Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд галзуурсан чоно хүн рүү дайрсан тохиолдол гарчээ. Тус аймгийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Ц нь арванхоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө чононд уруулсан байна. Түүний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд гарын шуундаа шарх авчээ. Сумын эрүүл мэндийн төвөөс иргэн Ц-д анхан шатны тусламж үзүүлсэн бол Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 2-нд ийлдэс эмчилгээ хүргүүлснээр эмчилгээг тухайн өдөртөө эхэлсэн байна. Энэ талаар тус төвийн ажилтантай холбогдоход “Он гарсаар зэрлэг амьтан хүн рүү дайрч, галзуугийн тохиолдол илэрсэн нэг тохиолдол гарлаа. Энэ нь Өвөрхангай аймагт гарсан. Шинжилгээгээр чононоос галзуу өвчний тохиолдол илэрсэн. Зэрлэг амьтан хүн рүү дайрсан, галзуу өвчний шинж өдөрт 2-3 удаа ирдэг. Өнгөрсөн оны байдлаар манай төвд 120 гаруй галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэн. Үнэг, чоно, баавгай гэх мэт зэрлэг амьтадаас гадна нохойд уруулсан тохиолдол ч бий. Нохойны ороо орох үеэр ийм тохиолдол их гардаг. Энэ үед хүн рүү дайрах, урах магадлал өндөр. Гэхдээ нохой бол галзуу өвчний дамжуулагч юм” гэлээ.
Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн нэг тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 80 хувиар бага үзүүлэлт аж.
Холбоотой мэдээ