч маргааш /2019.01.10/ өмнөд хил рүү айлчлал хийхээр төлөвлөсөн боловч хана барих асуудлаар улс орон даяар онц байдал зарлах эсэх нь одоохондоо эргэлзээтэй байна.

Харин Ардчилсан намын гишүүд түүнийг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хууль бус цагаачдаар далимдуулан асуудлыг дэвэргэж байна хэмээн үзэж байгаа юм. Дашрамд дурдахад тэрбээр мөрийн хөтөлбөртөө хана барих санхүүжилтийг Мексикээс гаргуулна гэж байжээ. Гэвч Мексикийн Засгийн газар хана барих санхүүжилтийг өгөхөөс албан ёсоор татгалзсан.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж