“Нам, сонгогчид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах цаг болсон”

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“Нам, сонгогчид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах цаг болсон”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

Амаржаргал

Р.Амаржаргал

АН-ын дэд дарга

“Улс төрийн намууд зүг чигээ маш тодорхой болгох шаардлагатай байна. Үүндээ тулгуурлаж боловсон хүчний бодлогодоо хариуцлагатай хандах цаг нь болсон. Ялангуяа боловсон хүчнээ сонгох, сургах, дадлагажуулах чиглэлийн ажлуудыг нэлээд чамбай хийж, улс төрийн сонгуульд оруулахгүй бол дээрх алдаа давтагдана. Хоёрдугаарт, олон нийтийн зүгээс улстөрчдөд тавих хяналт, шаардлагаа чанаржуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгогчид улс төрийн намуудыг арай өндөр төвшинд гаргаж ирдэг болмоор байна. Мөн улс төрд орж байгаа хүмүүсээс бид юу шаардаж, юуг нь чухалчилж харах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Уран цэцэн ярьж байгаа нэгнийг дагаад намирах уу эсвэл хэдэн цаасаар саналаа худалдаж нүдэн балай, чихэн дүлий өнгөрөх үү гэдэг асуудалд ч өөртөө шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Улс төрийн намуудыг шинэ төвшинд гаргахад хүн бүрийн оролцоо шаардагдана. Сонгогчдын ч тэр улс төрийн намуудын аль алиных нь хариуцлагын асуудал.”

Эх сурвалж: news.mn

Бадарч

Д.Бадарч

Профессор

“Манай боловсролын системийг харвал төрөөс шинэ шинэ санаачилга гаднаас шууд хуулж, боловсролын байгууллагуудад тулгах арга барилыг хатуу баримталж, их, дээд сургууль багш нарын бүтээлч санаачилгыг бууруулж, академик эрх чөлөөг зөрчиж байхад сургууль, багш нь оюутан сурагчдадаа өөрийн заадаг хичээлээ тулгаж, тэр хүрээндээ мэдлэгийг нь дүгнэх уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаа нь оюутан залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эргэцүүлэн бодож, тунгаан шүүж судалж байгаа хичээл сэдвээ өөрийн болгон ухаарах боломжийг олгож чадахгүй байна. Үүнээс гарахын тулд багшаас оюутан руу чиглэсэн нэг чиглэлийн урсгалыг зогсоож, оюутан, сурагчаас багшид чиглэсэн аливаа асуулт, дүгнэлт, санаа бодлыг дэмжин ажиллах, суралцагчдаас бие даан суралцах орчин нөхцөл бий болгох талаар төрөөс илүүтэй анхаарах хэрэгтэй байна.”

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж