Таваарын уналт хүндрэл дагуулдаггүйг Австрали батлав

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Таваарын уналт хүндрэл дагуулдаггүйг Австрали батлав

Австралийн эдийн засаг 27 жил тасралтгүй өсчээ

Таваарын уналт хүндрэл дагуулдаггүйг Австрали батлав

“Аварга имж” зогсолтгүй өсөлт 30 орчим жилийг ардаа орхих гэж байна. Имжний эх орон гэгддэг Австралийн эдийн засаг 1990 оноос хойш жилийн дүнгээр нэг ч удаа агшилгүй, өөдлөн дэвшсээр өдий хүрчээ. Гэтэл энэ хугацаанд дэлхий төдийгүй бүс нутгийг хэд хэдэн удаа хямралын шуурга нөмөрч, улс орнууд нэг бус өвдөг сөхөрчээ. Харин үнэ ханш нь үргэлж өгсөж, урууддаг уул уурхайн түүхий эдийг эдийн засгийнхаа гол багана болгосон Австрали улс унаж доройтсонгүй, баттай зогссоор.

Австралийн эдийн засгийн 27 жилийн тасралтгүй өсөлт Евро бүсийн тэргүүлэх зах зээл болох Германы ДНБ-ий тэлэлтээс гурав дахин өндөр бөгөөд жилд дунджаар 3.6 хувиар дээшилжээ. Тус улс зөвхөн ДНБ, макро эдийн засгийн хүрээнд өөдлөн дэвжээд зогсохгүй энэ өсөлтөө иргэддээ хүртээсэн. Тухайлбал, энэ хугацаанд тус улсын иргэдийн дундаж орлогын өсөлт Америкийнхаас дөрөв дахин хурдтай тэлсэн байна.

Харин Засгийн газрын өр нь (ДНБ-ий 41 хувь) их Британийнхаас хоёр дахин бага хэвээр. Ази, Номхон далайн Австрали улсын ялгуулсан үзүүлэлтүүдийг дурдаад байвал дуусахгүй. Түүхий эдийн үнэ уруудсанаар байгалийн баялгийн экспортоос хамааралтай орнуудын эдийн засаг байнга савладаг бол Австралийн эдийн засаг тогтвортой өсөж буйн нууц нь юу вэ.

АЗ ДАЙРСАН УЛС

Дэлхийн алдарт Economist сэтгүүлийн шинжээчдийн тайлбарласнаар Австрали эдийн засгийн төрмөл өгөгдөлтэй орон аж. Газрын хэвлий дэх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялгаас гадна гео эдийн засгийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй байрлал Австралид заяасан.

Энэ улс төмрийн хүдэр, газрын ховор элемент, нүүрс, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг. Ялангуяа, төмрийн хүдэр, байгалийн хий хэмээх хос түүхий эд Австралийн экспортын гол бүтээгдэхүүн юм. Тус улс экспортын голлох эдгээр гол түүхий эдээ 1990 он хүртэл Японд голлон нийлүүлж, технологийн гүрний хөгжлийн хаялгаас харамгүй хүртжээ. Гэвч шинэ зуунтай зэрэгцэн Японы эдийн засгийн өсөлт саарснаар Австралийн эдийн засагт ч ханиад хүрч эхэлсэн. Харин энэ үед эдийн засгийн өсөлтийн шинэ хүч Зүүн өмнөд Азид тодорч эхэлсэн нь БНХАУ. Азид мэндэлсэн энэ өсөлтийг Австрали ашиглаж, хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлсэн. Австралийн төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Иан Харпер “Хятадын эдийн засгаа дэмжих бодлого, манай улсад шууд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт, Засгийн газрын зардал ихэссэний үр  шимийг Австрали улс хүртэж байна” хэмээн өгүүлжээ. 1990 оноос хойш хятадын эдийн засаг 15 дахин томорсон. Энэ хөгжил дагасан түүхий эдийн эрэлтийг Австрали хангахаар зорьж эхэлсэн. Хятад эдүгээ Австралийн экспортын гуравны нэгийг ганцаараа “залгиж” байна. Ийнхүү шинэ эрэлт, худалдаа, эдийн засгийн холбоотноо алдалгүй түншилсний ачаар Австрали дэлхийг атаархуулам хөгжил бүтээж байна.

ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ГАР НИЙЛСЭН УХААЛАГ ТӨР

Гэхдээ энэ өсөлт нь зөвхөн гэнэтийн аз, бусдыг бэлгээр бий болсон гэвэл өрөөсгөл. Цагаачлалын нээлттэй бодлого, үүнээс үүдэн бий болсон хүний хөгжлийн өндөр потенциал Австралийг эдийн засагт ээлээ өгсөн. Үүнтэй зэрэгцээд 1990-ээс оноос эдийн засгийн бүх салбарт төрийн оролцоог бууруулж, зохицуулалтыг сулруулжээ. Мөн эрүүл мэнд, тэтгэвэр, боловсрол зэрэг нийгмийн гол салбараа шинэчилсэн байна. Нийгмийн гол салбарууд нь эдүгээ эдийн засгийн өсөлтийг бий болгоод байгаа юм. Тухайлбал, боловсролын экспорт 2017 онд 30 тэрбум австрали долларыг тус улсын эдийн засагт авчирчээ.

Австрали улс эдийн засгийнхаа үүдийг цэлийтэл нээж, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татсан. Энэ улсын худалдааны гол түнш нь Хятад бол хамгийн том хөрөнгө оруулагч нь АНУ. 2017 онд гэхэд арлын Австралийг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Америк тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн хүчирхэг хоёр тоглогчийн нэгийнх нь худалдаа, нөгөөгийнх нь хөрөнгө оруулалтын судсыг атгаад буй Австралийн бодлого ухаалаг, арга мэх нь уран аж. Үүнээс гадна өргөн уудам нутагтай энэ улс дэд бүтцийг хөгжүүлсэн. Далайгаар хүрээлүүлсэн нь тээврийн зардлыг багасгаж, экспортын өрсөлдөх чадварыг нь өсгөжээ. Үүнээс гадна Австрали улс бүхэлдээ босоо болон хэвтээ тэнхлэгийн авто болон төмөр зам тавьж, хийн хоолойгоор хотуудаа холбожээ. Тус улс нийгэм, эдийн засгийн гол бүтээн байгуулалтуудаа төр, хувийн хэвшлийн хамтарсан түншлэлээр хэрэгжүүлсэн бөгөөд дэд бүтцийн төслүүд, цахилгаан станц, сургууль, эмнэлэг зэргийг энэ загвараар байгуулсан байна.

28 жил уналтгүй өссөн Нидерландын амжилтыг ардаа орхихоор Австрали улс урагшилж байна. Нүүрс, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг, улс төр эдийн засгийн нээлттэй засаглал, хүний хөгжлийн боломжийн потенциал зэрэг олон талаараа Австрали улс бидэнтэй төстэй. Энэ улсын экспортын орлогын бүтэц, гол хөрөнгө оруулагч улсуудыг задлаад харвал монголтой тун адилхан дүр зураг бууна. Товчхондоо, Австрали бол бидэн шиг, хятадын хөгжил дагасан, түүхий эдийн экспортлогч. Гэвч энэ хугацаанд эдийн засгаа тогтвортой өсгөж, түүхий эдийн үнийн уналтын үед ч хөл дээрээ баттай зогсож чадсан байхад бид өнгөрсөн 28 жилийн хугацаанд долоо дордож, найм сэхлээ. Бид эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах бүртээ таваарын ханшийн уналт зэрэг хаа хамаагүй шалтгаан нэрлэж, буруутныг дотоодоос бус гадаад хүчин зүйлд нялзаах гэж хичээдэг. Гэтэл хүндрэлийн гол шалтгаан нь тэдэнд бус бидэнд байгаа. Бас таваарын ханш, худалдан авагчийн эрэлт зэрэг манай бодлого тодорхойлогчдын байнга тоочдог шалтгуудаас үл хамааруулан эдийн засгаа тогтвортой өсгөж болдгийг Австрали улс бараг хагас жарны турш баталсаар.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж