Дэлхийн банкны ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэр

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэр

Дэлхийн банкны ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэр

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким албан тушаалаа хугацаанаасаа өмнө өгч байна. Тэрбээр энэхүү албан тушаалыг сүүлийн зургаан жилийн хугацаанд хашжээ. Одоогоор түүнийг ямар учраас хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа орхиж байгаа шалтгаан нөхцлийг тодорхой тайлбарлаагүй байгаа юм. Дэлхийн банкны Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай томилдог бөгөөд Жим Ён Ким энэхүү албан тушаалыг 2022 он хүртэл хаших ёстой байсан юм. Түүнийг огцрох гэж байгаа талаар Дэлхийн банкны хэвлэл мэдээллийн албанаас олон нийтэд мэдээлсэн байна.

ДЭЛХИЙН БАНК ХЭМЭЭХ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ТОВЧХОН ДУРДВАЛ:

Дэлхийн банк групп нь анх "Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк" нэртэйгээр 1944 онд үүсгэн байгуулагдаж байв. Анх 38 гишүүн оронтой, үйл ажиллагаагаа Дэлхийн хоёрдугаар дайны дараах сэргээн босголтын ажлыг хурдавчлуулах зорилготойгоор эхэлж байсан бол өдгөө 188 гишүүнтэй болж, ойролцоогоор дэлхийн 100 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дэлхий даяар нийт 10.000 орчим ажилтантай асар том байгууллага юм. Дэлхийн банк нь өдгөө өөрийн гишүүн орнуудын засгийн газар, тэдгээрийн сургууль, эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийх, ус цахилгаанаар хангах, өвчин эмгэгтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй арга ажилд дэмжлэг туслалцаа үзүүлдэг дэлхийн хамгийн том хөрөнгө, мэдлэгийн эх үүсвэрүүдийн нэг билээ. Төслийн зээл, хөтөлбөрийн зээл, буцалтгүй тусламж, зөвлөгөө, судалгаа шинжилгээ гэсэн үйл ажиллагааны таван үндсэн чиглэлтэй.

ЖИМ ЁН КИМ ЯАГААД ГЭНЭТ АЛБАН ТУШААЛААСАА ТАТГАЛЗАВ

Дэлхийн банкны тэргүүний нэр хүндтэй албанд Жим Ён Кимыг АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама 2012 оны гуравдугаар сарын 23-нд нэр дэвшүүлж, улмаар тухайн оны дөрөвдүгээр сарын 13-нд Дэлхийн банкны захирлуудын зөвлөл түүний нэрийг дэмжсэнээр Жим Ён Ким 2012 оны долдугаар сарын 1-нд Дэлхийн банкны 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болжээ. Тэрбээр Дэлхийн банкийг тэргүүлэн ажиллаж байсан Роберт Зеликийг залгамжлан таван жилийн хугацаатайгаар санхүүгийн томоохон байгууллагыг толгойлох болсон юм. Сүүлд түүнийг 2016 оны есдүгээр сард Дэлхийн Банкны тэргүүний суудалд улираан сонгож, тэрбээр энэхүү албаа 2022 он хүртэл хаших байсан ч ийнхүү албан тушаалаа татгалзав.

Дэлхийн банкны хэвлэл мэдээллийн албанаас гаргасан албан мэдэгдэлд ноён Ким “Дэлхий даяар ядуурлыг үгүй болгох эрхэм зорилго бүхий энэ байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Дэлхийн банк группын хувьд урьд нь хэзээ ч байгаагүй чухал цаг үе ирээд байна. Өлсгөлөн, тахал, уур амьсгалын өөрчлөлт, дүрвэгсдийн асуудал зэрэг яаралтай шийдвэрлэх нарийн төвөгтэй асуудлууд  их байгаа” гэжээ.

Британийн “Guardian” сонины мэдээлж байгаагаар Ким Дэлхийн банкны тэргүүний албанаас буухаар шийдсэн нь түүний хувийн шийдвэр гэнэ. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа хувийн секторт шилжин ажиллаж, хөгжиж байгаа улс орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаа ажээ.

Одоогоор Кимийг хаана, ямар албан тушаал дээр ажиллах талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ч Ким дараагийн шинэ ажлаа төлөвлөж байгаагаас гадна 1987 онд байгуулж байсан олон улсын “Partners in Health” нэртэй Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаа гэв.

ЖИМ ЁН КИМ ГЭЖ ХЭН БЭ?

Жим Ён Ким нь санхүүгийн гэхээсээ илүү эрүүл мэндийн салбарт идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан, эмч мэргэжилтэй, өндөр мэдлэг чадвар, боловсрол бүхий мэргэжилтэн төдийгүй эцэг эх нь ч мөн эрүүл мэндийн салбарын хүмүүс юм. Тэрбээр 1959 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо мэндэлж, таван настайдаа эцэг эхийн хамтаар АНУ-д шилжин ирж суурьшсан байна. Харвардын их сургуульд анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж эмч болжээ. Түүнээс өмнө Брауны их сургуулийг биологийн чиглэлээр сурч төгссөн. “Partners in Health” Төрийн бус байгууллагыг байгуулж, 2003-2005 оны хооронд ДЭМБ-ын ДОХ-той тэмцэх албыг тэргүүлэн ажиллаж байв. Мөн 2009-2012 онд АНУ-ын Дартмутын коллежийн ерөнхийлөгчөөр ажиллаж, үүнийхээ дараа Их сургуулиудын спортын холбоо болох “Ivy League”-ийн анхны Ази гаралтай Ерөнхийлөгч болсон байна.

2013 онд “Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг 50 хүний жагсаалтад түүний нэр багтаж байсан юм.

Жим Ён Ким нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засгийн газрын үед түүний санал болгосноор Дэлхийн Банкны Ерөнхийлөгчөөр томилогдож энэхүү нэр хүндтэй байгууллагыг тэргүүлсэн анхны Ази гаралтай мэргэжилтэн болжээ. 70 гаруй жилийн түүхтэй Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр АНУ-ын иргэн сонгогддог уламжлалтай бол Олон улсын валютын сангийн тэргүүнээр европ хүн сонгогддог уламжлалтай юм. Учир нь АНУ бол Дэлхийн банкны хамгийн том хөрөнгө оруулагч билээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БАЙХ ВЭ?

Жим Ён Ким ирэх сарын 1-ний өдөр албан ёсоор Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн суудлаа орхих юм. Тэгвэл дараагийн ерөнхийлөгчийг сонгох хүртэл тус байгууллагын одоогийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева Иванова түр орлон ажиллах гэнэ. Кримталина Иванова нь санхүүгийн мэргэжилтэй, эдийн засгийн ухааны профессор зэрэгтэй Болгар хүн. Тэрбээр Дэлхийн банкинд 1993-2010 оны хооронд янз бүрийн албан тушаалд ажиллаж, улс орнуудын тогтвортой хөгжлийн асуудлаар мэргэшжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг дараагийн Ерөнхийлөгчөөр томилох магадлалтай байгааг гадны эх сурвалжууд мэдээлж байна. Кристалина Георгиева нь Вашингтонд ирэхийн өмнө Европын Холбооны Сангийн яаманд Санхүүгийн албаны захирлаар ажиллаж байсан гэнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж