Хөлдөж хайрагдсан улаан хацартай, цантсан цагаан толгойтой бяцхан хүүгийн зураг 2018 оны нэгдүгээр сард цахим ертөнцөд тавигдсан нь тухайн үедээ олны анхаарлыг ихэд татаж, Хятадын ядуурлын бодит байдлыг дэлгэн харуулсан билээ.
“Мөсөн хүү” хэмээх нэрээр цахим ертөнцөд алдаршсан, Хятадын Юннан мужид амьдардаг Ван Фүман хүү өнгөрсөн жил буюу найман настай байхдаа өвлийн тэсгим хүйтэнд сургуульдаа ирэхийн тулд өдөр бүр 4.5 км алхдаг байсан юм. Өвлийн цочир хүйтнээс болж чих, хацар, үс нь мөстсөн байдалтай ангидаа орж ирсэн хүү хол гэртэй, ядуу амьдралтай ч ангидаа “толгой цохидог” ухаалаг нэгэн болохыг түүний зургийг авч, цахим орчинд нийтэлсэн ангийн багш нь онцолжээ.
Ван Фүман хичээлээ таслалгүй өдөр бүр сургуульдаа алхаж ирдгээр барахгүй онц сурдаг байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, түүнд туслах хандивын өргөн хүрээтэй аян өрнөсөн юм.
Харин одоо есөн нас хүрсэн хүүгийн амьдрал өнгөрсөн 12 сарын хугацаанд маш их өөрчлөгдсөн тухай Хятадын өдөр тутмын сонин сурвалжилжээ.
Түүний гэр бүл сургуулиас нь аравхан минут алхаад хүрэх газар хоёр өрөө байранд нүүн орсон аж. “Бидний амьдрал маш их өөрчлөгдсөн. Шавар байшинд амьдарч, шавхаатай замаар өдөр бүр алхдаг байснаа бодоход бид одоо нар, салхинаас бүрэн хамгаалах тухтай байранд амьдарч байна” хэмээн түүний аав Ван Ганкүй хэлжээ. Мөнгөтэй болсны ачаар тэдний гэр бүл хоол хүнс, өмсөх хувцсаар дутахааргүй болсон байна.
Ван Фүманд өгсөн хүмүүсийн хандивын ачаар өвлийн хүйтэнд халаалтгүй байсан сургуулийнх нь нөхцөл байдал ч бас сайжирчээ. Сургууль нь засвар хийж, халаалттай болоод зогсохгүй холоос хичээлдээ ирдэг хүүхдүүдэд зориулан дотуур байрыг ч барьж, ашиглалтад оруулжээ. “Ван Фүман онц сурдаг, хичээлдээ идэвх чармайлттай, манай сургуулийн шилдэг сурагчдын нэг. Түүний гэр болон манай сургуулийн нөхцөл байдлын талаар олон хүмүүс мэдэж, сайхан сэтгэлт хүмүүс хандив болон сэтгэлийн дэм өгсний ачаар манай сургуулийн хүүхдүүд гайхамшиг гээч зүйлийг бодитоор мэдэрч байна. Хүүхдүүдийн маань мөрөөдлийн үр нэг л өдөр цэцэглэж, тэд ирээдүй рүүгээ итгэл төгс, баяр баясгалантайгаар алхах болно” хэмээн сургуулийнх нь захирал Фу Хэн хэлсэн байна.
Ван Фүман хүү “муу залуусыг барьдаг” цагдаа болохыг хүсдэг байсан мөрөөдөл нь одоо ч хэвээр гэжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ