Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг төрийн мэдэлд буюу “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх болсон талаарх мэдээллийг бид өмнө хүргэсэн. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас тайлбар авлаа.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ талаар “Өнөөдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Монголросцветмет, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд болон Уул, уурхайн яамны удирдлагуудтай уулзалт хийсэн. Уулзалтаар гурван асуудлыг ярилцсан. Нэгдүгээрт, Асгатын мөнгөний ордын холимог металлын ордыг Монросцветмет металл компаниас Эрдэнэс МЖЛ компанид шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Уг ажлыг Уул, уурхайн яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Монросцветмет металл компанид чиглэл өгч даалгалаа. Өнөөдрийн дотор эрх зүйн асуудлыг дуусгах чиглэл өгсөн. Ингэснээр Асгатын мөнгөний ордыг гурван сая иргэний мэдэлд шилжүүлэх боломж нээгдэж байна. Хоёрдугаарт, “Ховдын Цагаан эрэг” гэх газарт хууль бусаар гянтболдыг олборлохдоо голын голдрилыг өөрчилж, ихээхэн хэмжээний олборлолтыг явуулж тусгай зөвшөөрөлтэй бусад компанийн нэрийн дор хулгайгаар гадагш гаргасан байсан хэргийг шалгаж байна.
“Цагаан эрэг”-ийн нутаг дэвсгэр дэх төрийн тусгай хамгаалалтын газар нутгийг хамгаалалтад авах, олборлолтыг нь таслан зогсоох цаашлаад хайгуулын ажиллагаа нөөцийг тогтоох асуудлыг холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанид сарын хугацаанд даалгавар өгсөн, “Эрдэнэс Монгол” компани нийтийн компани байх ёстой. Монгол Улсын хөгжлийн тулгуур болж, ард түмэндээ ноогдол ашгаа өгдөг, ард түмэндээ үйлчилдэг, хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргадаг, хөрөнгө босгодог зэрэг нийтийн компани байх ёстой. Мөн ирээдүйн өв санг бүрдүүлдэг компани байх учиртай. Ийм зорилгоор өөрчлөгдөн шинэчлэгдэх чиглэлийг өгсөн. Түүнчлэн Цагаан эрэг болон бусад орд газруудад үр ашигтай ТЭЗҮ боловсруулж цаашид олборлолт явуулж өгөөжийг нь ард түмэнд хүртээх, ноогдол ашиг олгодог болгох зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлэх үүргийг давхар өглөө.
Цаашдаа, “Эрдэнэс Монгол” баялгийн сан болох ёстой. Өнөөдөр манай ирээдүйн өв сан өмнөх дөрвөн жилд тавигдсан өрийг дарж, нийтдээ 540 тэрбум төгрөг хуримтлагдаж өрөө төлж байна. Ирэх онд 550 тэрбум төгрөг хуримтлагдсан. Нийтдээ 1 их наяд төгрөг уул уурхайн компаниуд, төрийн өмчит компаниудаас орж ирнэ. Монгол Улс сонгуулиас сонгуульд өр үлдээдэг байсан бол анх удаа өв үлдээж байгаа жишиг болж байна. Үүнийг илүү өгөөжтэй болгохын тулд дээрх алхмыг хэрэгжүүлсэн гэж ойлгож болно. Үндсэн хуулийн 6.1-д заасан Монгол Улсын газар хэвлийн байгалийн баялаг нөөц ард түмний өмч мөн гэж заалтыг удирдлага болгож энэ төсөл хэрэгжиж байна.
-Салхитын орд “Эрдэнэс Монгол”-д очих уу?
-Салхитын ордын шүүхийн маргаан эцэслэгдсэний дараа , “Эрдэнэс Монгол”-д шилжинэ.
-Асгатын мөнгөний ордын лиценз хэний мэдэлд байсан юм бэ. Нөхөн төлбөрийн асуудал яригдах уу?
-Асгатын мөнгөний ордыг Салхитын мөнгөний орд адил Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн. Салхитын мөнгөний орд 1983 онд улсын төсвөөр ихээхэн хэмжээний хөрөнгийг гаргаж, илрүүлсэн орд. Мөн Салхитын мөнгөний ордыг төсвийн хөрөнгөөр 1993 онд олж илрүүлсэн. 1993 оны Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосноор эрх зүйн хувьд 100 хувь “Эрдэнэс Монгол” компанид шилжих боломж бүрдэнэ гэж үзэж энэ шийдвэрийг гаргасан.
-Асгатын ордны асуудал хууль, шүүхийн шатанд явж байхад төр өөртөө авах шийдвэр гаргах нь хэр оновчтой вэ?
-"Монголросцветмет” компанийн удирдлагуудад хэлээд, ярилцаад гаргасан шийдвэр.
-Ордуудын лиценз эзэмшигч нарт төрөөс нөхөн төлбөр олгох уу?
-Энэ бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж олсон орд. Одоогийн лиценз эзэмшигчид хайгуул хийж олсон орд биш. Цагаан эргийн орд газар ч гянтболдыг хууль бусаар олборлож байгаа нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ орд газар улсын тусгай хэрэгцээний газар байх ёстой гэж шийдвэрлэсэн.
-Монголын төр ийм байдлаар уул уурхайн орд газруудыг аваад байхаар төр дээрэм хийж байна гэсэн шүүмжлэл хэлэх хүмүүс ч байна. Хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Татварын болон бусад хууль тогтоомжийн дагуу бид хуулиа хэрэгжүүлэхийг л шаардаж байгаа. Гадаад дотоодын ямар ч хөрөнгө оруулагчид хуулиа дагаж мөрдөөд, нөөц ашигласны хураамжаа төлөөд, зүй ёсоор нь төлж байгаа. Байгаль орчинд эрсдэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, хөрөнгө оруулагчдаа дэмжинэ. Дэмжиж ч ажиллаж байгаа. Харин хууль хэрэгжүүлдэггүй, Монгол Улсын газрын баялаг төрийн өмчийг зүй зохистой ашигладаггүй, хууль зөрчдөг, үр ашиггүй, ард түмэнд өгөөжгүй байгаа газруудад л хууль ёсны дагуу төрийн хариуцлага сахилгыг шаардаж ажиллаж байгаа.
-Өмчийн маргаан үүсэх үү?
-Ямар нэгэн хэл ам үүснэ гээд айгаад байвал өнгөрсөн 27 жилийнхээ урсгалаар явна. Шийддэг газартай. Үнэн зөвийг шүүх шийдвэрлэнэ. Хэрвээ тэр хүмүүс гомдолтой гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй. Гэхдээ бид хуульчид, хуулийн байгууллагын нотолгоо баримт бичиг дээр үндэслэн хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.
-Цаашдаа хэчнээн орд газарт ийм ажиллагаа явуулах вэ?
-Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Энэ баялгийг өмчлөх эрхийг хэнд ч өгөөгүй. Харин нь ашиглах эрхийг л өгсөн. Энэ нь яг л байр түрээслэхтэй ижилхэн. Улсын байрыг хэн нэгэн түрээслэлээ. Гэрээний дагуу төлбөрөө төлөх ёстой. Үймээн шуугиан болоод, хэрүүл хийгээд, хоорондоо зодолдоод байж болохгүй. Тэгвэл түрээсийн гэрээгээ цуцална гэж гэрээндээ заадаг шүү дээ. Түүнтэй ижилхэн Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа бол тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн үндэслэлээр л энэ ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Хууль буцааж хэрэглэсэн зүйл байхгүй.
-Цагаан суваргын ордыг судалж байгаа юу?
-Дараа дараагийн асуудлыг тухай бүрд нь мэдэгдэх болно.
Холбоотой мэдээ