‘’Бүтэн дэлхий’’ хэвлэгдэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

‘’Бүтэн дэлхий’’ хэвлэгдэн гарлаа

‘’Дэлхий дахинаа баримтат уран зохиол, баримтат нийтлэл түрэн орж ирж, уншигч олон ч баримтыг шимтэн сонирхож буй өнөө цагт жинхэнэ баримтанд тулгуурласан, гэхдээ тухайн цаг үеийн амьд түүхийг уран мэдрэмж, нарийн дүрслэл, сонирхолтой хэллэгээр дэлгэн үзүүлсэн ийм ном бүтээл үнэхээр үнэ цэнэтэй, өгөөж шимтэй юм’’ гэж  сэтгүүлч Шаравын Содномжамцын ‘’Бүтэн дэлхий’’ хэмээх шинэхэн  номын өмнөтгөлд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор М.Зулькафиль шавийнхаа номыг мялаан бичжээ. Туршлагатай, чамбай сэтгүүлч Ш.Содномжамцыг мэргэжил нэгт нөхдүүд нь сонины гал тогооны чимхлүүр ажлыг дэндүү сайн мэддэг, өөрийн гэсэн дэг жаяг, туршлага, арга барилыг хуримтлуулсан, чадварлаг, нягт нямбай хянан  тохиолдуулагч хэмээн үнэлдэг төдийгүй түүний ‘’школоос’’ залуу сэтгүүлчдэд суралцах, санаа авах зүйл асар их байдаг.

Тэрбээр Дээрхийн гэгээн Далай ламтай уулзан ярилцан адис хүртэж, дэлхийн католик шашны тэргүүн Ромын пап II Иоан Павелтай гар барин зургаа татуулж, Монголчуудын сэтгэлд ойр Энэтхэг, Балба, ОХУ, АНУ, БНСАУ, дэлхийн гайхамшгийг цогцлоосон Арабын Эмират зэрэг улс, эртний түүхт Ром, Венец, Парис, Лондон хотууд, харь гариг шиг гэгддэг Хойд Солонгосоор хүртэл аялж, Япон, Унгар зэрэг оронд явахдаа бичсэн аян замын тэмдэглэлүүд уг номонд багтжээ.

МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Золбаярын хэлсэнчлэн ‘’Бүтэн дэлхий’’ ном аргамжааны чулуу, овоолсон аргалын дэргэдээс эх дэлхийг тойрч, энэ ертөнцийг ороосон их замын дуулал болжээ.

Төрийн төв хэвлэл ‘’Ардын эрх’’,  ‘’Өдрийн сонин’’ зэрэг өдөр тутмын томоохон сонингуудад хариуцлагатай нарийн бичгиын даргаар ажиллаж байсан Ш.Содномжамц эдүгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референтээр ажиллаж, хэлтсийн ажилтнууд болон Парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг залуу сэтгүүлчидтэй арга туршлагаа хуваалцан заан зөвлөж, мөнөөх л ариутан шүүх ажлаа үргэлжлүүлэн хийсээр явна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж