АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргааныг зохицуулах ажлын түвшний яриа хэлэлцээ өчигдөр /2019.01.07/ Бээжин хотноо эхэлжээ. Худалдааны дайн маш их сөрөг үр дагавартай байсан тул өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон Их20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трамп, Си Жиньпин нар уулзаж, худалдааны асуудлаарх үл ойлголцлоо тайлах ажлыг эхлүүлэхээр болсон юм.
УУЛЗАЛТ
Бээжингийн Худалдааны яаманд болж буй АНУ болон Хятадын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ хоёр өдөр үргэлжлэх аж.
Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн АНУ, БНХАУ нь олон тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүндээ харилцан нэмэлт татварыг ногдуулсан билээ. Харин Их20-ын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзаж, худалдааны татварыг 90 хоногийн турш дахин нэмэхгүй байх асуудалд санал нэгдсэн юм. Гэхдээ худалдааны татварыг харилцан нэмэхгүй байх 90 хоногийн хугацаанд буюу гуравдугаар сарын 1 гэхэд талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол Вашингтоны зүгээс Хятадын импортын бараанд тавих татвараа дахин нэмэгдүүлнэ хэмээн анхааруулаад байгаа юм.
АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бол БНХАУ-ын багийг Худалдааны дэд сайд Вэн Шоувэн ахалж байна. АНУ-ын зүгээс Хятад улсыг оюуны өмчийн хулгай, кибер халдлага хийхээ зогсоож, хоёр улсын худалдааны эрх ашгийг хүндлэхийг шаардаж байгаа юм.
ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ҮР ДАГАВАР
Асар том хоёр зах зээлийн дунд үүссэн худалдааны маргааны дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэх болсон энэ үед тус уулзалт зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн 2018 онд хоёр улс харилцан 300 тэрбум ам.долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар тогтоожээ.
Дэлхийн эдийн засгийн хоёр том тоглогчийн хооронд өрнөж буй худалдааны дайнд талууд импортын бараанд ногдуулах татвараа харилцан өсгөхөөс гадна Хятадын технологийн томоохон компани болох “Хуавэй” –ийн санхүү хариуцсан захирал Мэн Вэнжоуг Канадад АНУ-ын хүсэлтээр баривчилсан явдал нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Түүнийг баривчилсан нь “Huawei” компани АНУ-аас Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг зөрчсөнөөс болсон гэж тайлбарласан юм. Тус хэргээс үүдэн харьцангуй намжмал байдалд ороод байсан худалдааны дайн ширүүсэх хандлагатай байсан ч хоёр улс худалдааны хэлэлцээг амжилттай явуулахын төлөө ажиллаж эхэлсэн байна.
Худалдааны дайн эхэлснээс хойш АНУ-ын зүгээс Хятадын компаниудыг технологийн хулгай хийсэн хэрэгт буруутгаж, 50 тэрбум ам.долларын бараанд 25 хувийн, 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татварыг ногдуулсан бол Бээжин хариуд нь АНУ-ын 110 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бараанд ногдуулах импортын татвараа нэмэгдүүлсэн. Худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг буурч эхэлсэн бөгөөд олон улсын хөрөнгийн бирж тогтворгүй болж эхэлсний нэг нь “Apple”-ийн хувьцаа унасан явдал болж байна.
Түүнчлэн Бээжингийн санаачилсан “Хятадад үйлдвэрлэв-2025” төсөл нь робот болон хиймэл оюун ухааны олон улсын зах зээл дээр өрсөлдөх тоглогчдыг улсаас зориудаар санхүүжүүлж, бусад өрсөлдөгчдийг ямар ч хамаагүй аргаар шахан гаргах зорилготой байгааг Д.Трамп эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Технологийн салбараа хурдацтайгаар хөгжүүлэх тус төслийн улмаас Хятадын тагнуулчид АНУ-ын команиудаас технологийн хулгай хийх нь ихэссэн тул тэрбээр ийн эсэргүүцэх болжээ. Харин Хятад улс тус төслийг олон улсад нөлөөлөх, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг авчрах арга зам хэмээн харж байгаа.
2018 оны эцэст Хятадын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон нь эдийн засгийн зорилтод нь тусгагдсанаас доогуур үзүүлэлт байв. Мөн тус улсад орон сууцны эрэлт, хэрэгцээ өнгөрсөн оны эцсээр эрс буурсан байна.
Харин АНУ-ын эдийн засгийн өсөлт буураагүй ч ажилгүйдлийн түвшин сүүлийн хагас зуун жилд байгаагүйгээр өсчээ. Энэ нь урт хугацаандаа АНУ-ын эдийн засагт маш их сөрөг нөлөөтэй юм.
ХУДАЛДААНЫ ДАЙН ДУУСАХ УУ?
Бээжинд болж буй яриа хэлэлцээний гол зорилго нь хоёр улсын худалдааны шинэ гэрээг байгуулах аж.
Их20-ын уулзалтын үеэр Хятадын тал АНУ-аас хөдөө аж ахуй болон бусад салбарын бараа бүтээгдэхүүний импортыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн нэг их наяд 200 тэрбум ам.долларын өртөг бүхий нэмэлт гэрээ байгуулахыг санал болгосон. Хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2019.01.01-ээс эхлэн Хятадын импортын бараанд тавих татварыг 25 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байснаа цуцалсан юм.
Д.Трамп, Си Жиньпин нар Их20-ын уулзалтын үеэр худалдааны дайнаа 90 хоног завсарлах “гал зогсоох хэлэлцээр”-ийг байгуулсны ачаар Вашингтон энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Хятадын 200 тэрбум ам.долларын бараанд ногдуулж байсан 10 хувийн татвараа 25 хувь болгон өсгөх арга хэмжээгээ хойшлуулсан юм. Харин Бээжингийн зүгээс АНУ-ын импортын машинуудад ногдуулж байсан татвараа цуцалсан төдийгүй буурцгийн шош хөнгөлөлттэй тарифаар худалдан аваахаар болсон.
Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар нэмэлт тариф ногдуулахгүй байх 90 хоногийн завсарлага нь хоёр улсын хооронд үүсээд буй технологийн хулгайгаас үүдэлтэй зөрчил маргаан, мөн эдийн засгийн цаашдын харилцааг тодорхойлоход хэтэрхий богино хугацаа аж. “Хоёр тал 90 хоногийн хугацаанд зөвшилцөлд хүрч, гэрээ байгуулах нь юу л бол. Энэ долоо хоногийн уулзалтаар улс төр, эдийн засгийн илүү хүнд хэцүү шийдвэр гаргах дээд албан тушаалтнуудын уулзалтын урьдчилсан нөхцөл, ерөнхий агуулгыг л хэлэлцэнэ. Асуудлыг илүү өргөн хүрээнд харах юм бол хоёр улсын импортын бараандаа харилцан тавьсан татварт ойрын хэдэн жилд онцын өөрчлөлт гарахгүй. Худалдааны дайныг зогсооно гэдэг цаг хугацаа их шаардсан ажил байх болно” хэмээн олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэн Ту Шинчуан хэлжээ.
Эх сурвалж: CNN, Al Jazeera
Холбоотой мэдээ