NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг онцолж байна.
УИХ-д Улаанбаатар хотоос дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа түшээ. ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургуулийг Хүнсний инженер технологич мэргэжлээр суралцан төгссөн.
2000 оноос төрийн ажлын гараагаа эхэлж дэд сайд, Элчин сайд, 2004 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр, гурван жил Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан түүнийг танихгүй хүн бараг үгүй. Парламентын түүхэнд тасралтгүй сонгогдсон цөөхөн гишүүний нэг. Өнөөгийн Монголын улс төрийн амьд архивын нэг гэж хэлж болно.
Ажлын гараагаа Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер, Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологичоос ажлаас эхлүүлжээ. Ийнхүү зургаан жил мэргэжлээрээ ажиллаж байгаад 2002 оноос улстөрчийн гараагаа Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар эхлүүлж, улстөрч Д.Тэрбишдагвын намтар бичигдэж эхэлсэн түүхтэй. 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан.
2012 оноос эхлэн Д.Тэрбишдагвыг дагах бараан мэдээ хэвлэлийн хуудаснаа харагдах болсон нь намаа сольсонтой холбоотой. Энэ үеэс тэр “урвагч” гэх хочийг зүүж хэсэг хугацааны дараа төрхөмдөө буцсан юм. Ер нь түүнийг улс төрд хоёр өнцөгтэй харагддаг улстөрч гэх нь бий. Д.Тэрбишдагва гишүүн 2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр МАН-аас гарч МАХН-нд элсч байлаа. Бууриа сэлгэхэд хүргэсэн шалтгаан нь одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй холбоотой. Тухайн үед МАХН-ын төв байранд ахмад гишүүд нь түүнийг хадаг, мөнгөн аягатай сүүний хамт баярын нулимстай нүдээр талархан хүлээн авч байсан юм.
Улмаар Сонгинохайрхан дүүрэгтээ "Шударга ёс" эвслээс нэр дээр дэвшиж ялалт байгуулсан гээд намаасаа нүүр буруулсан түүнээс сонгогчид нь нүүр буруулж байгаагүй юм. Ингээд 2016 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-аас гарч МАН-д орж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн хүндхэн цаг үед нь орхилоо гэж түүнийг шүүмжлэх хүн цөөнгүй байсан нь үнэн. Гэхдээ УИХ-ын 2012 оны сонгуульд амжилттай оролцож, МАХН засагт орж ажиллахад нь түүний үүрэг оролцоо байсан.
Одоо тэр хэдийнээ хашир улс төрч болжээ. Өдий насны хүнд улс төржиж попролгүй, төрийн ажлыг хийсэн шиг хийж, залуу гишүүддээ үлгэрлэн харуулах нь юу юунаас илүү чухал. Тэрбээр өнгөрсөн жил Оюутолгойг шалгах ажлын хэсгийг ахалж, ажлын хэсгийн дүн бэлэн болсон гагцхүү чуулганаар танилцуулахаар хүлээж байна гэж сүүлийн үед хэлэх болсон. Намын бүлэгтээ үүсээд байгаа асуудалд тэр төвийг сахиж нэг тал руу гулдайхгүй байгаа нь мэдээж буурь суусаны шинж. Хааяахан голыг нь олоод хэлчихдэг ахмад гишүүн маань саяхан намынхаа хагаралын талаар “Миний үеийн хэдэн ахмад гишүүн эв зүйг нь олчих гээд яваад байгаа. Харамсалтай нь эв зүйгээ олохгүй нь бололтой” хэмээсэн юм. Сүүлд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг хэгжүүхэн гэхчин ёжилж Улаанбаатар нь утаанд дарагдчихсан байхад Н.Цэрэнбат чинь Английн ямар шагнал авсан гэв? Жигтэйхэн том шагнал аваад л Гадаад харилцааны сайд нь гардуулж өгөөд юу болоод байгаа юм бэ. Дэлхийн хэмжээний том шагнал авсан сайд нь гэтэл ажлын хэсгийн хуралдаандаа алга. Улаанбаатар нь ногоон байтугай саарал хот болсон байна” гэж хэлээд олон хүнээс нэмэх оноо авсан.
Тэрбээр улс төрийн хажуугаар бизнесийн салбарт тун одтой нэгэн. 1994 онд "ТБД Андууд" компаниа байгуулж өнөөг хүртэл түүний компани амжилттай явж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр
1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтийг Менежментийн удирдлага мэргэжлээр
1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтийг Менежментийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1982-1983 онд Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер
1983-1984 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич
1984-1986 онд Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич
1986-1988 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга
1988-1990 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш
1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн
1994-2000 онд "ТБД Андууд" ХХКомпаний ерөнхий захирал
2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
2002-2004 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд
2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
ШАГНАЛ
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Герман
Холбоотой мэдээ