Хуваарийн дагуу өнөөдөр /2018.01.08/ үдээс өмнө хоёр байнгын хороо хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өглөө 09.00 цагаас зарласан ч одоогоор ирц нь хүрээгүй байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой юм.
Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм.
Тус байнгын хорооны ирц нь 21.1 хувьд хүрч дөрөвхөн гишүүн хуралдаа ирсэн тул байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Хуралдааныг хойшлууллаа” гэв.