АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Сири дэх Исламын улс бүлэглэлийг ялснаа тунхаглаж, тус улсаас цэргүүдээ гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн билээ. Тэрбээр цэргүүдийг татах төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж, цэргүүдээ бүрэн гаргана хэмээн тухайн үед мэдэгдэж байсан ч төрийн өндөр албан тушаалтнууд, холбоотон улсуудын эсэргүүцэл, мөн Батлан хамгаалахын сайд ажлаа хүлээлгэн өгсөн зэргээс үүдэн энэ асуудал удаашрах төлөвтэй байна. АНУ Сириэс цэргээ гаргах асуудалд ямар нэгэн цаг хугацааг товлоогүй байгаа юм.
Харин өчигдөр /2019.01.06/ АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Сирийн зүүн хойд нутагт төвлөрсөн “Исламын улс” бүлэглэлийнхэн бүрэн дарагдсаныг баталгаажуулахын сацуу Курдүүдийн аюулгүй байдал бүрэн хангагдахаас нааш АНУ-ын цэргүүд тус улсыг орхихгүй хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Д.Трамп өчигдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр АНУ-ын цэргүүдийг Сириэс гаргах шийдвэрээ дахин нотолсон ч тус ажлыг ойрын хугацаанд хийхгүй гэв. Харин түүний арванхоёрдугаар сарын 19-нд хийж байсан мэдэгдлээс үзвэл “Бид Сири дэх Исламын улс бүлэглэлийг ялсан. Сирид байгаа АНУ-ын бүх цэргүүдийг яг одоо эргүүлэн татна” гэсэн аж.
Сириэс АНУ-ын цэргүүдийг татах Д.Трампын шийдвэрийг маш олон хүн эсэргүүцсэний дотор Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн АНУ Сири дэх цэргүүдээ эргүүлэн татсанаар “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд нь тусалсан Курдүүд хүнд нөхцөл байдалд үлдэнэ хэмээн олон хүмүүс санаа зовж байв. АНУ цэргээ гаргаж, Сирийн Курд бүлэглэлийг дэмжихээ зогсоосноор Туркийн цэрэг тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа юм. Учир нь Анкара Сирийн Курдүүдийг өөрийнх нь газар нутагт салан тусгаарлах ажиллагаа явуулдаг Туркийн Курдүүдтэй хэлхээ холбоотой гэж үздэг.
Харин Жон Болтон “Турк улс Курдийн хүчин рүү халдахгүй гэсэн баталгаа өгөхөөс нааш АНУ Сириэс цэргүүдээ гаргахгүй” хэмээн мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өчигдөр Израильд айлчилсан бөгөөд удахгүй Туркт айлчилж, тус улсын Батлан хамгаалахын сайд болон Ерөнхийлөгч Т.Эрдогантай уулзахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ