Намрыг "уясан" өвөлжөө

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Намрыг "уясан" өвөлжөө

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн малчин Д.Ичинноров гуайнх

Идэр есийн хүйтэн тачигнаж, гурван ес хэдийнэ эхэлжээ. Гэвч хотоос 50 гаруй км замыг туулж, Төв аймгийн Алтанбулаг сумыг зориход цайрах цасгүй угтлаа. Байгаль дэлхий шаргал өнгөөрөө. Нутгийн малчид “Энэ жил өвөл өнжсөн” хэмээн ярилцах аж.

Манай сурвалжлах групп Төв аймгийн Алтанбулаг сумын эгэл малчин Д.Ичинноровынд саатсан юм. Д.Ичинноров гуайнх сумын төвөөсөө холгүй Налгарт өвөлжиж байв. Биднийг очиход гэрийн эзэн хөл дүүжлэх унаа портероо янзалж угтлаа.

Тэднийх одоогоос таван жилийн өмнө Улаанбаатар хотоос гарч, Төв аймагт мал маллахаар болжээ. “Манай нутаг энэ өвөл цас багатай, хардуу өвөлжиж байна. Гэхдээ малын ундтай сайхан байна. Өнгөрсөн жил газрын гарц сайн байсан болохоор хаа сайгүй сайхан өвөл болж байна” гэсээр гэрийн эзэн гэртээ урив.

СҮҮГЭЭ 1100 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДДАГ

Эднийх бог, бод нийлсэн 300 орчим толгой малтай. Үүнээс 40 гаруй нь үхэр ажээ. Гэргий Б.Батдулам нь “Манайх намар  өөрсдийн идэх цагаан идээгээ бэлтгээд авдаг. Өвөл нь сүүгээ гэрээ байгуулсан  “Сүү” хувьцаат компанид борлуулчихдаг юм. Сүүгээ таваас есдүгээр дүгээр сар хүртэл нэг литр нь 700 төгрөгөөр, 11 сараас эхлэн 1100 төгрөгөөр борлуулдаг. Одоо үхрийн сүү татарч байгаа учраас долоо хоног хурааж, 100 литрийг тушаадаг. Сүүний машин өвөлжөөнөөс 20 км зайтай голын тохойд ирдэг юм” гэв.

Түүний гэргий Б.Батдулам

Д.Ичинноров гуайнх гурван охин нэг хүүтэй. Хоёр охин нь айлын бэр болж, хотод амьдардаг бол нэг охин нь Өвөрмонголд суралцаж байгаа гэнэ. Харин биднийг очих үеэр ганц хүү нь хотоос хоол хүнсээ цуглуулан авчирч, аав, ээждээ тусалж байгаа харагдав. “Би ойр зуурхан портер машинаа унадаг юм. Энэ жил цас бага унасан учраас ихэвчлэн тугал, малаа услах усаа зөөнө. Том малаа 10 км хэртэй газар туугаад л усалчихдаг” тухай Д.Ичинноров гуай ярилаа.

Усанд явах замд бэлчиж буй үхэр дунд салаа эвэртэй буга хэвтэж харагдана. Сонирхон асуувал “Манай энд ан амьтан ихтэй. Тэр дундаа буга элбэг.  Уулын оройгоор хяр бараадаад л бэлчиж явдаг. Энэ хэдэн буга маань нутгийн малчдыг андахгүй ээ. Бид ч тоодоггүй юм. Үхэр, малтай хамт л бэлчиж явдаг” гэлээ.

ӨВС, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХЭД 4-5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

Д.Ичинноров гуайнх энэ жил өвлийн бэлтгэлээ хангахын тулд 400 боодол өвс, хоёр тонн тэжээл худалдан авчээ. Ойролцоогоор 4-5 сая төгрөг зарцуулсан гэдгээ ч гэрийн эзэн нуусангүй. Бас нутгийнхаа ойр хавиас мал идэж болох лууль, зэрлэг халгай зэрэг хоёр портер өвс хаджээ. Тэрбээр “Энэ жил нэг боодол өвсийг 6500 төгрөгөөр бодож авсан. Цаг хатуу бол ногоо цухуйтал өвс тэжээлээ хэрэглэнэ шүү дээ. Энэ жил өвсний үнэ тогтвортой байна. Ноднин жил ихэнх нутгаар цас ихтэй байсан учраас нэг боодол өвс 7500-8000 төгрөг хүртэл өссөн. Энэ жил бэлтгэсэн өвс, тэжээл маань хүрчих байх. Одоо ч таван цаас нь байвал өвс, тэжээлээр дутахааргүй болж дээ” гэсэн юм.

Эдний өвөлжөө нь цэргийн Тавантолгой сургалтын баазын бүсэд ордог гэнэ. Тиймээс өвөл 11 дүгээр сард өвөлжөөндөө бууж, хавар эрт гурван сар гээд л өвөлжөөнөөсөө нүүж голын эрэг барааддаг ажээ. Хөгшин малчин “Нутгийн малчид бие биенээ мэддэг болохоор болох бүтэхээрээ л малаа бэлчээдэг тухай ч яриандаа дурдав. Ирэх хавраас Д.Ичинноров гуайн 20 гаруй үхэр тугалж, 100-гаад төл хүлээж авах гэнэ. Ийн “Мал маллах шиг сайхан зүйл хаана байна. Цэвэр агаарт малаа эрүүл, сайхан өсгөж чадвал малчин хүний жаргал” хэмээн өгүүлэх эгэл малчныд нэг өдөр өнжлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж