Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд зохиогдох “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай улс зохион байгуулагч орон гэдгээрээ нэг жинд дөрвөн тамирчин өрсөлдүүлэх давуу эрхтэй юм.
Тус тэмцээнд оролцох олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар тэргүүтэй манай шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Орхон аймагт байрлах “Олимп” баазад “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэлдээ гарчээ. Шигшээ баг тамирчдыг ахлан ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох ажиллаж байгаа юм.
Дашрамд сануулахад, 1978 онд анх барьж байгуулсан “Олимп” баазыг саяхан Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн тушаалаар төрийн өмчид шилжүүлснээр манай улсын шигшээ багийн тамирчид өөрийн гэсэн бэлтгэлийн баазтай болсон юм. Спортын барилга байгууламжийн хувьд хоёр спорт заал, саун, теннис, бильярдын танхим, хөлбөмбөгийн талбай зэргийг тохижуулж байгуулсан нь тамирчдын бэлтгэлийн орчин ахуйг хангахад тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж үзэж болох юм. Цаашид “Олимп” баазад Монголын шигшээ багийн үе үеийн тамирчид амжилтын эх үндэс болсон бэлтгэл сургуулилтаа хангах бүрэн боломжтой болж байна.
С.Цэлмэг