Ардчилсан намын 2015 онд хийсэн реформ бол иргэн бүр худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийнхээ 2 хувийг буцаан авдаг урамшууллын тогтолцоог хэрэгжүүлсэн явдал билээ. Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа хуулийн үр шимээр монголчууд энэ оны I улиралд багтаан 2018 оны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо авна. Жилийн турш хэчнээн хэмжээний худалдан авалт, үйлчилгээ авсан бэ гэдгээсээ шалтгаалж, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувь бодогддог учраас хамгийн шударга, хүртээмжтэй хуваарилалт болдог. Харин сар бүр азтан шалгаруулдаг систем нь араасаа хар сэртэй, хэн ямар замаар нөлөөлөөд хэдэн сая төгрөг авчих вэ гэсэн хардлагыг ямагт дагуулдаг.
Азтан шалгаруулах бүрт Татварын ерөнхий газраас хөндлөнгийн хянагч байлцуулж, “Боловсрол” суваг телевизээр шууд дамжуулдаг ч ямар нэг “но” ороод л азтан болж чадаагүй юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь олонтаа. Азтан шалгаруулсны маргааш өдөр “Ямар азтай нь 20 мянга, 50 мянга, 1 сая төгрөг хожив. Ямар азгүй нь бүтэн хоёр жил 20 мянган төгрөг нэг удаа ч хожсонгүй вэ” гэдэг яриа өрнөдөг.
Саяхан нийгмийн сүлжээгээр “НӨАТ-ын IT ажилтан гэр бүлээрээ нийт 36 удаа азтан болж. Дээд хэмжээ 20 сая 2 удаа авсан байна. Дэндүү азтай юу” гэсэн жиргээ цацагдаж, хэсэгтээ л шуугиулсан. Татварын ерөнхий газраас дээрх мэдээлэл баттай эсэхийг тодруулахад “Энэ бол аль эрт гарсан ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллага шалгахад батлагдаагүй” гэдэг хариулт өгсөн билээ.
Хуульд заасны дагуу НӨАТ-ын сугалааны тохирол жилдээ 12 удаа болдог. Өнгөрсөн онд 12 удаагийн сугалааны тохирол явуулахад нийт 253.946 татвар төлөгч иргэн азтан болжээ. Ингэхдээ зөвхөн нэг татвар төлөгч л 100 сая төгрөгийн азтанаар тодорч, үлдсэн 11 сард нэг ч супер азтан тодроогүй байна.
Мөн сар бүр дунджаар тогтмол 650 мянга гаруй татвар төлөгч баримтаа бүртгүүлж азаа үздэг ч 20 мянган хүн азтан болдог нь сугалаа хүртээмжтэй байж чадаж байгаа юу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй. Өөрөөр хэлбэл, далд эдийн засгийг цэцэглүүлэхгүй байхын тулд бий болгосон НӨАТ-ын буцаан олголтыг цааш төгөлдөржүүлэхийн тулд хардлага дагуулсаар байгаа азын сугалааг зогсоож, буцаан олголтын 2 хувийг нь 5 хувь болгон нэмэгдүүлбэл илүү үр дүнгээ өгмөөр санагдана.
Нэг үеэ бодвол иргэд худалдан авалт хийсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийнхээ мөнгөн төлбөрийн баримтыг нэхэж авдаг боллоо. Аж ахуйн нэгжүүд ч нэхүүлж, албадуулдаг нь багассан байна. Иймээс Засгийн газар НӨАТ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлбэл эргээд улсад орж ирэх татварын орлого л өснө.
Татварын байцаагч бүр аж ахуй нэгжийн орлоготой хөөцөлдөж, хоёр өөр тайлан гаргасан болов уу гэж “байлдахгүй”. Иргэд үйлчилгээ авах бүрийд, худалдан авалт хийх бүрийдээ хяналт тавиад, хууль хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуйн нэгж, хувь иргэний талаар “алтан хошуу” өргөөд олны дэмжлэгтэйгээр энэ ажил илүү үр дүнтэй хэрэгжих бололцоо харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн буй бол татвар буй гэх алдарт үгийг хэрэгжүүлэх хамгийн найдвартай механизм нь иргэд өөрсдөө хяналт тавих систем юм.
Сангийн сайд аа, хар дагуулсан азын сугалаагаа зогсоогоод 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхэд анхаараад, хууль санаачлаад УИХ-аар батлуулаад өгөөч.
Тэгж байж, татварын энэхүү үр шимийг иргэд тэгш хүртээмжтэй хүртэх бололцоо бий болох гээд байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ