Цэгэн массаж томуунаас сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Цэгэн массаж томуунаас сэргийлнэ

Цэгэн массаж томуунаас сэргийлнэ

Шинэ жилийн баярын дараа хүүхдүүдийн ханиад томуу хүндэрч, эмнэлэгт хэвтэх нь эрс нэмэгдсэн тул Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгсөн.

Мэргэжилтнүүд хүүхдээ ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх тал дээр эцэг, эхчүүдийг онцгой анхаарч, олон нийтийн газраар авч явахгүй байхыг сануулсан. Хүүхдийг цэцэрлэгт явуулахдаа амны хаалт зүүлгэж заншихыг анхааруулж, хүүхдэдээ аарц, чацаргана зэрэг амин дэмээр баялаг хүнс, витамин, ногоогоор баяжуулсан хүнс өгөх хэрэгтэйг ч мөн зөвлөж байна. Түүнчлэн мэргэжилтнүүд дархлаа сайжруулж, томуугаас урьдчилан сэргийлэх массажийг тогтмол хийж заншихыг санал болгодог.

Гэвч, эмч мэргэжилтнүүд сануулсаар байтал зарим эцэг эх өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулаад зах дэлгүүр хэсэх нь бий. Ханиад хүрсний дараа эмнэлэгт хандахаас илүү томуугаас урьдчилан сэргийлэх цэгэн массажийг хийлгэх ёстойг өрхийн эмч нар хэлж байна. Эцэг, эхчүүд томуугаас урьдчилан сэргийлэх аргыг орхигдуулж байгааг тэд шүүмжлэв. Тиймээс цэгэн массажийг дүүргийн эмнэлгүүдэд хийдэг эсэхийг, эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуугаас хэрхэн урьдчилан сэргийлж байгааг сурвалжиллаа.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ороход хүүхдээ тэвэрсэн ээж, аав, өндөр настан гээд коридор дүүрэн хүн. Гэвч тэдэн дунд маск зүүсэн нь тун цөөн байлаа.

Нэгдсэн эмнэлэгт гэрээр эмчлэх боломжгүй хүндэрсэн хүүхдүүдийг эмчилдэг. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 80 ортой ч өчигдрийн /2018.1.8/ байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ жил нэмэлтээр эвхдэг ор гаргаж хамгийн ихдээ 200 хүүхэд хүлээн авч байгаа гэнэ. Ачаалал нь стандартаас хоёр дахин хэтэрсэн орчин, хүүхэд уйлалдаж, хүүхдээ тэвэрсэн ээжүүд коридороор хөлхөлдөж байлаа.

Ингээд эмнэлгийн Сэргээн засах, уламжлалтын эмчилгээний тасагт орлоо. Учир нь, цэгэн массажны арга нь уламжлалт эмчилгээнд багтдаг юм байна. Тасгийн нэгэн өрөөнд ой хүрээгүй болов уу гэмээр хүүхэд бага зэрэг уйлагнан эмч хүүхдийн гэдсийг элэн ямар нэгэн эмчилгээ хийж байлаа. Төөнүүр эмчилгээ хийж байгаа нь энэ аж. Төөнүүр эмчилгээг суулгалттай байгаа хүүхдэд хийдэг юм байна.

ЦЭГЭН МАССАЖНЫ ТАЛААР ХАРЖ, СОНСОЖ БАЙСАН Ч ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ

Хүүхдийн ээж Ц.Насанжаргалаас ханиад хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байсныг сонирхлоо. Тэрбээр “Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гаа хэрэглэдэг” гэсэн юм. Харин урьдчилан сэргийлэх эмчилгээний нэг хэлбэр цэгэн массажны талаар асуухад “Цэгэн массажны талаар харж, сонсож байсан ч хийж үзээгүй” гэлээ.

Өрөөний үүдэнд бага насны хүүхдээ тэвэрсэн ээж зогсож байсан бөгөөд түүнээс хүүхдээ ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлдгийг лавлахад “Аль болох чихэр бага хэрэглүүлж, чанартай хүнс өгч, дулаан хувцасладаг. Цэгэн массаж нь ханиаднаас урьдчилан сэргийлдэг, дархлааг дэмждэг гэж сонссон ч хийж үзэж байгаагүй” гэсэн юм.

ЦЭГЭН МАССАЖ ХИЙЛГЭХЭЭР НЭГ Ч ХҮН ЗОРЬЖ ИРЖ БАЙГААГҮЙ

Дархлаа сэргээх, томуугаас урьдчилан сэргийлэх цэгэн массажны талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах, уламжлалтын тасгийн эмч Ж.Отгонтуяагаас тодрууллаа.

-Уламжлалт аргаар хүүхдэд ямар эмчилгээ хийж байна вэ?  

-Унаж бэртсэнээс үүдэн тархи нь доргисон бол бариа хийж байна. Мөн ханиад томуу нь суулгалттай хавсрах нь их байдаг тул суулгалттай хүүхдэд цэгэн төөнүүр хийдэг.

-Танай тасгаар томуугаас урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах массаж хийлгэхээр хэчнээн хүн ханддаг вэ?

-Манай тасаг Сэргээн засах, уламжлалтын дасаг гэж явдаг ч уламжлалтаараа дагнаж чаддаггүй юм. Учир нь, уламжлалт анагаах ухааныг ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий.  Тухайлбал, хүмүүс одоог хүртэл уламжлалтын тасгаар цэгэн массаж хийлгэхээр зорьж ирж байгаагүй, заагаад өгөөч гэж нэг ч хүн хандаагүй. Өнгөрсөн жил хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст томуугаас урьдчилан сэргийлэх цэгэн массаж хийх боршуур тараасан. Гэвч түүнийг хараад цэгэн массаж хийж байгаа нь харагдаагүй.

-Ямар тохиолдолд уламжлалт эмчилгээ хийдэг вэ. Танай тасагт өдөрт хэдэн хүүхдэд уламжлалт эмчилгээ хийлгэж байна вэ?

-Манай эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүдээс зөвхөн эмчийн зааврын дагуу уламжлалт эмчилгээ хийдэг. Эмчийн зааврын дагуу өдөрт 2-5 хүүхдэд л уламжлалтын эмчилгээ хийж байгаа. Ингэхдээ ихэнхдээ толгойны доргилттой хүүхдэд бариа засал, суулгалттай хүүхдэд цэгэн төөнүүр хийж байна.

-Эмч нар уламжлалт эмчилгээг санал болгохгүй байгаагийн учир юу вэ. Цэгэн массаж нь дархлааг дэмжиж, томуугаас урьдчилан сэргийлж чадах уу?

-Томуу ихэссэн үед мэдрэл уламжлалтын тасгийг хааж, ханиад томуу нь хүндэрсэн хүүхдүүдийг авдагтай холбоотой байх. Гэхдээ дээр дурдсан шиг хүмүүс уламжлалт анагаах ухааныг ойлгодоггүйтэй холбоотой байж ч болох юм.

Уламжлалт аргын цэгэн массаж нь дархлааг дэмждэг нь анагаах ухаанаар батлагдсан. Хүний биед 400 орчим цэг бий. Үүнээс 365 цэг нь идэвхтэй байдаг. Эдгээрийн найман цэг нь томуугийн вирус үүсгэгчийн эсрэг интерферон хэмээх уураг идэвхжиж, дархлаа сайжирдаг. Ингэснээр томуугийн халдварын эмчилгээ болохоос гадна томуугаас урьдчилан сэргийлдэг. Энэ массажийг том хүнд ч хийж болно. Энэ массаж нь хамрын битүүрлийг арилгах зэрэг олон давуу талтай. Хамгийн гол нь томуугаар өвчлөхөөс урьдчилан сэргийлж чадна.

-Томуугаас урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах цэгэн массаж хийлгүүлэх хүн хаана хандах вэ. Заавал уламжлалтын эмчид хандах уу?

-Цэгэн массажийг заавал мэргэжлийн эмчээр хийлгэх албагүй. Зурагт хуудас, видео зэргээс харж байгаад өөрсдөө хийж болно. Энэ массажийг өдөрт 3-6 удаа хийвэл зохимжтой. Бас өдөр бүр хийвэл хэвшил болдог.

Тус тасагт хүүхдүүдийг утлагад оруулж, бумба тавиж, төөнүүр хийж байгаа харагдав.

Уламжлалт анагаах ухаан хөгжсөн Азийн орнуудад дархлаа сэргээх массажыг чухалчилдаг бол Монголд эмч нар нь ч, ард иргэд нь ч уламжлалт эмчилгээг ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Хэдийгээр дүүргийн нэгдсэн эмнэлэгт Уламжлалтын тасаг гэж байгаа хэдий ч Сэтгээн засахтайгаа цуг байдаг, бие дээсэн тасаг болж, үйл ажиллагаагаа бие даан явуулж чадахгүй л байна. 

 

ДАРХЛАА СЭРГЭЭХ, ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ ЦЭГЭН МАССАЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж