УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2019.01.08/ хуралдлаа. Тус хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал бол Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА:
-Инноваци болон оюуны өмчийг бүтээл болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь боловсронгуй болж байгаа ч хэрэгжилт дээр үйл ажиллагаа тодорхой бус байна. Оюуны өмчийг патентжуулах, баталгаажих хүртэл маш урт замыг туулдаг. Тиймээс оюуны өмчийг патентжуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг хэзээ оруулж ирэх вэ.
БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА:
-Монгол Улс XXI зууны босгон дээр мэдлэгт суурилсан нийгмийг бүтээхийн тулд инноваци, дэвшилтэт санаачилгуудыг дэмжих төрийн бодлогыг зайлшгүй гаргах шаардлагатай байгаа. Бидний оролцоогүйгээр аж ахуй нэгж, хувь хүн, иргэд өөрсдөө эдийн засгийн өргөн агуулгатай, эрмэлзэл дүүрэн цаг үед амьдарч байна. Тиймээс төр сонголт хийх, үр дүнтэй байх боломжийг нь бий болгох ёстой. Тэр утгаараа яам оюуны өмчийг бүртгэх тухай асуудлыг оруулж ирэх ёстой гэдэг дээр санал нэгддэг ч хуулийн бүтцээрээ Иргэний бүртгэл дээр байх зөрчилтэй байр сууриуд ажиглагдаж байгаа. Бид ямар бодлого, зорилгоор ажиллах вэ гэдгээ тодорхой ярилцаж байгаа.
Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үүний дараа Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийлээ.
ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:
-Энэ жилийг ХНХЯ-наас Багшийн хөгжлийг дэмжих болж болгон зарлаж байна. Энэ хүрээнд МСҮТ-ийн багш нарын урамшууллыг цалингийн 10 хувь болгож, мөнгийг нь улирал тутам олгоно. Мөн цалин нэмэгдэнэ. Түүнчлэн МСҮТ-ийн багш нарыг 1300 гаруй компьютерээр хангана. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт зохион байгууллаа. Чанарын баталгаажуулалтын хүрээнд магадлан итгэмжлүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байхаар энэ оны төсөвт 41 тэрбум төгрөг суутгасан. Үнэлгээ, ирц, сургалтын амжилтаас хамаарч тэтгэлэг олгоно хэмээлээ.
Мэдээллийн дараа гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:
-МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох юм байна. Ингэснээр МСҮТ-д суралцагчдын тоо нэмэгдсэн үү.
ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:
-Тэтгэлэг олгосноор залуучуудыг мэргэжил, ур чадвартай болгох сонирхлыг өдөөсөн. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцана гэж харж байгаа.
АЖЛЫН ХЭСЭГ:
-Тэтгэлэг олгодог байх үед суралцагсдын тоо 10 мянга гарч байсан. Харин тэтгэлэг олгохоо больсон жилүүдэд 5000 болтлоо буурсан. Одоо тэтгэлэг олгодог болсноор элсэлт нэмэгдэнэ гэж үзэж байна. Өмнө нь ЕБС-ийн төгсөгчдийн тоо 12 мянга байсан. Ирэх жил ЕБС төгсөгчдийн тоо 17 мянгад хүрнэ. Тиймээс тэтгэлэг олгосноор элсэгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн прогноз байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
-МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгохдоо сургалтын чанар, ирцийг харгалзаж мөнгийг нь олгож байгаа гэж ойлголоо. Засгийн газраас нэгэнт төсвийг нь төсөвт суулгасан учраас энэ мөнгийг нь олгоод явах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Сурагчдад нь мөнгөн тэтгэмж олгож байгаа ч сургалтын орчин, сургуулийн чанар сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ.
ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:
-Сургалтын байгууллагуудын чанартай холбоотой асуудалд анхаарах ёстой. Саяхан ажлын хэсэг байгуулж мэргэжлийн байгууллагуудад ажилласан. Мөн оюутны тоо давхардах асуудал маш их байгаа юм билээ. Энэ асуудлыг бид засч, залруулаад явж байгаа. Түүнээс гадна тодорхой хэмжээний тэтгэмж олгож байгаа учраас сургалтын чанараар нь үнэлэх нь шударга зарчим гэдэг үүднээс болзол тавьж ажиллаж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:
-МСҮТ-үүд өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах боломжийг нээж өгнө гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ ямар ахицтай явж байна вэ. МСҮТ-үүд өөрийн үйл ажиллагаанаас орлого олох боломж хэр байдаг, аль чиглэлд зарцуулах боломж юу байдаг вэ. Энэ чиглэлээр тодорхой судалгаатай журмаа баталсан уу.
АЖЛЫН ХЭСЭГ:
-Сангийн яамтай хамтран энэ журамтай холбоотойгоор уулзалт хийсэн. Сангийн яамнаас тусгайлан журам батлах шаардлагагүй гэж үзсэн. Түүнээс гадна хуулийн шинэчлэл орж ирэхээр бүтээгдэхүүн борлуулах зохицуулалт нь илүү боломжтой гэж харж байгаа. Сангийн яамнаас баталсан журмын дагуу ашигтай ажилласан сургуулиуд 128 сая төгрөгийн орлогоороо нийгмийн асуудлаа шийдэхэд зарцуулсан байгаа юм. Тэгэхээр одоогийн байгаа журмыг шинэчлэх шаардлагагүй гэж үзсэн.
Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авч дууссаны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг байнгын хороонд танилцуулав. Тэрбээр, “2018 оны хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 36,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар, хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан. Эдгээр арга хэмжээнээс 2018 онд 17,3 тэрбум төгрөг зарцуулагдахаар төлөвлөгдсөн. Нийслэл дүүрэгт хоёр тэрбум, аймаг, орон нутагт таван тэрбум төгрөгийн хөтөлбөр арга хэмжээнд зарцуулах, худалдан авах, эрх шилжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар санхүүжилт 97,2 хувийн гүйцэтгэлтэй гарсан.
Үүний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яамдын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцууллаа. Боловсролын салбарт гурван ээлжээр хичээллэх сургуулийн тоог бууруулах, орон нутагт төсвөө шилжүүлэх бүтцийн дагуу хөрөнгө оруулалтаа шийдсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт 211,6 тэрбум, соёл урлагийн салбарт 35,2 тэрбум, биеийн тамир, спортын салбарт 15,9 тэрбум, гадаадын зээл тусламжаар 108,3 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөгджээ. Харин шинжлэх ухааны салбарт 2018 оны төсөвт нэг ч төгрөг суулгаагүй байна. Хөрөнгө оруулалт боловсролын салбарт тав дахин хийгдсэн гэдгийг салбарын сайд нь онцоллоо.
Мөн Эрүүл мэндийн салбарт 2018 онд эрүүл мэндийн сайдын багцад 193,3 тэрбум төгрөгийн 63 төсөл арга хэмжээ хэрэгжихээр батлагджээ. Гадаадын зээл тусламжаар 12 тэрбум төгрөгийн гурван төсөл хэрэгжихээр батлагдсан байна. Шинээр 87,6 тэрбум төгрөгийн 50 төсөл арга хэмжээнээс 38,6 тэрбум төгрөгийг 29 шинэ барилга, тоног төхөөрөмжид 11,4 тэрбум төгрөг тус тус төсөвлөгдсөнөөс долоо барилга ашиглалтад оржээ.
Гурван яамны 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБОЛД:
-Гурван яамны хөрөнгө оруулалттай холбоотой дүнтэй танилцлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай байнгын хорооноос ажлын хэсэг гарч, шалгалт хийсэн. Тухайн үед 20 орчим хувьтай байсан ажил өнөөдөр 80,90 хувьтай байна гэхэд миний санаанд багтахгүй л байна. Зарим яамны ажил тендер нь дөнгөж аравдугаар сард зарлагдаж байсан ажил ч байсан. Байнгын хорооноос дахин ажлын хэсэг гаргаж, 2018 оны гүйцэтгэлтэй уялдуулж, шалгаж, нягтлах нь зөв болов уу гэж бодож байна. Хийгээгүй ажлын төлөө санхүүжилтээ авчихсан олон ажил байгаа гэж сонссон. Тиймээс байнгын хороо үүнд анхаарч ажиллах нь зөв болов уу.
Үүгээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ