М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагыг компанийнхаа алсын харааны салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, хөгжлийн хэтийн зорилтдоо тусган байнга хэрэгжүүлсээр иржээ. Тус групп олон нийт, улс эх орныхоо өмнө хүлээх өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлан, нийгмийн шинжтэй, урт хугацаанд хэрэгжих олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, М-Си-Эс Групп 25 жилийнхээ ойн хүрээнд, улиран өнгөрч буй 2018 онд урт хугацаанд бодит өгөөжөө өгөх нийгмийн хариуцлагын 80 гаруй ажил хэрэгжүүлжээ.
М-Си-Эс Группийн хэрэгжүүлдэг нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийн нэлээд хэсэг нь залуучуудыг ажлын байраар хангах, мэргэшил олгох, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэхэд чиглэгдэж байдаг. Тухайлбал, М-Си-Эс Интернэйшнл ХХК 25 жилийнхээ ойн хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг шинэчлэн засварлаж, дэлхийн боловсролын арга зүйг Монголд нэвтрүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Мөн Энержи Ресурс компани нийгэмдээ чиглэсэн, урт хугацаанд бодит өгөөж өгөх ажлуудыг тогтмол өрнүүлдэг. Тодруулбал, тус компани 2018 онд тохиож буй М-Си-Эс Группийн 25 жил, Энержи Ресурс компани үйл ажиллагаагаа эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан олон ажил зохион байгуулаад байна. Үүнээс дурдвал хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Лантуун Дохио ТББ-ын “Ид шидийн орон-2” төсөлд 740 сая төгрөг, нялхсын эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-ын “Говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах” төсөлд 370 сая төгрөг тус тус хандивласан байна.
М-Си-Эс Кока-Кола компани хөлбөмбөгийн Дэлхийн аваргын цомыг Монгол Улсад анх удаа аялууллаа. Мөн багийн спортын түүхэнд тэр дундаа Олимпийн төрөлд багтаад буй спортоор цоо шинэ хуудас нээсэн Монголын 3х3 холбооны тамирчдыг цаашид ч дэмжин ажиллахаа илтгэж 20 сая төгрөгийн шагнал гардуулсан юм. М-Си-Эс Групп, тэр дундаа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан байгаа юм. Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бол өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 5-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, хувь нэмрээ оруулаад байна.
Түүнчлэн Скай Резорт компани 2018 онд Монгол Улсаа дэлхийд төлөөлдөг, төлөөлөх зорилготой тамирчдын бэлтгэл хангах бааз суур болж, үнэ төлбөргүй үйлчилснээс гадна 2018 оны Пара олимпын гүйлтийн цанын төрөлд оролцсон тамирчинд дэмжлэг үзүүлсэн юм. Мөн “Өнөр бүл” төв, “Дэлхийн зөн” зэрэг хүүхдийн байгууллага, шилдэг сурагчид оролцсон 1000 хүүхдийн цасны баярыг зохион байгуулах үйлсийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлжээ.
Монголын анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэг БНСУ-ын Кореа их сургуулийн Анам эмнэлэгтэй тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийнхээ хүрээнд Монголд эмчлэгдэх боломжгүй гэж оношлогдсон, төрөлхийн нурууны муруйлттай, 16 жилийн турш эмчилгээ хийлгэж буй охиныг сонгон авч эмчилгээ болон эмчилгээний дараах бүх зардлыг нь даахаар болсон юм.
Мөн, Юнител компани нийгэмд эерэг хандлагыг уриалсан “Ногоон байгаасай”, “Зөв гэр бүл”, “Эерэг байгаасай” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийн баяр, Үндэсний их баяр наадам зэрэг нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд 295 ширхэг эко хогийн савыг гадна, дотно талбайд байршуулснаас гадна нийт 400 га газрын хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Үүнээс гадна Юнител компани “Зөв бай” агуулга бүхий уриатай 35 багц ажлыг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гадна сурталчилгаагаар гүйцэтгэсэн. Уг ажил нь нийгмийн сүлжээнээс давхардсан тоогоор гурван сая дэмжлэг, талархал хүлээн авчээ.
Б.СУВД