Үндэсний бөхчүүдийн допинг хэрэглэсэн гэх дуулиан үе, үе дэгддэг ч тэгсхийгээд л хариуцлага тооцсон ч юмгүй өнгөрдөг. Хэн допинг хэрэглэсэн бэ гэх шуугиантай зэрэгцээд допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох асуудал хөнддөг. Энэ нь бөхчүүдийн дунд багагүй маргаан, хэрүүл үүсгэдэг билээ.
Өнгөрсөн онд гэхэд төрөөс санхүүжилт авсан “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд гэнэтийн шалгалт хийхэд цөөн тооны бөх “бүдэрсэн”. Хориотой эмийн жагсаалтыг гаргаж, тамирчдад хүргэдэг ч шинжилгээнд “бүдэрдэг” бөхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Допинг хэрэглэсэн гэх шуугианд холбогдсон бөхчүүд ихэвчлэн бэртэл гэмтлээ эдгээхээр уусан эм нь допингийн төрөлд багтдаг талаар мэдээгүй байснаа хэлдэг. Гэвч, тэд үнэхээр санаатайгаар хэрэглэсэн үү, санамсаргүй, мэдээлэлгүйгээсээ уусан уу гэдгийг хэн ч тогтоодоггүй, тэдний тайлбарыг нягталж шалгадаг газар ч байдаггүй билээ. Гээд санаатай байсан ч, санамсаргүй уусан ч допинг хэрэглэсэн бол хуулийн дагуу цолоо хураалгах ёстой. Энэ бол аль ч спортод бичигдсэн дүрэм.
Өнгөрсөн онд авсан шинжилгээгээр допинг хэрэглэсэн гэх асуудал өнөөдөр ч бүрэн шийдвэрт хүрч чадаагүй, хүлээлт үүсгэсэн хэвээр байна.
Тулгар төрийн төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шинжилгээний хариу удааширч гарсан ч гурван бөхийн допингтой холбоотой асуудлын хүрээнд тэдний давааг хүчингүй болгосон. Тодруулбал, 16 бөхийн шинжилгээний дүгнэлтийн талаар Баяр наадмын комисс оны өмнөхөн хуралдаж, улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын тав давсныг хүчингүйд тооцож, тэдэнд шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болсон. Мөн Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол шинээр олгох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, бөхчүүдийн хувьд унасан нь ч, давсан нь ч хүлээлттэй хэвээр байгаа юм. Одоогоор бөхчүүдийн даваа, унааг хэрхэн шийдэгдэх талаарх мэдээлэл албаныханд мэдээлэл алга байна.
Давсан бөхчүүд унаж, унасан бөх давах уу гэдгээ эртхэн шийдэхгүй дараа жилийн наадмаар дахиад л энэ мэт ойлгомжгүй олон асуудал үүсэх вий.
Холбоотой мэдээ