МАН хулгайч дээрээ дээрэмдэгч

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

МАН хулгайч дээрээ дээрэмдэгч

МАН хулгайч дээрээ дээрэмдэгч

У.Хүрэлсүхийн даалгавраар Салхитын ордод тусгай ажиллагаа явуулсан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Асгатын ордын тусгай зөвшөөрлийг 100 хувь “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх болсон талаар хэвлэлийнхэнд өчигдөр /2019.01.07/ мэдээлэл өгсөн нь “мордохын хазгай” болов.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростех”-тэй наймаалцах үед оросууд Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг мөн “Монголын зэс”-эд худалдсан бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН-ын үнэмлэхүй олонхиос бүрдсэн УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу өрнөж буй “дээрмийн” нэгээхэн хэсэг нь Г.Занданшатарын өчигдрийн өгсөн мэдээлэл. Хөрөнгө оруулагчдын хувьд энэнээс муу мессеж гэж юу байхав. Тэр тусмаа шууд буу тулгаж байгаад бусдын объект руу халдаж байгаагаа татварын мөнгөөр тэжээгддэг Төв телевизээрээ мэдээлсний дараа Монголд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, ам.долларын ханш буурна гэж хүлээгээд ч нэмэргүй. Ерөнхий сайдын чуулганы хуралдаан дээр  нэгэнтээ хэлж байсан “Монгол доллар үйлдвэрлэдэггүй” нь үнэн ч, доллар оруулж ирдэг нь гаднын хөрөнгө оруулагчид билээ.

Монголд гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд улам тааламжгүй орчин бий болж байна. Тэр нь төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аврах МАН-ын засгийн үед шүү дээ. МАН-ыг засаглах үед хөрөнгө оруулагчдыг үргээсэн хууль тогтоомжууд цөөнгүй гарч байсан. 2011 онд дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн Монголын шууд хөрөнгө оруулалт 500 сая ам.долларт хүртлээ уруудсан нь С.Батболдын Засгийн газраас өргөн барьж, Д.Дэмбэрэлийн парламентын баталсан Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай холбогддог. Өнөөдрийн хувьд "байгалийн тэнэгдүү" биш бол хуусаар худалч, хулгайлсаар дээрэмчин болчихсон Монголд хөрөнгө оруулж ирэх хүн байхгүй л болов уу.

“ЭРДЭНЭТ”-ЭЭС ЭХЭЛСЭН ДЭЭРЭМ

УИХ-ын сонгуулийн өмнө, илүү тодорхойгоор хэлбэл, 2016 оны зургадугаар сарын 24-нд  Оросын “Ростех” компани өөрийн эзэмшиж байсан “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс”-д худалдан гэрээнд худалдагч, худалдан авагч нар гарын үсэг зурсан. Үүнээс тав хоногийн дараа Монголд парламентын сонгууль явагдаж, МАН үнэмлэхүй олонх болов. Тэр цагаас эхлээд өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон Ц.Нямдоржоос эхлээд МАН, АН-ын нийлсэн попчид “Эрдэнэт”-ийг буцаан авах тухай улс төр хийх болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн дэмжлэгийг авахын тулд УИХ дахь МАН-ын үнэмлэхүй олонх Оросын эзэмшилд байсан Монголын өмчийг худалдаж авчирсан “Монголын зэс”-ээс дээрэм хийж, шууд 100 хувь төрийн болгох тогтоол гаргасны дагуу эхлээд “Эрдэнэт”-ийг дараа нь Асгатын ордын тусгай зөвшөөрөл “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлэх үйл явц У.Хүрэлсүхийн даалгавраар хийгдэж байна.

Тэрчлэн саяхан Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Салхитын ордод зураг авалтаа хийсэн Молливудын нэгдүгээр ангийг ч нэрлэж болно. Кино цаашид хэдэн ч ангитай байж болох нь “Монгол Улсын Засгийн газар хуульчид, хуулийн байгууллагын нотолгоо, баримт бичигт үндэслэн хуулийн хүрээнд ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн ордуудыг төрийн мэдэлд буцааж авч байгаа”-г дуулгасан Г.Занданшатарын үг.

ЖДҮ-ГЭЭР ИЛЭРСЭН ХУЛГАЙ

ЖДҮ бол жижиг хулгай болтлоо “намжааж” буй жижиг дунд үйлдвэрийн зээлийн асуудал МАН-ын эрх баригчдын идсэн уусныг дэлгэсэн том баримт юм, уг нь. Өнгөрсөн онд УИХ-ын нэр бүхий 13 гишүүн бүр бодлого боловсруулдаг Засгийн сайдууд, Ерөнхий сайд нь нэр холбогдож, өөрийн хамаарал бүхий компани болон ах дүү нартайгаа нийлээд идсэн 64 тэрбумын асуудал баримттайгаа дэлгэгдэв. Албан тушаалтнуудыг хувийн компаниараа дамжуулан анх удаа баримттайгаа олон нийтэд дэлгэгдэж, эзэн холбогдогчид нь хүлээн зөвшөөрсөн энэ дуулиан сүүлдээ “нохой нь нохой гэвч манай нохой” гэх маягаар дуусах шинжтэй. “ЖДҮ бол жижиг хулгай, өршөөж болно” гэж их мөнгөтэй, алтны эзэн ярих нь ашиг сонирхолтой байдаг юм аа гэхнээ боломжийг нь хулгайлсан тэднийг жижиг дундчууд нь “уучилбал” ёстой хохь нь  болох байлгүй.

Хэрэвзээ ЖДҮ жижиг хулгай мөн болоод өршөөх ёстой юм бол Монголын шоронгоор нэг байгаа хулгайчдаа бүгдийг нь суллавал яасан юм бэ. Адилхан л монгол хулгайчид биз дээ.

Товчхондоо, хулгайч, дээрэмчдээсээ болоод монголчууд хоёр хуваагдаж, хөхөө өвлийн хүйтэнд тэдний өмнөөс жагсах хүртлээ улстөржиж байхад МАН-ын ЖДҮчид өдгөө гадаадаар зугаалсан шигээ явааг бүлгийнх нь дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Уг нь монголчууд “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоорно” гэдэгсэн. Гэтэл эсрэгээрээ идсэн ЖДҮчид ногоорч, идүүлсэн ЖДҮ хувхайрдаг болсон байна. МАН хулгайч, хулгайч дээрээ дээрэмчин гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж