Орхиж болохгүй оюун ухааны их уурхай

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Орхиж болохгүй оюун ухааны их уурхай

Орхиж болохгүй оюун ухааны их уурхай

“Би малчин айлын хүүхэд. Миний багад ном ховор байсан ч айл болгон судартай байсан. Манайд ч бас судар бий. Тэрхүү баринтагтай судраар ээж маань хааяа адислана. Учир нь номыг уншиж чадахгүй ч түүн дотор оюун ухаан, өлзий хутаг оршдог агуу зүйл шүү  гэдгийг өвөг дээдсээс таниулж өгсөн болов уу гэж сэтгэлдээ тунгаадаг. Хамгийн анх дөрөвдүгээр ангийнхаа зуны амралтаар сумын төвөөс “1001 шөнийн үлгэр”-ийг авч уншаад дурлаж байлаа. Хэдийгээр хүүхэд наснаас ахадсан ном боловч намайг номтой хувь заяагаа холбох хөтөч минь болж байв.”

Энэ дурсамжийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай хүүрнэж  байсан юм. Монгол түмэн минь үр хүүхдэдээ ном уншихын ач тус, эрдэм сурахын тухай,

Уншиж мэдэхэд ном сайхан

Уулзаж ярихад нөхөр сайхан

Эвийг сэтгэлээр

Эрдмийг хичээлээр хэмээн  эртнээс сургаж ирсэн түүхтэй. Номтой танилцаж нөхөрлөхөд орчин чухал нөлөөтэй бөгөөд номын сан үүнийг бүрдүүлж өгдөг. Энд хүний бичиж үлдээсэн тэрхүү оюун ухааны баялгууд цаг хугацаа улиран өнгөрөх тусам үнэ цэнэтэй болж, эзнээ мөнхөлсөөр байдаг. Гэвч энэ баялгийг арчилж тордохгүй бол цаг хугацааны явцад нар, салхинд элэгдэж улмаар устаж үгүй болох аюултай тул хадгалалт хамгаалалтын асуудал зүй ёсоор яригдана.

Бидний багадаа уншиж байсан Ц.Дамдинсүрэн “Цэцэн хурга”, Ч.Лодойдамба “Малгайтай чоно”, Б.Бааст “Халзан бухандай”, “Бор болжмор”, Д.Нацагдорж “Хурга” гэх мэт төрийн шагналт зохиолчдын сод бүтээл “Хүүхдийн төв номын сан”-гийн фондод бий. Тухайлбал, 1921 онд Ардын хувьсгалын ялалтын дараа анхны бага сургууль буюу одоогийн гуравдугаар сургууль байгуулагдах үед сурагчдын үзэж байсан анхны сурах бичгүүд, 1911 онд бичигдсэн зохиол эх хувиараа буй юм.

Эдгээр үнэ цэнэтэй номуудыг  стандартын дагуу хадгалахгүй бол устах аюултай.

Номын сангийн ажилчид хадгалалт хамгаалалтад анхаарч номын тавиур, эгнээ бүрийн өмнө хувинтай ус тавьж, чийг, дулааныг хадгалахыг зорьж байна.

Олон зуун жилийн турш хадгалагдаж ирсэн зарим номын хуудас элэгдсээр үжирсэн даавуу шиг болсон байдаг тул хүний хуруу хүрэх төдийд урагдах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулдаг.

 Тус номын сангийн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг “Манай номын сан Соёлын төв ордонд түрээсээр байрладаг. Бид өөрсдөө боломжийнхоо хэрээр номын сангийнхаа чийг дулааныг хангаж, хадгалалт хамгаалалтаа хангаж ажилладаг. Фондын өрөөнд хувинд ус хийж агаарын чийгийг нэмэгдүүлдэг.  Тусгай бодисоор номоо арчиж ариутгах зэрэг арга хэмжээ авдаг. Цаасан материалыг  стандартын дагуу хадгалахад ямар нэгэн асуудалгүй” гэх тайлбар өгч байв. Тус номын сан нь 2003 оноос хойш Соёлын төв өргөөнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Номыг харанхуй, чийглэг орчинд хадгалдаг бөгөөд нар туссан, хэт хуурай агаартай бол номын хуудас хуурайшиж хатах, шарлах, их хатвал үйрэх  аюултай байдаг аж.

“Хүүхдийн төв номын сан” нь 80 мянга гаруй номын фондтой. Үүний 45 мянга орчим нь монгол хэлээр бол үлдсэн хувь нь гаднын хэл дээрх зохиол юм. Уншлагын зургаан танхимтай бөгөөд нас насны онцлогоосоо шалтгаалан бага насны хүүхдүүдэд “Мөрөөдөл”, “Их мэдэх” танхим болон “Герман” уншлагын танхим, “Өрнө дахины” уншлагын танхим”, “Боловсрол хөгжил” танхим хэмээн тус тус ангилжээ. Номын сангаар үйлчлүүлж буй эцэг эхчүүдийн хувьд хүүхдэд зориулсан ийм номын сан дутагдалтай байдаг. Төрөөс Хүүхдийн төв номын санг анхаарч, зориулалтын байртай болговол ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийх болно гэдгийг хэлж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж