Монгол Улс болон БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож буй. Энэ хүрээнд “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” гэрэл зургийн цомгийн нээлтийн танилцуулга Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд өчигдөр /2019.01.08/ боллоо.
"Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” гэрэл зургийн цомогт БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 1955-1965 онуудад Монгол Улсад өрнөсөн их бүтээн байгуулалт болон Хятад барилгачдын барьж байгуулсан барилга объектыг судлан гэрэл зургийн цомогт буулгажээ.
Тухайлбал, бидний үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг Төв цэнгэлдэх хүрээлэнг хятад барилгачид 1958 онд, Пионерын ордонг 1958 онд, Спортын төв ордонг 1959 онд, Улаанбаатар зочид буудлыг 1961 онд, Улсын их дэлгүүрийг 1961 онд ашиглалтад оруулсан бол Засгийн газрын өргөтгөлийг хятад, монгол ажилчид хамтран 1961 онд хийж гүйцэтгэжээ.
Хятад барилгачдын барьсан 850 орчим барилга байгууламж байгаагаас энэ удаагийн цомогт 369 нэгж байгууллагын 520 ширхэг өнгөт болон хуучны хар цагаан зургийг оруулан бэлдсэн байна.
ХЯТАД АЖИЛЧИД МОНГОЛ УЛСЫН 18 АЙМАГ, 200 СУМД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖЭЭ
Хятад судлаач, Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” гэрэл зургийн цомгийг эмхэтгэн найруулсан Х.Баатархүү “БНХАУ болон Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байна. 70 жилийн ойн анхны арга хэмжээний нээлтийг миний эмхэтгэн найруулсан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” нэртэй гэрэл зургийн цомгоор нээж байгаад талархаж байна. 1955 оны тавдугаар сарын 8-ны өдөр анхны 7200 хятад ажилчин ирж 1964 онд ихэнх нь буцсан байдаг. Өнгөрсөн арван жилийн хугацаанд хятад ажилчид Монгол Улсын 18 аймаг, 200 сумд бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Давхардсан тоогоор арван жилийн хугацаанд 26 мянган хятад ажилчин Монгол Улсын барилга дэд бүтэц хот байгуулалтын төлөө ажиллан томоохон өөрчлөлтийг авчирсан. Өнгөрсөн арван жилийн хугацааны өрнөлийг аль болох товч ойлгомжтой, хэлбэрээр гэрэл зургийн цомог хэлбэрээр гаргалаа. Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд хятад ажилчид томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг бидний ард байгаа үзэсгэлэнгээс харагдах байх” гэв.
"Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” гэрэл зургийн цомогт бүх аймгийн товч танилцуулга оруулан тухайн үед Хятад ажилчдын барьсан барилга сум болгоноор харин нийслэл Улаанбаатар хотын хувьд барилга объектуудыг зориулалтынх нь дагуу зургаа ангилан дэд бүтэц үүсгэн уншигч судлаачдад сонирхолтой байхаар бэлджээ. Гэрэл зургийн цомог нь арилжааны бус учраас хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн дээр бүтээгдсэн бүтээл гэнэ.
ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ТОМООХОН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЭХЭД ХОЁР ТАЛААС ТӨЛӨВЛӨЖ АЖИЛЛАЖ БАЙНА
Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын их хурлын гишүүн шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрбээр “Хоёр улсын хүчин зүтгэлийн үр дүнд Монгол хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж хамтын ажиллагаанд шинэ ахиц гарч байгааг онцолмоор байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. БНХАУ-ын Засгийн газраас хөрш орнууд ялангуяа Монгол Улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч найрсаг дотно чин сэтгэлээсээ нээлттэй хүртээмжтэй хандсаар ирсэн. Монгол Улсын дэвшүүлсэн хөгжлийн зам хөтөлбөрийг бүс бас зам санаачилгатай уялдуулж хамтран ажиллах мөн гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхэд хоёр талаас төлөвлөж ажиллаж байна.
Бүтэн жилийн туршид хамтран тэмдэглэх 70 жилийн ойн үйл ажиллагаа нь төгөлдөр утга агуулгатай хоёр улсын ард иргэдэд үр өгөөжтэй сайхан арга хэмжээнүүд болно гэдэгт итгэлтэй байна. Ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” гэрэл зургийн цомгийн нээлтээр ойн баяраа нээж байна. Энэхүү цомог нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-ын зүгээс Монгол Улсад үзүүлсэн зээл, тусламж түүгээр бүтээн байгуулсан барилга байгууламжийн эмхэтгэсэн бүтээл юм" гэлээ.
Тэрбээр дараа нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Миньд 1950 оны есдүгээр сарын 5-ны өдөр нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгээс Хятадын ард түмэнд зориулж бичсэн ерөөлийг эх хэл дээр нь орчуулсныг гардуулан өглөө. Тус арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ