Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд нарын хооронд тодорхой хэмжээний авлигын асуудал яригдаж, маргаан дагуулаад байгаа. Тэгвэл энэ талаар эсрэг, тэсрэг байр суурийг News агентлаг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Д.Дорлигжав:
Монгол Улсын Ерөнхий прокурор асан
-“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд намайг гүтгэсэн. Т.Ганболдын зорилгыг би ойлгохгүй байгаа юм. Энэ хүн намайг Ерөнхий прокурор байхад ноцтой эрүүгийн хэрэгт холбогдож байсан. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн асуудлаар нэг эмэгтэй гомдол гаргасан байсан. Мөн энэ хүний ах болох С.Дэмбэрэлийн охины улсын үйлдвэрийг хохироосон маш их хэмжээний ам.долларын асуудал зэрэг хоёр хэрэг шалгагдаж яваад, хэрэгсэхгүй болгосон байсан юм. Тухайн үед надтай холбогдох гэж, сайн дүү болох гэж маш их хичээсэн. Энэ хүнийг тодорхой зорилгоор өөгшүүлж байгаа хүн бий, мөн бага зэрэг өш хонзонгийн зүйл байгаа, төрийн арчаагүй байдлыг ашиглаж байгаа хүн юм. Яриад байгаа дөрвөн сая ам.долларын тухай түүх ингэж эхэлдэг юм. Тухайн үед “Алтан Дорнод Монгол”-ын захирал Паушок Монголын Засгийн газартай “Алтны 68 хувийн татвар төлөхгүй би гадаадын хөрөнгө оруулагч” гэж Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг. Гэтэл Арбитрын шүүхээс Тогтвортой байдлын гэрээгүй байсан учир төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Тэгээд сүүлдээ Паушок “Монголд юм хийж болохгүй юм байна” гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Яагаад энэ тухай яриад, мэдээд, “байна лээ...” гэж хэлээд байна вэ гэхээр энэ хэрэгт нэр холбогдоод байгаа манай дүү Баатар тэр үед “Голомт” банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан. Зээл авах гээд хөөцөлдөж явах энэ үед нь “Голомт” банкны захирал Д.Баясгалан “Паушок компаниа зарна гэж байна. Манай банк энэ “Алтан Дорнод”-оос маш их авлагатай. Авлагаа салгаж авмаар байна. Тэгэхээр би чамд зээл гаргаад өгье. Чи харин Паушокийн компанийг ав” гэсэн юм билээ. Тэгээд манай дүү, тэр Бямбаатай хамт Москва яваад Паушоктой уулзаж, компанийг нь худалдаж авахаар тохироод төлбөр тооцоо хийх графикаа хийсэн байгаа юм. Паушок, эхлээд хоёр сая ам.доллар төл гэсэн болзол тавьсан юм байна лээ. Тэгээд манай дүү “Голомт” банкнаас зээлсэн мөнгөнөөсөө хоёр сая ам.долларыг Паушокт төлсөн. Иймэрхүү байдалтай явж байх үед нь Баясгалан гэнэт зээл өгөхөө зогсоосон. Юу болсон гэхээр “Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаж авах хүн олдлоо” гэсэн. Тэр нь энэ Т.Ганболд. Ямар ч байсан Д.Баясгалан “Бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ. Хоёулаа ярьсан юм аа зогсооё” гэж манай дүүд хэлсэн байна лээ. Нэгэнт банк нь зээл өгөхгүй юм чинь тэгэхээс яахав гээд ингээд зогссон. Тэгээд Т.Ганболд, Д.Баясгалан, манай дүү гурав суугаад “За, би “Голомт” банкнаас урьдчилж зээл аваад, энэ Паушок гэдэг хүнд хоёр сая ам.доллар өгсөн. Та энэ мөнгийг буцааж манай данс руу хийгээд “Голомт” банкны өрийг хааж өгнө шүү” гэж тохирсон байдаг. Энэ дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд хоёр сая ам.доллар хоорондын тооцоо гэж Т.Ганболдын компаниас орж ирээд, мөн тэр өдрөө зээлийн төлбөр гээд гараад явсан бичиг байна. Ингээд манай дүү энэ төлбөр тооцоогоо хийгээд бүх юмаа хааж байгаа юм. Гэтэл сарын дараа манай дүү компанийнхаа дансыг шалгасан чинь дахиад хоёр сая ам.доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод, гараад явсан байдаг. Тэгэхээр нь 2011 оны арваннэгдүгээр сарын 14-нд “Голомт” банкны захирал руу албан тоот явуулжээ. “Манай компанийн данс руу юун мөнгө ороод гарав...” гэсэн утгатай. Ингээд “Голомт” банк гүйлгээ хийсэн бүх баримтаа шалгаад манай дүүд буцаан нэг хуудас цаас хариу өгсөн байдаг. 2011 оны арваннэгдүгээр сарын 08-нд “Пайнеринг” гэдэг Т.Ганболдын компани, “Рекат Монголия” гэдэг компанийн данс руу андуурч хоёр сая ам.доллар шилжүүлсэн тул буцаан шилжүүлж өгнө үү гэсэн бичиг ирсэн. Тиймээс буцааж шилжүүлсэн. Ийм юм болсон учир бид танай данснаас буцаан татсан, уучлаарай” гэсэн агуулгатай. Тэгэхээр энэ Т.Ганболдын яриад байгаа дөрвөн сая ам.долларын хоёр сая нь хоорондын төлбөр тооцоо, нөгөөх нь андуурч хийсэн хоёр сая ам.долларын бичиг. Үүнийгээ бариад л гүйгээд байгаа юм. Тэгэхээр тэр мөнгийг андуурч манай дүүгийн компанийн данс руу шилжүүлсэн биш бүр зориуд хийчхээд андуурсан гэсэн бичиг гаргаж, сенсааци үүсгээд байна.
Т.Ганболд:
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
-Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа хэрэг. Гэхдээ энэ дөрвөн сая ам.доллар бол энэ хүний авсан мөнгөний тодорхой нэг хэсэг буюу олон нийтэд ил гарсан хэсэг нь. Мөн компанийн хувьцааг худалдаж авахад гэрээн дээр заасан дүн, миний төлбөрөө хийсэн дүн хоёр яг таарч байгаа. Хийсэн гэрээ маань 18 сая ам.доллар байсныг би хийсэн. Энэ гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн гэсэн үг. Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил байдаг. Тэр яриад байгаа андуурагдсан хоёр сая ам.доллар өнөөдөр ч эргэж орж ирээгүй байгаа. Дөрвөн сая ам.доллар бол зөвхөн ил болсон мөнгө. Тэрнээс илүү ч их мөнгө байгаа. Гэхдээ энэ хэрэг шалгагдаж байгаа учраас би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ компанитай холбоотой орсон, гарсан мөнгийг бүгдийг нь дансны хуулгаар нь харж болно. Энэ бол өөрсдийнх нь авах гэж байсан компанийг нь авсан учраас надаас такс авсан төлбөр нь юм. 2011 онд Паушокийг Монголын Засгийн газарт нэг тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг шийдвэр гарсны дараа замын дундаас гэнэт хэсэг бүлэг хүмүүс гарч ирсэн. Тэр нь Ч.Бямбаа, Д.Баатар гэж хүмүүс бий. Тэр хүмүүс намайг энэ наймаанаас холд гэж хэлж байсан. Гэвч би холдоогүй, хийх ёстой наймаагаа хийж авсан юм. Бас тэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ган бөмблөгийн бэлдэцийг Эрдэнэт үйлдвэрт өндөр үнээр нийлүүлсэн гэж яриад байгаа. Намайг өндөр үнээр зарсан гээд яриад байгаа юм. Гэтэл тэр өндөр үнээр худалдан авсан үйлдвэр нь буруудмаар санагдаад байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ