Б.Дүгэржав: Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны өртөг буурна

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Б.Дүгэржав: Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны өртөг буурна

Б.Дүгэржав: Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны өртөг буурна

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай ярилцлаа.

-Аймгийн хэмжээнд өвөлжилт ямар байна вэ. Намрын сүүлийн саруудад цаг агаар тийм ч таатай байсангүй?

-Ховд аймагт өвөлжилт харьцангуй гайгүй байна. Хэдийгээр өнгөрсөн зун газрын гарц сайнгүй байсан ч малын тарга хүчийг чамгүй авхуулж чадсан байна, манай малчид. Түүнчлэн хадлан, бордоо, тэжээлээ сайтар базааж, бэлтгэсэн байгаа. Их нууруудын хот, Хар ус нуурын сав газар, Ховд, Буянт голын хөндийг дагаад хадлангийн нөөц бэлчээр сайтай. Тиймээс сумдад өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан. Аймгийн Засаг даргын хувьд улсын нөөцийн өвс тэжээлийг зохих төвшинд нь бэлтгэсэн. Байгаль цаг уурын тухайд богино хугацаанд хүнд үеийг давлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг хэрхэн даван туулах вэ гэдэг маш чухал. Хэдийгээр цахилгааны саатал гарч аймгийн хэмжээнд халаалт, дулааны асуудал хүндэрсэн. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын үр өгөөжийг энэ үеэр илүү мэдэрсэн болов уу гэж бодож байна. Дөргөний усан цахилгаан станцыг барьж байгуулаагүй бол өнгөрсөн удаад болсон байгалийн эрсдэлээс хамгаалах боломж хомс байлаа. Тухайн үед тус цахилгаан станцыг ээлж дараалсан горимоор ажиллуулан тодорхой цагийн хуваарийн дагуу баруун гурван аймаг цахилгааны асуудлаа зохицуулж байсан.

-Малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаасан юм байна. Тэгвэл аймгийн төвийн бэлтгэл ямар байгаа вэ?

-Ховд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн базаасан. Манай аймгийн тухайд дулааны хоёр станцтай бөгөөд нэг нь хувийн хэвшилд шилжсэн байдаг. Хувийн компанийн эзэмшиж буй дулааны станцад асуудал гарах нь бий. Учир нь газар доорх шугам сүлжээ нь элэгдэж, хуучирсан нь голлох нөлөөг үзүүлдэг юм байна. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээдгүй эрчимжүүлсэн болохоор дулааны станцууд ачаалал даах чадваргүй болох асуудал тулгарч байна. Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа хэвийн төвшинд явуулж байгаа.

-Энэ жил Ховд аймагт ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жил бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажил төлөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 47 тэрбум төгрөгийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төсөвт тусгуулсан. Мөн хувийн хэвшил, дотоодын эх үүсвэрээр 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалттай ажлыг хийж хэрэгжүүлнэ. Эдгээр ажилтай холбоотойгоор барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлуудыг сайн базаах ёстой. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах ажлын үр ашгийг өсгөх, цаашлаад хүмүүсийн дунд шүүмжлэл дагуулдаг асуудлыг зохистойгоор шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулах болно. Ер нь улсын эсвэл хувийн хөрөнгө оруулалт байх эсэхээс үл хамааран орон нутгийн хөгжил, цэцэглэлтэд дорвитой хувь нэмэр, үр өгөөж өгөх ажлыг хийж хэрэгжүүлэхэд гарах бэрхшээл саад, үл ойлголцлыг арилгах учиртай. Яагаад гэвэл үл ойлголцлоос үүдэн цаг хугацаа алдах эрсдэл бий. Энэ нь хөрөнгө санхүүгийн асуудалд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ мэт үл ойлголцол, алдаа дутагдлаас шалтгаалан хөрөнгө мөнгө үнэгүйдэх асуудлаас сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.

-Танай аймаг ирэх жилүүдэд долоон салбарт төсөл хэрэгжүүлэх тухай ярьж байна. Жишээлбэл, цементийн үйлдвэр барих юм байна. Энэ нь хэр үр өгөөжтэй байх вэ?

-Өнгөрсөн сард “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг улсынхаа нийслэлд амжилттай зохион байгууллаа. Чуулганаар Монгол Улсын баруун бүс нутаг нь БНХАУ, ОХУ, Казахстан улстай хиллэдэг учраас худалдаа эдийн засгийн тааламжтай газар зүйн байрлалтай өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөц зэрэг давуу талаа ашиглан хөгжих боломжийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр манай аймагт хэрэгжих боломжтой төслүүдийн талаар ярилцсан. Тэр дундаа “Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудыг цахилгаанаар хангахын зэрэгцээ төвийн бүс рүү экспортлох боломж бий гэдгийг төслийн багийнхан танилцуулсан. Мөн төр, хувийн хэвшил, иргэдийн түншлэлийн загвар аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсад бүтээн байгуулалтын салбарт оновчтой төсөл хэрэгжүүлж, инноваци, технологийг туршиж байгаа томоохон бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллан хөрөнгийн эх үүсвэрийг хязгаар нутагтаа татах ажлыг зохион байгуулна. Ингэснээр зөвхөн төсвийн хөрөнгөөс хамаарахгүйгээр эдийн засгаа тэлэх, аймгаа хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Яагаад заавал цементийн үйлдвэр барих гээд байгаа вэ гэж асууж байна. Манай аймагт энэ жил усан цахилгаан станцын томоохон төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэ төсөлд их хэмжээний хайрга, дайрга, цемент шаардлагатай. Тэгэхээр цeмeнтийн үйлдвэр байгуулснаар зөвхөн Ховд аймагт төдийгүй баруун бүс нутгийг хангах боломж бүрдэх аж. Хэдийгээр улсын хэмжээнд цементийн дөрвөн үйлдвэр байгуулагдсан ч баруун аймгуудад цементийн хүртээмж муу байгааг бизнесийнхэн учирлаж байна. Ялангуяа бүтээн байгуулалтад нэн шаардлагатай цемент зах зээлийн үнээс нэг дахин илүү үнэтэй байгаа нь бүтээн байгуулалтын эцсийн өртөгт нөлөөлж байна.

-Танай аймаг нийслэлээс дутахааргүй утаатай шүү дээ. Утааг бууруулах талаар?

-Ховд аймгийн утаа, агаар орчны асуудал тулгамдаж байгаа нь үнэн. Тиймээс бид барилга бүтээн байгуулалтын салбарт түлхүү анхаарч ажиллах болно. Хэрэв бид өртөг багатай орон сууц барьж ард түмэндээ борлуулж чадвал утаа буурах бүрэн боломж бий.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж