Сингапурын эдийн засаг 15 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Сингапурын эдийн засаг 15 хувиар өсчээ

Энэ оны хоёрдугаар улиралд тус улсын эдийн засаг урьд өмнө байгаагүй хурдтай өссөнтэй холбоотойгоор эдийн засагчид Сингапурын эдийн засгийн өсөлт энэ жил 15 хувьд хүрч магадгүй гэж таамаглаж байна. 4-6 сарын хооронд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн өмнө дэлхийн эдийн засгийн уналтанд нэрвэгдээд байсантай харьцуулбал 19.3 хувь өссөн байна гэж тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн яам лхагва гаригт мэдээллээ. Энэ өсөлт нь 1975 оны улирлын ДНБ-ний өсөлтөөс хойших хамгийн хурдтай өсөлт болж байна.

Энэ хурдцаараа эдийн засаг нь сэргэвэл тус хот улсын эдийн засаг энэ жил өмнө тооцоолж байсан шиг 7-9 хувь биш харин 13-15 хувиар өсөх болно хэмээн таамаглаж байна. Мөн Европын өрийн асуудал, санхүүгийн хямрал бүрэн арилаагүй байгаа ч дэлхийн эрэлт хүчтэй байгаатай холбоотойгоор тус улсын экспорт өсөх болно гэж таамаглаж байна. “Үүнээс үзвэл еврозоны түгшүүр үндэсгүй хэтрүүлсэн айдас байсан бололтой” хэмээн “DBS” банк мэдэгдсэн байна.

Сингапур саятнуудын хувь хэмжээгээрээ дэлхийд хамгийн өндөрт тооцогддог бөгөөд Азийн орнуудаас хамгийн түрүүнд хоёрдугаар улирлынхаа ДНБ-ийг зарласан байна. Энэхүү жижиг арлын орныг дэлхийн эдийн засгийн эрэлтийн барометр ч гэж заримдаа нэрлэдэг. Учир нь тус улсын аж үйлдвэр болон санхүүгийн үйлчилгээний салбар нь Азидаа хамгийн их экспортод суурилсан эдийн засаг гэж тооцогддог юм. Жилийн өмнөхтэй харьцуулбал хоёрдугаар улиралд тус улсын аж үйлдвэрийн салбар 45.5 хувь өссөн байна. “Биомедикийн салбарын үйлдвэрлэл, цахилгаан барааны салбарын тэлэлттэй холбоотойгоор аж үйлдвэрийн салбар өссөн байна” гэж яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Харин барилгын салбар 13.5 хувь өссөн бол үйлчилгээний салбар 11.4 хувь өсчээ. Энэ жил тус улсад “Las Vegas Sands” болон Малайзийн “Genting” казино байгуулагдсан нь тус улсад өмнө байгаагүй олон жуулчин татсан байна. Түүнчлэн жуулчид болон орон нутгийн иргэд худалдан авах нь улам бүр нэмэгдэж байгаа гэнэ. Карт эзэмшигчид нь энэ оны зургаадугаар сард өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 23 хувиар илүү их худалдаа хийсэн байна гэж “Mastercard” мэдэгдээд байна.

Т.Бадрах

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж