Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ зээл авсан өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр /2019.01.08/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр ЖДҮХС-аас зээл авсан УИХ болон Засгийн газрын өндөр албан тушаалтнууд зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.
2018 оны 11-12 дугаар сарын байдлаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, О.Батнасан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү болох У.Давхарбаяр нар зээлийн эргэн төлөлтөө хийсэн байна.
Тэрбээр “УИХ-ын үймээн шуугиан дунд ЖДҮХС-ын асуудал мартагдах гээд байгаа учир эргэн сануулж байна. ЖДҮХС-аас зээл авсан Капитал банкны асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа” мэдэгдэж байна гэв.
САНГИЙН ЯАМ ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД НЭРИЙН ДОР 19 ТЭРБУМ 870 САЯ ТӨГРӨГИЙГ ЖДҮХС-ААС АВСАН
Тэрбээр “ЖДҮХС-ын эргэн төлөлтөөр тус санд 30-40 тэрбум төгрөг цугларсан. Гэтэл 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын бонд нэрийн дор 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам ЖДҮХС-аас авсан байдаг. Энэ нь ямар учиртай мөнгө болох нь тодорхойгүй байна. Тиймээс ЖДҮХС-д Баялаг бүтээгчдийн холбооноос Засгийн газрын бонд нэрийн дор гаргасан 19 тэрбум 870 сая төгрөгийн лавлагаа мэдээлэл авахаар хандахаа мэдэгдэж байна. Мөн Капитал банкны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол хүргүүлнэ. Тодруулбал, ЖДҮХС-аар дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан "Капитал" банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид зээл олгосон.
Миний гарт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээ байна. Энэ гэрээ нь ЖДҮХС-аас "Капитал" банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ юм.
Гэрээний 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги хоёр тэрбум төгрөг нийлээд 47 тэрбум 447 сая төгрөг болж байна.
2011 оны гэрээнд зааснаар таван жилийн хугацаатай. Гэрээний хугацаа дуусахаар үл маргах журмаар нэг сарын дотор зээлээ буцаан санд төлнө. Гэрээг биелүүлээгүй тохиолдолд алданги нь хоногийн 0.5 хувь байна” гэсэн байна. Гэтэл эргэн төлөлтөө хийгээгүй байхад нь 2017 оны арванхоёрдугаар сарын 10-нд Капитал банктай дахин нууц гэрээ хийгээд өмнөх гэрээгээ хүчингүй болгосон. Үл маргах журмаар мөнгөө төлөх ёстой байтал дахин нууц гэрээ хийсэн гэсэн үг. 2017 оны аравдугаар сард гэрээ хийхдээ өмнөх гэрээнийхээ алдангийг 0 мянганы 14 хувиар бодсон байгаа юм.
Капитал банк хүмүүст мөнгө зээлчхээд зээлээ өгөхгүй бол алдангийг нь хоногийн 0.5 хувиар тооцож авдаг. Харин , улсад төлөхдөө хоногийн 0 мянганы 14 хувь буюу сарын 0.5 хувь ч хүрэхгүй алданги тооцсон гэрээ надад байна.
Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2017 оны аравдугаар сарын 10-ны өдрийн гэрээг цуцлах талаарх гомдлыг хүргүүлнэ. Энэ гэрээг шалгуулахаар давхар АТГ-д хандаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр Капитал банк Баялаг бүтээгчдийн холбооны нэр дээр гомдол гаргаад хэрэг үүссэн явж байна. Уг нь Иргэний хуульд зааснаар Эрүүгийн хэрэг үүссэн бол иргэний хэрэг үүсэхгүй гэснийг зөрчин Баянгол дүүргийн шүүгч хүртэл мөнгөтэй хүний эрх ашгийг хамгаалж байна" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ