“Мөнгөтэй хүн” ба “Мөнгө хийгч хүн”-ий зөрчил эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

“Мөнгөтэй хүн” ба “Мөнгө хийгч хүн”-ий зөрчил эхлэв үү

“Мөнгөтэй хүн” ба “Мөнгө хийгч хүн”-ий зөрчил эхлэв үү

Монголын нэгэн бизнесмэн нэгэн улстөрчид “зүгээр л” мөнгө өгөөд байж. Оронд нь “хандивлуулагч” улстөрчид “хандивлагч” бизнесмэн огт тус болж байгаагүй гэнэ. Угаасаа тус хүсч өгөөгүй юмдаг уу даа. Бараг л энэ улс орны төлөө зүрхээ цохилуулж яваа их үйлст нь өргөж буй хувь нэмэр бололтой юм. Үүнээс цаашихыг дэндүү нуршицгааж байгаа тул орхиё.

Эндээс нэг шинэ эхлэл ажиглагдав. Улстөрчдөд мөнгө өгсөн бизнесмэн Монгол Улсад нэг ширхэг үү гэвэл түүн шиг худал үгүй. Тэгвэл бусад нь одоо дуу дуугаа авалцаад ар араасаа цувран ам нээх үү. Бас л үгүй болов уу. Уг нь тэгвэл сайнсан.

Монголд мөнгөтэй хүн олон болжээ. Дээрх олон сая ам.долларын урсгал дүүрэн яриаг сонсох үед данс минь дүүрч, хэтэвч төөнөх шиг…Монголд баян хүн байгаад баярлаж сурах хэрэгтэй л дээ. Харин “мөнгө хийгч” хүнд хэзээ баярлаж сурах бол?

“Мөнгө хийгч” гэдэг хэлцийг америкчууд зохиож байж. Өөр ямар ч үндэстэн энэ хэлцийг жинхэнэ утгаар нь олж зохиогоогүй юм гэнэ. Өөрөөр хэлбэл, эд баялгийг зөвхөн булааж, өвлүүлж, гуйж л олж болдог мэтээр боддог байсан аж. Ингээд мөнгийг дээдлэхээс ичиж зовдоггүй, мөнгийг дээдэлсэн орон дэлхийн хөгжилд ноёрхож байсан нь саяхан.

Яагаад өнгөрсөн цаг дээр хэлэв гэхээр одоогоор Америкийн эдийн засаг ээдрээтэй, тэвдүүлсэн хэвээрээ л байна. Учир нь, улстөрчид нь монголчуудын нэгэн адил мөнгийг дээдлэхээсээ ичиж, хүн амынхаа дийлэнх олонход таалагдахын тулд халамж, шударга бус хуваарилалтын бодлогыг дэвшүүлэх замаар эрх мэдэлд хүрдэг буруу замаар замнаж эхэлсэнтэй холбоотой болов уу. Цаг хугацааны фактор, дэлхийн зах зээл, хөгжлийн чиг хандлага, тухайн улс орны болон нийгмийн нөлөөллүүдтэй ч холбоотой.

Монгол Улс Ази тивдээ ардчиллыг цогцлоосон гавьяатай. Мөнгөтэй хүн ховор байсан тэр үед бохь хүртэл олширч ардчилал эхэлсэн. “Ганзагын наймаачид” манай ардчиллын анхны бизнесийн гараа. Байгалийн шалгарлаар олонх нь дампуурч цөөнх нь үлдсэн нь ч жинхэнэ ардчилал, зах зээлийн шударга ёсны охь дээж нь байлаа. Одоо энэ охь дээжнээс шаар шавхруу нь ч үлдсэнгүй. Дахиад л ардчиллаас өмнөх он тоолол руу буцаж бүхнийг төрийн мэдэлд байлгая. Феодалуудын хөрөнгийг хурааж төрийн мэдэлд өгье. Бүхнийг хориглоё, хаая гэх болов. Энэ нь ч олон нийтэд таалагдаж байгаа гэж жигтэйхэн.

Ардчилал гэдэг чинь “мода” юм уу. Тайлаад хаячихдаг хувцас уу. Дээдэлж хөгжүүлэх нийгмийн зарчим уу гэдгийг мартжээ. Үнэт зүйл бүхнээ сийчиж үнэгүй рүү тэмүүлэх, халамжаар тэжээлгэх аргыг өнгөрсөн гучаад жилийн түүхэнд олж авах гэж л Ардчилсан Монгол гэж тунхагласан хэрэг үү.

Үндсэн хууль, шударга шүүх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хаалга аажим аажмаар, алгуурхан хаагдаж буйг бид харж байна. Эрх чөлөө бидэнд цусгүй ирсэн гээд үнэ цэнгүй байх ёстой юу. Эрх чөлөөндөө эзэн байгаагүйн хариуцлагыг бид ч бас үүрнэ. Өнөөдөр бүхний бурууг төрд ажиллаж байгаа “мөнгөтэй хүн”-д чихэж байна. Шалтгаан нь тэр мөнгийг төрд ажиллагч бяцхан цалинтай иргэн ямар замаар “мөнгөтэй хүн” болсон тухайд хардаж байгаагийнх. Гэтэл бизнесийнхэн яагаад төрийн эрх мэдэлд хүрэх шаардлагатай болоод байгаагийн цаад шалтгааныг арилгаж чадаагүй. Учир нь өнөөдрийн бизнесмэн маргаашийн татварын хуулийг зохиох хүсэлтэй байна. Авч чаддаггүй байсан хөнгөлөлттэй зээлд хүрэх боломжийн төлөө “авирч” байна. Зүй нь бизнесмэн төрд гарсан бол бизнесийнхэнд шаардлагатай эрх зүйн орчныг, эмч хүн УИХ-ын гишүүн болбол эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх зорилготой гэх сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэх учиртай. Гэтэл хувийн эмнэлэг нь, эмийн сан нь, барилгын компани нь илүү боломжийг олж аваад байна. Тэд “мөнгө хийгч” байхаа больж “мөнгөтэй хүн” болсон нь тэр.

Аа тийм, бид ардчиллын жилүүдэд авлига гэдэг үг сурсан. Товчхондоо “мөнгө хийгч” нь улс төрийн болон төрийн албан хаагчийг мөнгөтэй хүн болгоход хувь нэмэр оруулна гэсэн үг. Бараг амьдрал хувь тавиланг нь орвонгоор нь эргүүлж өгнө гэсэн үг. Энд бол “мөнгө хийгч” ба “мөнгөтэй хүн” хооронд уянгын халилтай хайрын яриа шахуу үүсч үйл явц өрнөн хэн хэндээ ашигтайгаар гүйцэтгэл дуусна.

Энэ бүхнийг харж тэвчилгүй “мөнгө хийгч” хүн “мөнгөтэй хүн”-д “дайн зарлав”. Маш зөв зөрчилдөөн гэж хэлж болно. “Мөнгөтэй хүн” мөнгө хийгчдэд ээлтэй зүйл хийсэнгүй. Харин мөнгө хийгчийн орлогыг багасгах, бизнесийн цар хүрээг хумих төрийн шийдвэр гаргахад дэмжих, дэмждэггүй юм аа гэхэд тэмцэхгүй байхыг харах сайхан биш байна.

Энэ 2019 онд Монгол Улсын Засгийн газрын нийт гадаад өр 7 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 27.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хэн, хаанаас төлөх вэ. “Мөнгө хийгчид” үүнд хамаатай юу? Гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч сүүлийн зургаан жилийн хугацаан дахь рекордыг тогтоосны нөгөө талд алт тушаалтыг боомилж мэдэх шийдвэр гаргаж роялтийн хөнгөлөлтийг цуцлая гээд байгаа нь зөв алхам мөн үү. “Мөнгөтэй хүн” энэ шийдвэртээ хариуцлага хүлээх үү. Харамсалтай нь үгүй. “Мөнгө хийгчдийн” эсрэг хууль ёсны дээрэм санаачилж хүчлэн түрэмгийлэх замаар тулгамдсан асуудлаа шийдье гэж байгаа нь мөнгө хийх гэж байгаа мянга мянган иргэнийхээ зоригийг мохоож байна. Энэ л хамгийн аюултай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж