АТГ-т аргамжигдсан албан тушаалтнууд

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

АТГ-т аргамжигдсан албан тушаалтнууд

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй нэр бүхий албан тушаалтнуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.


ОЮУТОЛГОЙ, ДУБАЙН ГЭРЭЭГ ШАЛГАХАД ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ ГЭВ

АТГ өнгөрсөн онд Монгол Улсын  Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг нэг өдөр баривчлан саатуулж, бараг хоёр сар шахуу хорьсон билээ.  Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.

Дээрх хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа яваа талаар АТГ–ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Ерөнхий сайд нартай холбогдолтой асуудлыг мөрдөн шалгаж байгаа. Тэдгээрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн цар хүрээ нь өргөн.  Оюутолгой, Дубайн гэрээ мэт олон улс дамжсан гадаад улстай  холбогдолтой  учраас цаг хугацаа их шаардагдаж байна. Сайд нартай холбоотой хэрэг гадаадад Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Бид гадаадын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа учраас гадаадын энэ чиглэлийн байгууллагууд манай улстай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаа. Саяхан гаднын байгууллага ирж уулзаад, шалгаад явсан.  Богино хугацаанд шийдэгдэх асуудал биш. Бидний зүгээс хэргийг хурдан шийдвэрлэхийн тулд ажиллаж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.

ШАДАР САЙД АСАН Ц.ОЮУНБААТАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДЛОО

Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдоод удаж буй. Түүнийг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн шалгаж эхэлсэн юм.

Тодруулбал, “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан тогтоогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэдэнд холбогдох шүүх хурал өчигдөр /2019.01.08/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд Д.Жаргалсайхан нь 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул  шүүх хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11:00  цаг хүртэл хойшлуулжээ.

Н.БАТБАЯР, Б.ГАРАМГАЙБААТАР НАРЫГ МАРГААШ ШҮҮНЭ

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 09.30 цаг хүртэл хойшлогдсон байна. Хэргийг сануулахад, Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.

Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байдаг.

Д.ДОРЛИГЖАВ НАРЫГ ЦАГДАН ХОРИЛОО

Авлигатай тэмцэх газраас /АТГ/-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьжээ. Түүнийг үүрээр цагдан хорьсон гэсэн мэдээлэл байна. Тус газрынхан уржигдар /2019.01.07/ түүний гэрт нь нэгжлэг хийсэн юм.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Ингэхдээ дээрх валютыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" гэсэн тайлбар хийсэн билээ.

Хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхээр хэлэлцэх ёстой. Хэрэв шүүхээс "цагдан хорих шаардлагагүй" гэсэн шийдвэр гаргавал гадуур байцаах боломжтой.

Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулан холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Үүний нэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж бай А.Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж