Монгол Улс сэтгэцийн эмгэгийн тархцаараа дундаж орны тоонд ордог ч зуун мянган хүн амд 841 хүн сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээг авч байна. Үүний 45 хувь эмэгтэйчүүд, гурван хувь нь өсвөр насны хүүхдүүд аж. Цаашид сэтгэцийн эмгэгтэй хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс бусад орны туршлагыг нэвтрүүлж, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг сувилах, асрах сургалтыг дэлхийн стандартын хэмжээнд хүрсэн мэргэжилтнийг бэлтгэх төслийг өнөөдрөөс /2019.01.07/ хэрэгжүүлж эхэллээ.
Британийн төлөөлөгчийн газартай хамтрах хэрэгжүүлж буй энэ төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжих юм. Мөн төсөлд Англи, Голланд, Финландын тус бүр нэг сургууль хамрагдах бол Монголоос Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Этүгэн” их сургууль, “Энэрэл” дээд сургууль хамрагдах ажээ.
Төслийн үр дүнд дэвшилтэт агуулгатай сурах бичиг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжилтнүүд болон ард иргэдэд өгөх зөвлөмж, судалгааны шинэ үр дүн гарах юм байна.
Холбоотой мэдээ